Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 26

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
    Нэхэмжлэгч: В.Галсанжигмэдийн нэхэмжлэлтэй,
    Хариуцагч: Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох 
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Галсанжигмэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч Г.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Галсанжигмэд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Миний бие 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс одоог 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст тасралтгүй 26 жил хэмжүүрийн улсын шалгагчийн ажил хийж ирсэн.
Намайг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын цагаар архи уусан гэсэн шалтгаанаар өвчтэй байх үед ажлаас халсан тушаал гаргасан. Миний бие ажлын байрандаа архи уугаагүй, мөн намайг өвчтэй, эмчийн акттай байхад ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын байран дээрээ байгаагүй. Өглөө ажил дээрээ очих гэж байхад Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байгаа гээд манай 2 найз ирсэн. Нөгөө 2 найзыгаа гаргаж өгөх гээд жаахан архи уусан байсан. Тэгээд өдөр 13 цаг жаахан өнгөрч байхад ажил дээр очоод нягтлан Бямбасүрэнтэй муудалцсан. Ажил дээр согтуу очсон нь үнэн. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүлжүүлэхээс гарахдаа 10.000 төгрөгийн торгуулиа төлөөд гарсан. Тэгээд би ажил дээрээ очоод буруу юм хийсэн гэдгээ ойлгосон. Миний толгой Бямбасүрэнд цохиулснаас болж өвдөөд 2016 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр эм уугаад өвчин нь намдахгүй байсан учраас 25, 26-ны өдрүүдэд хүнээр толгойгоо бариулсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай бичиг хэрэг Булган-Эрдэнэ намайг та шинэ жилд орох уу гэж асуухаар нь  ах нь шинэ жилд орохгүй, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Надад сонсгох ажиллагаа явуулсан гэж байна. Дарга намайг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өрөөндөө дуудсан. Би даргын өрөөнд орохдоо инээж хөхрөөгүй. Би өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг ойлгож ямар нэгэн арга хэмжээ авахуулна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ би ажлаас халагдана гэж бодоогүй. 
Иймд Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: В.Галсанжигмэдийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлж Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаал гарсан. В.Галсанжигмэд тухайн өдөр өвчтэй эмчийн магадлагаатай байсан. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын нягтлан Бямбасүрэнтэй болсон асуудлаас болж толгой руугаа цохиулсан. В.Галсанжигмэдийг эмчийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус шийдвэр гарлаа гэсэн гомдолтой байгаа. В.Галсанжигмэдийг тухайн өдөр эмчийн магадлагаатай байсныг нотлох баримт нь Цэрэндулам эмчид үзүүлсэн баримт, эмчийн магадлагаагаа байгууллагын бичиг хэргийн ажилтандаа өгсөн, дарга нь буцаагаад Галсанжигмэдийг дуудаад өгсөн байдлаас харахад В.Галсанжигмэдийг тухайн өдөр акттай байсан гэдэг нь нотлогддог. Гэрчүүд В.Галсанжигмэдийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Батбаатар даргатай уулзаж байсан талаар нотолдог. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан ажил хийгдээгүй амралтын өдөр байснаараа няцаагддаг. Амралтын өдөр байгууллагын удирдлага ажилтнаа дуудаж уулзаад байхгүй.  
В.Галсанжигмэдийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалт юм. Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол дээрх заалтыг хэрэглэнэ. Гэтэл В.Галсанжигмэдийг Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйл заалтыг яаж зөрчсөн, зөрчлийнхөө тухай тушаал дээрээ зааж өгөөгүй. Уг зөрчлийн шинж байдлыг нь харгалзан үзэж тушаал гаргах ёстой байсан байх. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь тодорхой бус, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн. Удаа дараа зөрчсөн гэсэн боловч удаа дараа нь нотлогдохгүй, эмнэлгийн магадлагаатай буюу өвчтэй байхад нь ажлаас нь халсан байдлаас харахад Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаал хууль бус эрх зүйн акт болсон байна. 
Үндсэн хуулийн 1.2 дахь заалтад хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, мөн Төрийн албаны тухай хуулийн 4.1дэх заалтад хуулийг дээдлэх нь үндсэн зарчим гэсэн гэж заасан байдаг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн гэж тушаал дээрээ дурдсан байдаг. Гэтэл тухайн 7 дугаар зүйлд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан ажлын байран дээрээ архидан согтуурсан бол гэсэн заалт байгаа. В.Галсанжигмэд нь ажлын байран дээрээ архи уугаагүй. Хариуцагч В.Галсанжигмэдийг байгууллага дээрээ архи уусан гэдгийг нотолж чадахгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг мөн тушаал дээрээ баримталсан байгаа. Дээрх тушаал нь агуулгынхаа хувьд болон хууль эрх зүйн алдаатай тушаал байна. Иймд В.Галсанжигмэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Стандарт хэмжил зүйн хэлтсийн эзэлхүүн багтаамжийн улсын шалгагч Вандандаш овогтой Галсанжигмэдийг хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/ 14 дүгээр тушаалаар ажлаас халсан болно. В. Галсанжигмэд нь 2016 оны 12 дугаар сарын 22-нд архи ууж, согтуугаар ажлын байрны хэвийн байдал алдагдуулан, ажилчидтай хэрүүл маргаан үүсгэж, бусдыг хэл амаар доромжлон, улмаар цагдаа дуудаж, эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан.
В.Галсанжигмэдийг 12 дугаар сарын 22-нд ажлын байран дээрээс цагдаа авч яваад, эрүүлжүүлэх байранд саатуулагдсанаас хойш байгууллагын даргатай уулзахгүй болохоор нь 12 дугаар сарын 26-нд бичиг хэргийн ажилтан Булган-Эрдэнээр дуудуулж уулзан сонсох ажиллагаа хийсэн ба архи ууж танхайрсан дотоод журам зөрчсөн тул арга хэмжээ авна. Ингээд 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгоно гэж мэдэгдсэн тул сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна. В. Галсанжигмэд миний бие ямар нэгэн төрийн албаны байранд архи уугаагүй, өвчтэй байхад ажлаас халсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Харин байгууллагын үйлдвэрчний эвлэлд архи ууж танхайрсан нь миний буруу авсан арга хэмжээнд гомдох юм байхгүй гэж өргөдөлд ирүүлсэн. В. Галсанжигмэд 12 дугаар сарын 22-ны өдөр  өвчтэй биш, харин ажил дээр танхайрч байсан,12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах шийдвэр тушаал гарсны дараа ажил дээр ирж би эмнэлэгт үзүүлээд акт аваад ирлээ гэж хэлж байсан.  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр архи уучхаад тэр чигээрээ согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод явсан бол илүү хүндрэлтэй үр дагаварт орох ч байсан юм билүү. Тухайн үед машинтай явж байсан учраас машин нь байгууллагын гадаа хоносон.
Сүүлийн 4 жилийн дотор ажил төрлийн холбоотойгоор 2-3 удаа халагдаж, буцаж ажилдаа орж байсан. Энэ бүхэндээ дүгнэлт хийдэггүй, удаа дараа иймэрхүү үйлдэл гаргаж, болдог юм байна гэж бодоод иймэрхүү хэвийн бус үйлдэл болсон. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр шат дараалсан арга хэмжээ авахгүйгээр ажлаас халсан. В.Галсанжигмэд өөрийнхөө ажиллаж байгаа ажлын байран дээр ийм үйлдэл хийж байгааг ноцтой зөрчил гэж үзсэн. Төрийн албанд дэг журам, сахилга хариуцлагаа өндөржүүлж ажиллахгүй бол болохгүй.
 В.Галсанжигмэд Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, нөгөө талаар байгууллагын дотоод журмын 5.2.14-ийн А. ажил албан үүргээ гүйцэтгэх хугацаанд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, Б. бусдыг гүтгэн доромжлох албан тушаалтны талаар бусдад буруугаар ойлгуулах оролдлого хийх 9.3. Е. Ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлэг, 7 дугаар зүйл 7.1.1 Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн.
Мөн байгууллагын дотоод журмыг зөрчиж, байгууллагын ажилчдад буруу үлгэр дуурайл үзүүлж, хортой үр дагавар үүсгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн В.Галсанжигмэдээс Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
    
Уг маргааны үйл баримтаас үзвэл: Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нь улсын шалгагч В.Галсанжигмэдийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын байранд, ажлын цагаар архи ууж байгууллагын удирдлага, ажилчдыг хэл амаар доромжлон, танхайрч байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн нь удаа дараалан үйлдэгдэж байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Улсын шалгагч В.Галсанжигмэдийг ажлаас халах тухай” Б/14 дүгээр захирамж гаргаснаар уг маргаан үүсжээ. /х.х-8/
Шүүх нэхэмжлэгч В.Галсанжигмэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үйл ажиллагааны тусгай зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй байна.
Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар В.Галсанжигмэдийг ажлаас халахдаа: Ажлын байранд, ажлын цагаар архи ууж байгууллагын удирдлага, ажилчдыг хэл амаар доромжлон, танхайрч байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн нь удаа дараалан үйлдэгдсэн гэх үндэслэлийг заажээ. Уг үндэслэлийг хянахад: 
1.  Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан .. шударга ёс,.. хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 захирах, захирагдах ёсыг төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан баримтлах зарчмыг нэхэмжлэгч В.Галсанжигмэд зөрчсөн байна.   
Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй байна.
Учир нь: Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 35/1019 дүгээр албан бичгээр “иргэн В.Галсанжигмэд нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын байрандаа архидан согтуурч, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргаж тус цагдаагийн газрын Саатуулах байрны бүртгэлийн 747 дугаарт бүртгэгдэн саатуулагдсан болно”, Саатуулагдсан хугацаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минут гэж,  Архангай аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн тэмдэглэлд “Вандандаш овогтой Галсанжигмэд регистрийн дугаар ШГ62091618, Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст улсын байцаагч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 39-09 тоотод оршин суугч, согтуу, ажил дээр бусадтай маргалдсан” гэжээ. /х.х-н 59-61, 179-191/ 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Галсанжигмэд нь мэдүүлэхдээ “... Улаанбаатар хотоос Завхан явж байгаа гээд манай 2 найз ирсэн. Нөгөө 2 найзыгаа гаргаж өгөх гээд жаахан архи уусан байсан. Тэгээд өдөр 13 цаг жаахан өнгөрч байхад ажил дээр очоод нягтлан Бямбасүрэнтэй муудалцсан. Ажил дээр согтуу очсон нь үнэн. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүлжүүлэхээс гарахдаа 10.000 төгрөгийн торгуулиа төлөөд гарсан. Би ажил дээрээ очоод буруу юм хийсэн гэдгээ ойлгосон.... гэх мэдүүлэг /х.х-н163/, 
Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлстийн үйлдвэрчний эвлэлийн хороонд В.Галсанжигмэдийн гаргасан өргөдөлд: ...Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр архи ууж согтуурч байгууллага дээр согтуу ирж байгууллагын дарга болон бусад хүмүүсийг согтуугаар янз бүрийн юм ярьж хэрүүл маргаан өдүүлсэн нь миний буруу байсан гэдгийг би ойлгож байна... гэх тайлбар /х.х-н 129/, 
Гэрч Н.Бямбасүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: ...В.Галсанжигмэд нь үдээс өмнө ажилдаа ирээгүй, үдээс хойш согтуу ирсэн. Согтуу ирэхээр нь дарга Г.Батбаатар ажилчдыг дуудаад В.Галсанжигмэдийн талаар хэлэлцэхээр даргын өрөөнд хурал хийхээр цугларсан. Тэгээд хурал хийхээр цугларсан боловч В.Галсанжигмэд хэтэрхий их согтуу байсан учраас хуралд оролцуулж чадаагүй бөгөөд хурал тарсан. В.Галсанжигмэд дарга руу та ажлаас халах тушаалаа гаргачих, би тушаалаа авъя, тойрох хуудсаа авъя, дараагийнхаа ажлаа бодъё гэж зэргээр дарга руу дайрч байсан... гэх мэдүүлэг /х.х-н137-139/, 
Гэрч Ж.Чагнаадоржийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед В.Галсанжигмэд ажил дээрээ согтуу ирсэн... гэх мэдүүлэг /х.х-н140-142/, 
Гэрч Х.Даваа шүүхэд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр В.Галсанжигмэд надруу утсаар ярьж, ах нь эрүүлжүүлэхэд орсон байна. Ирээд аваадах гэсэн. Тэгээд би эрүүлжүүлэх байрнаас очиж авсан... гэх мэдүүлэг /х.х-н143-145/,
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд В.Галсанжигмэд нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, байгууллагын удирдлага, ажилчдыг хэл амаар доромжлон танхайрч,  байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэдэг нь нотлогдож байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1, 5.1.3, 5.3, 5.4.4, 5.4.5-д заалтуудыг болон Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.14-ийн “а"-д зааснаар “Ажил албан үүргээ гүйцэтгэх хугацаанд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх” ,
Уг журмын 9 дүгээр зүйлийн 9.3-ын “е”-д зааснаар “Ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална” гэж заасан байгууллагын дотоод журмуудыг нэхэмжлэгч зөрчиж албан ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, зүй бус үйлдэл гаргасан байна.   /хх-122, 124/,
Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дүгээр зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 13... дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна”. Мөн хуулийн 26.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч В.Галсанжигмэдийг ажлаас халсан сахилгын шийтгэл нь дээрх дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл: Тухайн байгууллагын нэр хүнд болон албан хаагч, ажилчид хооронд зүй бус үйлдэл гаргасан,  уг албан тушаалтан /нэхэмжлэгч/ үр дүнгийн гэрээний 2.1-д заасан  “ёс зүйн хэм хэмжээг чанад сахих”, 5.1-д “..хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ”, 5.2-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журамд заасан үүрэгт нь харш үйлдэл гаргасан тул ажил олгогч эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж чанар, гаргасан зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзсэн байна гэж шүүх дүгнэв./х.х-н 104-128/
Нэхэмжлэгч В.Галсанжигмэд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ” “маргаан бүхий захиргааны акт гарсан өдөр өвчтэй, эмчийн магадалгаатай байсан” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Тухайн маргааны үйл явдал нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу пүрэв гариг ажлын өдөр байсан нэхэмжлэгч тухай өдрөө ажлаа хийж байхдаа зөрчил гаргаж маргааш нь эрүүлжүүлэх байрнаас шууд ажилдаа очсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчтэй байсан гэж үзэх боломжгүй байна. 
Учир нь  В.Галсанжигмэд нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны амралтын өдөр /Нямд/ үзүүлж 26, 27-ны  /Даваа, Мягмар/ өдрийг алгасаж шууд 2016 оны 12 дугаар сарын 28-ны Лхавга өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний /Бямба/ өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа авсан нь хууль бус болохыг тэмдэглэв. /х.х-н 5/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийг 106.3.14  зүйлүүдийг удирдлага болгон                                      

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, В.Галсанжигмэдийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОДОНТУЯА