Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 147

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Б.О,

Иргэний нэхэмжлэгч Ш.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Э.Зд холбогдох эрүүгийн 1918001010117 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Э.З /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХАС” банкны зүүн талын зам дээр Портер маркийн ..-.. ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Оыг мөргөж эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, баруун сарвуу, алга, зүүн тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Згийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой архигүй амьдрал гэж нийгэмлэгийн цуглаанаас 20:00 цагийн үед тараад, салхит багийн нийгэмлэгийн ахмад гишүүдийг Морин хуур цогцолбор үзүүлэхээр хамт гарцгаасан. Арбатын гудамжнаас уруудаад шүүхийн урдуур явж байхад урд Киа К-5 маркийн машин зам голлоод, яваад байсан би гэрлээрээ дохиод гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад зам хөндлөн гарч байсан Б.Оыг мөргөсөн. Тухайн үед харагдах орчин муу, шороогоор шуурч байсан. Би хохирогчийг мөргөсөндөө буруутай, хариуцлагаа хүлээнэ. Хохирол учруулсандаа уучлал гуйж байна. Хохирол төлбөрт өмнө нь 1.552.000 төгрөг, нэмээд 500.000 төгрөг, нийт 2.052.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оын өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18:20 цагт Авто тээврийн үндэсний төв дээр хуралд суучхаад 20:30 цагийн үед гэртээ харихаар гарч яваад машинд мөргүүлсэн. Шинэ Дархан талаас би ирж байсан Хуучин дархан талаас явж байсан машин миний баруун гар талаас ирж мөргөсөн. Би “Хас” банкны урд буудал дээр таксинаас буугаад гарцаар гарч яваад, зам дээр мөргүүлсэн. 1 дүгээр эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөөд, гараараа зам хөндлөн гар гэж дохисон. Харин 2 дугаар эгнээгээр энэ хүн нэлээн хурдтай орж ирээд, намайг мөргөсөн. Эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтсэн төлбөр, бусад зардлууд болон өмсөж явсан хувцас, гар утас, 6 шил архины үнэ зэрэг нийт 4.632.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлд шүүгдэгчийн төлсөн 2.052.000 төгрөг ороогүй гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ш.Нийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр осолд ороод 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын цалингүй чөлөө авч, би нөхрөө асарсан. Манай нөхөр өөрөө босож бие засаж чадахгүй байгаа. Хэрэв 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай нөхрийг таяг тулаад явж болно гэвэл би ажилдаа эргэж орно үгүй гэвэл би цаашид дахин чөлөө авч нөхрөө асарна. Би ажлаа хийж чадаагүй 3 сарын цалин болох 1.200.000 төгрөгийн шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Одоо хүртэл би нөхрөө асарч байгаа, манай нөхөр хөдөлмөрийн чадвараа алдсан учир би түүнийг асран хамгаалах болсон. Манай нөхөр энэ хүний гаргасан ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Хэрэв осол гараагүй байсан бол бид тус тусын ажлаа хийгээд явж байх байсан.  Би сардаа Хас банканд 203.000 төгрөгийг төлдөг ба 3 сарын төлбөр 609.000 төгрөгийг төлөх байсан боловч энэ ослын улмаас би төлж чадаагүй учир шүүгдэгч Э.Згаас нэхэмжилж байгаа  гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 2-12/,

Жолооч Э.З нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэх тэмдэглэл /хх-ийн 13/,

Б.О нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 1347 дугаартай өвчний түүх /хх-ийн 57-78/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай “Б.Оын биед баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, баруун сарвуу, алга, зүүн тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 13 дугаартай “Жолооч Э.З нь ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д ” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. Явган зорчигч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “ХАС” банкны харалдаа зам дээр явган зорчигч Б.О нь зам хөндлөн гарч яваад ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж биед нь гэмтэл учирсан үйлдэл нь Хариулт-1 дээр жолооч Э.З нь Замын Хөдөлгөөний дүрмийн 16 дугаар 16.1 дэх заалт зөрчсөн нь зам тээврийн осол мөн болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Э.Згийн жолоодож явсан Хьюнпай портер маркийн ..-.. ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-94/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Згийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХАС” банкны зүүн талын зам дээр Портер маркийн ..-.. ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Оыг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь явган зорчигч Б.Оын биед учирсан баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, баруун сарвуу, алга, зүүн тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохиролтой шууд шалтгаантай холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Э.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оын биед учирсан баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, баруун сарвуу, алга, зүүн тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.552.000 төгрөгийн төлсөн болох нь нь хэрэгт авагдсан шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлбөрт зарцуулсан баримт /хх-ийн 48-55/, шүүгдэгч хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 Хохирогч нь дээрх хохирол төлбөрөөс гадна эмчилгээ, шинжилгээ, сувилгааны зардал, тээврийн зардал, хохирогчийн Төрийн банк дахь зээлийн 3 сарын эргэн төлөлт, иргэний нэхэмжлэгч Ш.Нийн Хас банк дахь зээлийн 3 сарын эргэн төлөлт, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцас болон барьж явсан 6 ширхэг архины үнэ, хэрэг болох үед эвдэрсэн гар утасны зөрүү зэрэгт нийт 5.132.841 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шүүх хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тооцож үзэхэд үнийн дүн нь 5.137.841 төгрөг болж байх тул хохирогчийг тооцооллын алдаа гаргасан гэж үзэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд буюу 5.137.841 төгрөгийн хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлээ.  

Харин иргэний нэхэмжлэгч нь хохирогчийг асарч сувилах шаардлагаар ажлаасаа цалингүй чөлөө авсан тул ажилгүй байсан хугацааны цалин болох 1.200.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хх-ийн 39 дүгээр талд авагдсан компьютер томографийн төлбөр 135.000 төгрөг, хэвлийн эхоны төлбөр 25.000 төгрөг, эм худалдан авсан төлбөрүүд болох 2.572 төгрөг, 1.600 төгрөг, 3.590 төгрөг, 5.150 төгрөг, 3.460 төгрөг, шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримт болох эмчилгээний төлбөр 520.000 төгрөг, үзлэг оношлогооны төлбөр 105.000 төгрөг, шинжилгээний төлбөр 53.000 төгрөг, эм худалдан авсан төлбөр 10.300 төгрөг, тэргэнцэр, таяг, хөтөвч авсан зардал 255.000 төгрөг, нийт 1.119.672 төгрөг, шатахууны зардал болох 20.000 төгрөг, 8.600 төгрөг, 10.000 төгрөг, 10.000 төгрөг, нийт 48.600 төгрөг, бүгд 1.168.272 төгрөгийн баримтууд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хамаарч байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

/1.119.672+48.600=1.168.272/

Шүүгдэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.От 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байх тул дээрх зардлаас хасаж тооцон шүүгдэгчээс 668.272 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин Мобикомын ярианы төлбөр төлсөн 25.000 төгрөг нь хэний ямар дугаарын ярианы төлбөрийг төлсөн нь тодорхойгүй, эмнэлгийн хоол цай зөөсөн таксины зардал 42.000 төгрөг, 30.000 төгрөг нь нотлох баримтгүй, хохирогчийн Төрийн банкан дахь зээлийн эргэн төлөлт 1.089.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Нийн Хас банкан дахь зээлийн эргэн төлөлт 609.000 төгрөгийн нэхэмжлэл нь ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлтэй давхацсан, өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн шууд хохиролд хамаарахгүй, гар утасны үнийн зөрүү 410.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч ижил төрлийн гар утас авч өгсөн тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

/25.000+42.000+30.000+1.089.000+609.000+500.000+410.000=2.705.000/

Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 567.569 төгрөг, осол болох үед өмсөж явсан хувцас, барьж явсан архины үнэ 697.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн шууд хохиролд хамаарах боловч гаргаж өгсөн нотлох баримтууд болох нийгмийн даатгалын дэвтэр болон цалингийн тодорхойлолт дээрх цалингийн хэмжээнүүд зөрүүтэй, хувцас болон архины үнэлгээг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгээгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

/567.569+697.000=1.264.569/

Иргэний нэхэмжлэгч Ш.Нийн ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс 668.272 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Б.От 670.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Э.Згаас хохирогч Б.От 670.000 төгрөг өгсөн тухай мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь түүнд учирсан гэмтэл болон хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.З нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь зам тээврийн ослын дараа эмнэлгийн түргэн тусламж дуудаж хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Шүүгдэгч нь гэм хорыг сайн дураараа төлсөн байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Э.Згийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.З нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба түүний орлого олох боломжийг харгалзаж оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 60.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн .......... дугаартай жолоочийн үнэмлэх, ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн .......... дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 60.000 /жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Б.Оын 2.705.000 /хоёр сая долоон зуун таван мянга/ төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Ш.Нийн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн 1.264.569 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, осол болох үед өмсөж явсан хувцас, барьж явсан архины үнэ 1.264.569 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн .............. дугаартай жолоочийн үнэмлэх, ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн ................. дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

9. Шүүгдэгчийн эзэмшлийн ..-.. ДАА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР