Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/00291/и |
Дугаар | 126 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 126
П.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00291/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 591 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б овогт П-ийн Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б овогт Ч-ын Э-т холбогдох
“Гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг
Хариуцагч Ч.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч П.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие өөрийн Соната-5 маркийн ******* ДАХ улсын дугаартай хар өнгийн 2001 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашинаа худалдах зарыг “ЛХА” телевизэд өгсөн. Ч.******* зарын дагуу машиныг үзэж 2.000.000 төгрөгөөр худалдахаар зөвшөөрсөн. Ч.******* нь 500.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1.500.000 төгрөгийг өөрийнхөө ******* ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаа Э.*******д 3.000.000 төгрөгөөр зарсан, 1.500.000 төгрөгийг түүнээс авах ёстой, гурвуулаа нотариат дээр очиж гэрээ хийе гэсэн. Нотариат дээр очоод Ч.******* нь Э.*******д 1.500.000 төгрөг зээлүүлсэн гээд гэрээ хийчих, гэрээ хийсэн нь найдвартай гэхээр нь түүнд итгээд зээлийн гэрээ хийсэн. Э.******* зээлийн гэрээг 2 сараар хийчих, 2 сарын дараа өгье гэсэн. Заасан хугацаа дуусч Ч.******* руу ярихад Э.******* чамтай гэрээ хийсэн болохоор Э.******* чамд мөнгө өгнө гэхээр нь Э.******* рүү ярихад надад мөнгө олдохгүй байна гээд худлаа яриад байсан. Би машинаа гэрээ хийснээс хойш Ч.*******ын нэр дээр шилжүүлсэн. Ч.******* нь миний машиныг авчихаад Э.*******тэй хүүтэй мөнгө зээлсэн гэсэн хуурамч гэрээ хийлгэн, өөрөө төлбөр төлөхөөс зайлсхийж намайг элдвээр хэл амаар доромжилж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. Иймд Ч.*******аас машины үнийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч П.Д- нь өөрийн эзэмшлийн хар өнгийн Соната-5 маркийн ******* ДАХ улсын дугаартай автомашиныг зарах гэж зар өгөхөд Ч.******* авах санал тавьсан байдаг. Анх 2.500.000 төгрөгөөр зарна гэхэд Ч.******* нь 2.000.000 төгрөгөөр авна гээд 2.000.000 төгрөгөөр зарах болсон. Тухайн үед Ч.******* 500.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Ингээд үлдэгдэл мөнгөө шаардахад Ч.******* нь би өөрийн эзэмшлийн ******* ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн машиныг 3.000.000 төгрөгөөр Э.*******д зарсан 1.500.000 төгрөгийг аваагүй байгаа. Чи тэр мөнгийг нь авчих гэсэн санал тавьсан байдаг. Энэ талаар П.Д-, Э.******* нарын дунд зээлийн гэрээ байгуулагдсан. Ч.******* зээлийн гэрээ хийвэл дараа амар та 2 зээлийн гэрээ байгуулчих гэсэн байдаг. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2 сар өнгөрөхөд Э.******* мөнгөө төлөхгүй байсан учраас Э.*******эс мөнгөө нэхэхэд өгөхөөс татгалзсан байдаг. Уг нь Ч.*******ын зарсан машин нь газаар явдаг машиныг бензин болгож засварласан учраас би үлдэгдэл мөнгийг нь төлөхгүй гэсэн хариу өгсөн. Буцаад Ч.*******аас мөнгөө нэхэхэд гэрээ хийсэн Э.*******эс ав гээд байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо ******* ДАХ дугаартай машины үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг Ч.*******аас нэхэмжилж байна. Дээрх П.Д- болон Э.******* нарын дунд хийсэн зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Тухайн гэрээг хийгээд П.Д- нь Э.*******д мөнгө зээлдүүлээгүй. Э.******* ч мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие анх ******* ДАХ дугаартай Соната-5 маркийн автомашиныг авахаар санал тавьж байсан нь үнэн. Сүүлд нь яг авах бэлэн мөнгөгүй болохоор болиод байж байхад би Солонгос явах гэж байгаа юм гээд гуйгаад байхаар нь үнэнээ хэлээд 500.000 төгрөг өгсөн. Тэгээд миний ******* ДАХ дугаартай машиныг авсан хүн тал мөнгийг мах зараад өгье гэсэн тул та нар тохирох юм бол машиныг нэр дээр шилжүүлж өгье гэхэд тэд хоорондоо уулзан нотариатаар орж баталгаажуулсан. Миний П.Д-д өгөх мөнгийг Э.******* төлөхөөр болж, харин миний авах мөнгийг надаас хамааралгүйгээр өөрөө авна гэж тохирсон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ДАХ дугаартай машиныг П.Д-аас худалдаж авсан нь үнэн. Харин Ч.******* нь өөрийнхөө ******* ДАХ дугаартай машиныг Э.*******д зарсан байдаг. Машины үнэ дээр маргалдахгүй байгаа. Хамгийн гол нь Ч.******* өөрийнхөө машиныг Э.*******д зарсан байдаг. Түүнийх нь 1.500.000 төгрөгийг Э.******* өгөөгүй учраас П.Д-ын авах ёстой 1.500.000 төгрөгийг Э.*******эс авах талаар санал болгож гурвуулаа сууж байгаад тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Ч.******* нь өөрийн эзэмшлийн машинаа Э.Болор-Эрдэнийн нэр дээр шилжүүлчихсэн. Тэгэхээр Ч.*******ын машиныг нэгэнт өөрийн нэр дээр шилжүүлж авсан учраас үлдэгдэл 1.500.000 төгрөг өгөх ёстой. Үүнийг П.Д-т өгөхөөр болж баталгаажуулан гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээ боловч угтаа бол зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм. Тийм болохоор уг гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй байна. 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ мөнгө Э.*******эс гарах ёстой мөнгө гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 591 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.*******аас 1.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.******* давж заалдсан гомдолдоо:
Иргэн Ч.******* нь П.Д-аас 52-96 ДАХ улсын дугаартай авто машиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч үүнээс 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба энэ үед Ч.******* нь өөрийн өмчлөлийн Сонота-5 маркийн авто машиныг 3.000.000 төгрөгөөр иргэн Э.*******д зарсан бөгөөд 1.500.000 төгрөгөө дутуу авсан байсан юм. Энэ үед Ч.*******, П.Д-, Э.******* нар уулзаж ярилцан Ч.******* нь 1.500.000 төгрөг, Э.*******эс авах ёстой мөн П.Д-д 1.500.000 төгрөг өгөх ёстой тул энэ асуудлыг харилцан тохирч П.Д-д шилжүүлэхээр амаар тохирч бичгээр баталгаажуулж гэрээ хийхээр болж тухайн үед хууль эрх зүйн мэдлэг дутсаны улмаас өр шилжүүлэх гэрээ хийх ёстой байсан боловч зээлийн гэрээ хийсэн байдаг юм. П.Д-, Э.Болор- Эрдэнэ нар нь хоёр биенээ танихгүй, машин худалдан авсаны зөрүү мөнгө өгч авалцах талаар харилцан ярилцан тохиролцож, үүнийгээ өөрсдийн сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ нэрээр дараа нь гэрээнд заагдсан хугацаанд мөнгөө өгөхөөр тохирч гарын үсгээ зурж баталгаажуулсан мөртлөө одоо дээрх 1.500.000 төгрөгийг төлөхгүй гэж надаар гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй юмаа ухаан санаа эрүүл ямарч хүн ойлгохоор зээлийн гэрээн дээр 2 хүн гарын үсэг зуруулж хүчээр албадан гэрээ хийгээгүй бөгөөд зээлийн гэрээ нэртэй боловч тодорхой хугацааны дараа 1.500.000 төгрөг төлөх хугацаагаа тохирч төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч дээрх гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Хэрэв гол нөхцөлөө тохироогүй бол 2 биенээ танихгүй хүн хоорондоо зээлийн гэрээ хийж ямарч хүү, алданги тооцохгүйгээр тохирсон нь төлбөрийг харилцан зөвшөөрсөн гэх үндэстэй юм. Иймд 1.500.000 төгрөгийг Э.*******эс гаргуулж П.Д-д өгүүлэх нь үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байна. Мөн хүүгүй, алдангагүй гэрээ хийгдсэн байх тул 1.500.000 төгрөгийг Э.******* нь төлөх үндэслэлтэй юм. Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч Ч.*******т холбогдуулан “худалдсан машины үнийн үлдэгдэл 1.500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид Соната-5 маркийн ******* ДАХ улсын дугаартай суудлын автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 500.000 төгрөгийг хариуцагч Ч.******* нэхэмжлэгч П.Д-д төлж, нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг машиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч тухайн автомашиныг хүлээн авсанд тооцно.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.
Худалдан авагч буюу хариуцагч Ч.******* нь худалдагч буюу нэхэмжлэгч П.Д-т хэлэлцэн тохирсон ёсоор машины үнэ 2.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг төлж, 1.500.000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн болно.
Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлага машины үнэ 1.500.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ иргэн Э.*******д өөрийн эзэмшлийн ******* ДАХ улсын дугаартай ******* ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн суудлын автомашиныг зарсан үнийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг аваагүй байгаа бөгөөд энэ мөнгийг Э.*******эс П.Д-т шууд шилжүүлэхээр тохирч, баталгаа болгож, зээлийн гэрээ хийсэн тул Э.******* П.Д-т 1.500.000 төгрөгийг өгөх ёстой гэж тайлбарладаг.
Гэвч нэхэмжлэгч П.Д- Э.*******д холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй, дурьдагдсан зээлийн гэрээний дагуу талуудын хооронд үүрэг үүсч 1.500.000 төгрөгийг П.Д-аас Э.******* шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдсон тул Э.*******эс 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 591 шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.600 төгрөгийг Төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Анхан шатны шүүх Э.Болор-Эрдэнийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргаагүй байхад, гуравдагч этгээдээр татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй атлаа анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүнд эрх, үүрэг тайлбарласан, хэргийн материалтай танилцуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Ч.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
С.ОЮУНЦЭЦЭГ