Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

    Дугаар 181/ШШ2016/00022              

             Улаанбаатар хот  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Тусгаар тогтнолын ордон, 3-р давхар, 310 тоот хаягт оршин байгаа “Та глобал финанс” ХХК /убд:9011521078, рд:5915961/-ийн нэхэмжлэлтэй,

 

Т.Амгалан, Б.Адилпүрэв нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Та глобал финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Та глобал финанс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанитай Т.Амгалан, Б.Адилпүрэв нар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 17/ЗГ тоот зээлийн гэрээ байгуулан Т.Амгалангийн нэр дээрх Тоёота Рактис маркийн 14-72 УБЭ улсын дугаартай автомашиныг унахаар барьцаалан фидуцийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг сарын 7%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлээд ор сураггүй алга болсон. Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу төлөх ёстой 3, 4 сарын зээлийн хүү төлөгдөөгүй байгаа бөгөөд зээлдэгч нартай холбогдох утасны дугаарууд нь манай компанийн утасны дугааруудыг блоклосон, өөр утасны дугаараас залгахад утасаа авахгүй, холбогдох боломжгүй байна. Мөн зээлдэгч нарын иргэний үнэмлэхний хаягаар очсон боловч оршин суухаа больсон, түр түрээсэлж байсан гэдгийг мэдсэн. Иймд Т.Амгалан, Б.Адилпүрэв нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Та глобал финанс” ХХК нь Т.Амгалан, Б.Адилпүрэв нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Т.Амгалан, Б.Адилпүрэв нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь тэдгээрийн нэхэмжлэгч компанитай байгуулсан зээлийн гэрээ, түүний хавсралт, фидуцийн гэрээ, холбогдох Засаг даргын тодорхойлолт, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Та глобал финанс” ХХК-ийн нэхэмжлэлээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Төмөрбаатарын Амгалан /рд:ЦЗ76052161/, Чоён овогт Бүлтэнгийн Адилпүрэв /рд:ЧЗ77072810/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Т.Амгалан, Б.Адилпүрэв нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

  1. Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулах үед Т.Амгалан нь Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Эрдэнэ толгой 29 гудамж, 721 тоот хаягт, Б.Адилпүрэв нь Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Сэлбэ гудамж, 7-164 тоот хаягт оршин сууж байсан болох, мөн Т.Амгалангийн эзэмшиж байсан гар утасны дугаар 88816115, Б.Адилпүрэвийн эзэмшиж байсан гар утасны дугаар 99066340 болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                                                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР