Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 955

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00955

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Угтаалцайдам сум, 2-р баг, Асгат 2-р гудамж, Угтаал, Байшин хороо-218 тоотод байрлах “Нүдэн булаг эх” /РД:3859614/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7610 төгрөг, нийт 16.807.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нүдэн булаг эх” ХХК-н захирал Д.Өлзийбаяр нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 48.1 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 7.200.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 30 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Нүдэн булаг эх” ХХК-аас үлдэгдэл 16.800.000 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 7.610 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Нүдэн булаг эх” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбараас 30 тонн үрийн будаа нийт 24.000.0000 төгрөг, үүнээс 30 хувь урьдчилгаа болох 7.200.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 16.800.000 төгрөг төлөх нь үнэн болно. 2015 онд ган болж ургац алдсан тул үрийн нөөцөд 16.800.000 төгрөг төлж чадаагүй нь үнэн болно. 2016 оны ургац хэвийн байгаа тул энэ намрын ургац хураалтаар Жаргалант сумын үрийн нөөцөд үрийн будаа ба будаанаас орж ирсэн мөнгөөр үлдэгдэл 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7610 төгрөгийг тус тус 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК-аас 16.807.610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК нь 16.807.610 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 21/

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 16.807.610 төгрөгийг хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Нүдэн булаг эх” ХХК-аас 16.800.000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 241950 төгрөгийн 50 хувь 120.975 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ