Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2019/00014

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2019/00014

 

 

ЦХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЦХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох,

Гэм хорын хохирол 94,461,700 /ерэн дөрвөн сая дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулахаар 2009 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн манай хүсэлтийг үл ойшоон аймгийн Засаг дарга Л.нь 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот захирамжаар дээрхи захирамжийг хүчингүй болгож, мөн өдрийн 108 тоот захирамжаар өмнө нь огт газар эзэмшиж байгаагүй иргэн Ц.Гд 250 м.кв газрыг, Хот тохижилт ХХК-нд 3621 м.кв газрыг тус тус Газрын тухай хуулийн 4.1.3 болон 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэсэн заалтуудыг зөрчин хууль бусаар эзэмшүүлсний улмаас Хот тохижилт ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд манай компанийн манааны шовгорт 3 манаачаа ээлжлэн хонуулах замаар 2009 оны 4 сараас 2012 оны 12 сарыг дуустал 44 сар манай компанитай гэрээгээр ажиллаж байсан түрээслэгчдээс орлого хураан авч байсны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй юм.

.... УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор хууль бусаар гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгож, манай компанид үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг Засаг даргад өөрт нь даалгасан боловч уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй, эсрэгээр нь Ц.Ггаас иргэн Ч.Тт 250 м.кв газрыг эзэмшүүлэх, Хот Тохижилт ХХК-нд хууль бусаар эзэмшүүлсэн 3621 м.кв газраа дуудлага худалдаанд оруулах, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 тоот захирамжийг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гаргаж, улмаар дуудлага худалдаанд оруулж ялагчийг тодруулсан нь төрийн албан хаагчийн илт буруутай үйлдэл байсныг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолын 1 дэх заалтад ... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.33 , 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 ,14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгуулах тухай 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 дүгээр захирамж, Газар эзэмших гэрчилгээ олгох тухай 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг, Ч.Тийн 02844476 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 000 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж өөрчилсүгэй гэж тогтоосон.

... Эрх баригчдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэнд 250 м.кв, Хот Тохижилт ХХК-нд 3621 м.кв эзэмшил газраа хууль бусаар алдсаны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй нь ажилчдын цалин нэмэх захирлын шийдвэр хэрэгжих боломжгүй болж тэтгэвэр багаар тогтоогдож хувь хүнийг хохироох, компанийн өөрчлөлт, шинэчлэлтийг зогсоох, эзэмшил газраас ашиг орлого олох, түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн, гарах ёсгүй шүүхийн зардлууд гарч, бизнесийн нэр хүнд, эдийн засгийн хувьд үлэмж хохироод зогсохгүй эзэмшил газрыг булаан авахын тулд урьдчилан зохион байгуулалттайгаар албан бичгийг хуурамчаар үйлдэх, устгах явцдаа захирал миний бие устгасан захирамжийн нөгөө эх хувийг манай компанид байсныг төрийн албан бичиг, тамга хуурамчаар үйлдэн өөртөө газрын захирамж гаргасан гэх эрүүгийн хэрэгт хилсээр тохохоор улайран шалгуулж сэтгэл санааны хохирол учруулсан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байгаа тул сэтгэл санааны хохирол ч нэхэмжлэх эрхтэй, гарах ёсгүйгээр гаргасан зардлуудаа ч нэхэмжилж байна.

Иймд: 1.Манай компани өмнө олж байсан орлогоо 44 сараар тооцсон 87,098,000 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү.

2.Нийт 3871 м.кв газрыг 3асаг даргын хууль бус шийдвэрийн улмаас эзэмшиж чадаагүйгээс, мөн төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас үндэслэлгүйгээр 10 жилийн турш хууль, шүүхийн байгууллагаар явахад гарах ёсгүй их хэмжээний зардлууд гарснаас зөвхөн баримтаар нотлогдох өмгөөлөгчийн зардал 6,400,000 төгрөг, нотариатын зардал 396,100 төгрөг, унааны зардал 96,000 төгрөг, иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлсөн 1,314,148 төгрөг, давж заалдах шатны шүүхэд төлсөн 799,000 төгрөг, хяналтын шатны шүүхэд төлсөн 799,000 төгрөг буюу улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3,404,248 төгрөгийг буюу 10,296,348 төгрөгийг Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжууд хасагдаж байна. Мөн нотлох баримтын хэмжээгээр нэхэмжлэлийн мөнгөн дүн хасагдаж байгаа тул түрээсийн орлого 1,978,500 төгрөгийг 44 сараар 87,054,000 төгрөг, өмгөөллийн зардал 6,400,000 төгрөг, унааны зардал 869,600 төгрөг, нотариатын зардлууд 148,100 төгрөг буюу нийт 94,461,700 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Э тайлбартаа: ЦХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.44 сараар тооцон олж байсан орлого 87,098,000 төгрөгийг хэрхэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь тодорхойгүй,

2.Зардал 10,296,348 төгрөгийг хэрхэн тооцсон, ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэж, мөн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлагын хугацаа тодорхойгүй. 44 сар гэх боловч ямар хугацааг хамарч байгаа нь ойлгомжгүй байна.

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан. Уг асуудлаар ЦХХК аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим буюу хяналтын шатны шүүх тус тус шийдвэрлэсэн. Энэхүү хэргийн явцад Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад ЦХХК нэг ч түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй байсан болно.

3.Олон жилийн шүүхийн маргааны явцад гарсан зардлыг нэхэмжилжээ. Энэ хугацаанд гуравдагч этгээд буюу захын түрээслэгч нартай 2013 оноос хойш маргааныг үүсгэж явсан хэргийн гарсан зардлыг манайхаас нэхэмжилсэн, нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдээгүй хэргийн өмгөөллийн зардал /тухайлбал өмгөөлөгч Л.Батжавын гэрээ 2.400.000/ нэхэмжилсэн байдал нь аймгийн Засаг даргаас нэхэмжлэх зардал биш болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас гэм хорын хохиролд 59.730.000 /тавин есөн сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.731.700 /гучин дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Засаг даргаас 456.600 /дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө өөрчлөөгүй байхад дураараа тайлбарлан өөрчилж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал түрээсийн орлого нэхэмжилсэн. Гэтэл шүүх үзэхдээ газар эзэмших эрхээ хуульд заасан хэлбэрээр төлбөртэйгөөр шилжүүлснээс олсон орлого байна гэж дүгнэжээ. Хэдийгээр ЦХХК нь газар эзэмших эрх үүсч, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар ашиглах эрх авсан боловч эрхийг бусдад шилжүүлж ашиг олох эрхгүй юм. Өөрөөр хэлбэл газрыг зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх эрхтэй ба харин олгогдсон эрхийг бусдад өөрийн дураар шилжүүлэх эрхгүй.

... Нөгөө талаас ЦХХК эзэмшлийн газартаа бүхэлд нь барилга байгууламж барьж худалдаа үйлчилгээ эрхлэх, ажлын байр бий болгоогүй, 20 гаруй модон павилоныг эс тооцвол дийлэнх газарт худалдаа үйлчилгээ эрхлэгч нар өөрсдийн хөрөнгөөр ЦХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга байшин барьж, контейнер байрлуулан үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс ЦХХК нь худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт эзэмшлийн газраа ашиглуулах замаар түрээсэлж байгаа ба эрхийг шилжүүлээгүй юм.

... Шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ төлбөртэйгөөр ашиглуулж байсан гэх нөхцөл байдлыг иргэдтэй байгуулсан гэрээгээр нотлогдож байна гэж үзэж 42 иргэнээс нийт 1,357,500 төгрөг гэж тооцоод 44 сараар бодож 59,730,000 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч ЦХХК-нд олгож шийдвэрлэсэн. Эрхийг төлбөртэйгөөр ашиглуулах боломжгүй бөгөөд газрыг төлбөртэйгөөр ашиглах боломж эзэмшигчид байгаа. Эрхийг хариу төлбөртэйгөөр бусдад шилжүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх шилжүүлэх шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан байх ёстой.

Түрээслэгч нарын тоог 42 иргэнээр тогтоож шүүх хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн түрээслэгч нарын нэрс давхацсан, газрын зааг ялгаа гаргасан гэсэн ч давхцсан байсан. 2009 оны 5 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хичнээн түрээслэгч тогтвортой үйлчилгээ эрхэлж ирсэн талаар жил бүрийн нэгдсэн бүртгэлгүй, хэдэн түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан талаар тодорхой тоо нэхэмжлэгч талд байхгүй байсан ба тойм тоогоор тайлбар өгч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлт тусгагдсан байгаа. Тухайн маргаж байгаа хугацаанд Цагаан-Уул зах дээр худалдаа эрхлэгч иргэдийг ЦХХК-аас илүү аймгийн Татварын алба тодорхойлох ёстой. Учир нь тухайн үйлчилгээ эрхлэгчид бүгд татвар төлөгчид бөгөөд татвар төлөгчдийн бүртгэл хэргийн баримтанд байхгүй байгаа. Түүнчлэн энэ 42 иргэн маргаж буй 3 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан талаарх баримт мөн хэргийн баримтанд байхгүй байхад шүүх хүчин төгөлдөр бус гэрээ, түүнийг үндэслэн хураамж авч байсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн тогтоож байгаа нь үндэслэлгүй болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хуульд заасан хэлбэрээр төлбөртэйгөөр шилжүүлснээс олсон орлогыг татварын тайлангийн үйл ажиллагааны борлуулалтын орлогод тусгасан байх үндэслэлтэй байна гэжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдох орлогыг зааж өгсөн ба үүнд 8.1.1.үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого,  8.1.2.эрх борлуулсны орлого гээд хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого хамаарахаар заасан. Газар эзэмших эрхийг бусдад төлбөртэйгөөр шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн эрх шилжүүлэх зохицуулалт үйлчилж, эрх бүхий этгээд буюу Засаг даргын шийдвэр гарч, эрх олж авч байгаа этгээдийн эрхийг баталгаажуулж өгнө. Энэ харилцаанаас үүссэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгахдаа эрх борлуулсны буюу үйл ажиллагааны орлогод тусгах ёстой. Нөгөө талаас ЦХХК-ийн үндсэн чиг үүрэг нь худалдаа үйлчилгээ эрхлэх болохоос эрх шилжүүлэх чиг үүрэг байхгүй.

... Иймд хүчин төгөлдөр бус нотлох баримтад үндэслэж, хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ЦХХК давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Мөрөн сумын Засаг даргын 1997 оны хүнсний зах ажиллуулах 73 тоот захирамжийн дагуу Цагаан-Уул захын барилга байгууламжийн зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэх, худалдаа эрхлэгчдэд боломж олгох үүднээс контейнер болон ажлын түр объект байршуулах зорилгоор Зам анги-аар асфальтан зам тавиулж газрынхаа ашигтай чанарыг гарган эзэмшил газраа бусдад ашиглуулж худалдааны талбай түрээслүүлж хүнсний захын үйлчилгээ үзүүлж ирсэн.

Хуулийн дагуу бусдад газраа ашиглуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл л авахаар хуульд зохицуулсан байдаг. Энэ нь Мөрөн сумын Засаг даргын Эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай 2008 оны 163 тоот захирамжаар нотлогдоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн Засаг даргын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 97,394,348 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 94,461,700 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Цхязгаарлагдмал хариуцлагатай компанид Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар захирамжаар хүчингүй болгож, мөн өдрийн 108 тоот захирамжаар уг газраас Ц.Гд 250 м.кв газрыг, 3621 м.кв газрыг Хот Тохижилт хязгаарлагдмал хариуцлагатай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107, 108 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ЦХХК-д 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасан байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн тогтоолд заасан 3641 м.кв газрыг дуудлага худалдаагаар, мөн өдрийн А/409 дүгээр захирамжаар 230 м.кв газрыг иргэн Ч.Тт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолд тодорхой тусгажээ.

Иймд нэхэмжлэгч нь захиргааны байгууллага хуульд нийцүүлэн шийдвэр гаргаагүй алдаатай ажиллагааны улмаас 2009 оны 4 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Цхязгаарлагдмал хариуцлагатай компанид Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаар захирамжаар эзэмшлийн газраа бусдад ашиглуулах зөвшөөрөл олгосон байх ба нэхэмжлэгч хүнсний зах, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, нэр бүхий хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний төлбөр авч байснаа нотлох баримтыг шүүхэд гаргасан байна. Харин хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг өөрөө тодорхойлсныг үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 229, 498 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшлийн газраа бусдад ашиглуулах зөвшөөрөл олгосон байх ба нэхэмжлэгч бусадтай тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний төлбөр тогтоож, өгч, авч байснаа нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчид учруулсан хохирол аймгийн Засаг даргын буруугаас болоогүй гэдгээ хариуцагч нотлоогүй байна.

4.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэхдээ хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын Иргэний хуулийн гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ