Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00025

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00025

 

 

,

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 834 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б гол ХХК, Б.С нарт холбогдох төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 45,880,000 /дөчин таван сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б гол ХХК-ийн 17,880,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 онд Б гол ХХК-ний захирал Б.Б, түүний эхнэр Б.С нар манай гэрт хэд хэдэн удаа ирж, намайг болон манай нөхрийг ятган Б гол ХХК-нд техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийхийг гуйж, дахин, дахин ашгийн тооцоо үзүүлж, хөрөнгө оруулалт хийвэл компанийхаа 50 хувийн хувьцааг өгч, ногдол ашиг сардаа 5,000,000 төгрөгийг танай гэр бүлд өгье гэх мэтээр ятгаж, 49,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэдгээр тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл Б гол ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа. Гэвч Б.Б түүний эхнэр Б.С хоёрын амлалт биелэгдэхгүй байсаар би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Стэй төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Хэлцлийн дагуу мөнгөө бүрэн өгөөгүй тул үлдэгдэл мөнгөн дээр алданги нэмж нийт 49,480,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б гол ХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Б.Бын манай байгууллагад худалдсан 20 ковш, пад трактор нь ямар ч бичиг баримтгүйн улмаас байгууллагын өмчид бүртгээгүй болно. Б.Бд удаа дараа 20 ковш, пад тракторын бичиг баримтыг нэхээд гаргаж өгөөгүй. Тиймээс байгууллагын зүгээс 20 ковш, пад тракторыг буцааж өгөх гэтэл Б.Б нь олдохгүй байсан. Иймд Б.Бын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь иргэн Б.С намайг төөрөгдүүлсэн, бодит байдалд нийцэхгүй, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан. 20 ковш, пад трактор худалдаж авсан төлбөр болох 21,480,000 төгрөгийг Б.Б руу шилжүүлсэн бөгөөд одоо бидний хооронд төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Б нь Б.Бэхнэр Б.Сийг төөрөгдүүлээд хүч хэрэглэж Төлбөр барагдуулах хэлцэл гэгчийг байгуулсан байгаа. Б.С нь Б гол ХХК-нийг төлөөлөх эрхтэй этгээд мөн боловч хэлцэл байгуулахдаа хүч хэрэглэн дарамталж, төөрөгдөлд оруулж хийсэн. Мөн хэлцэлд заасан хугацаа болоогүй байхад алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Бид нарт өгсөн тоног төхөөрөмж нь ямар ч бичиг баримтгүй. Аливаа зүйлд элэгдэл хорогдол гэж байдаг. 2015 онд орж ирсэн пад трактор нь 3,548,630 төгрөг, 20 ковш 12,540,960 төгрөгийн зах зээлийн үнэтэй байгаа техникийг 49,480,000 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй. Манай талаас нэхэмжлэгчийг техникээ авч болно гэдэг. Тиймээс Б.Бын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б гол ХХК-ний захирал Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2018 оны 7 дугаар сард Б нь манай байгууллагад 20 ковшийг 15,480,000 төгрөгөөр, пад трактор 6,000,000 төгрөгөөр тооцож нийт 21,480,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед байгууллагын зүгээс тухайн техникүүдийн бичиг баримтыг шаардсан боловч удахгүй өгнө гэсээр одоог хүртэл гаргаж өгөөгүй болно. 20 ковш, пад тракторыг байгууллагын өмчид бүртгүүлэх, авто тээврийн оношилгоонд оруулах гэхээр бичиг баримтгүйн улмаас оруулж болохгүй хүндрэл байнга учирч байна. ... Б нь Алтөнмөрөн гол ХХК-г бүрэн төлөөлөхгүй Бямбаа овогтой Стэй гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм. Бын нийлүүлсэн 20 ковш, пад тракторыг 1 жилийн хугацаанд ашигласны төлбөрт 1 сарын 300,000 төгрөг, 12 сарын 3,600,000 төгрөгийг хасаж тооцоход 17,880,000 төгрөг болж байна. Иймд Б.Баас 17,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сөрөг нэхэмжлэлд: Нэгдүгээрт: 2018 оны 7 дугаар сард Б.Б нь манай байгууллагад 20 ковшийг 15,480,000 төгрөгөөр, пад тракторыг 6,000,000 төгрөгөөр тооцож нийт 21,480,000 төгрөгөөр худалдсан гэжээ. Энэ нь зохиомол үндэслэлгүй мөнгөн дүн бөгөөд Б.С, Б.Б нарын компани болох Б гол ХХК-нд Б.Б миний зүгээс нийт 49,400,000 төгрөгийн техникүүдээр хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрч надтай төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болно.

Хоёрдугаарт: Тухайн үед байгууллагын зүгээс техникүүдийн бичиг баримтыг шаардсан боловч удахгүй өгнө гэсээр одоог хүртэл гаргаж өгөөгүй болно гэжээ. Энэ нь мөн л зохиомол зүйл бөгөөд тухайн үед 49,400,000 төгрөгийг надаас гаргуулж техникүүд худалдан авсан ба дараа нь тэдний зан хувирч надаас зугтаах хандлагатай болж, бүр сүүлдээ би гаргасан мөнгөө нэхэж, энэ техникийн бичиг баримтуудаа аваач ээ гэж удаа дараа хэлж байсан.

Гуравдугаарт: Б гол ХХК-г бүрэн төлөөлөхгүй Б.Стэй гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм гэжээ. Энэ нь Б.С, Б.Б нар хүнээс авсан мөнгөө буцааж төлөхгүй байх гэсэн башир арга бөгөөд Б.С, Б.Б нар өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцож, бүх санхүү болон зохион байгуулалтын үйл ажиллагаа гэх мэт ажлуудыг гардан гүйцэтгэдэг. Мөн бүрэн төлөөлөхгүй гэдэг нь огт төлөөлөхгүй гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл заримдаа төлөөлж болно гэдгээ сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрчээ.

Дөрөвдүгээрт: Байгууллагад нийлүүлсэн 20 ковш, пад тракторыг 1 жилийн хугацаанд ашигласны төлбөр 1 сарын 3,600,000 төгрөг, хасаж тооцоход 17,880,000 төгрөг болж байна гэжээ. Энэ нь яг юунаас юу хасаад, ямар тооцоо гаргаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд би ямар нэгэн тоног төхөөрөмж ашиглах гэрээ хийгээгүй, зөвхөн төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн болно.

Он гарахаас өмнө техникээ буцаагаад авъя гэж хариуцагч нартай уулзахад өгөөгүй байж одоо ашиглагдаад 1 жил 6 сар өнгөрсний дараа өгнө гэж байгааг би зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 834 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б гол ХХК, Б.С нараас нийт 33,920,000 /гучин гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,960,000 /арван нэгэн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б гол ХХК-ний 17,880,000 /арван долоон сая найман зуун наян мянга\ төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,390 /гурван зуун наян долоон мянга гурван зуун ер/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,350 /хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гол ХХК, Б.С нараас улсын тэмдэгтийн хураамж 327,550 /гурван зуун хорин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 834 дугаар шийдвэр нь үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулж дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хэлцэл байгуулснаас хойш 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 15,480,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг хэлцэлд заасан хугацаанд төлөөгүй тул төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үлдэгдэл мөнгөн дээр 50 хувийн алданги нэмж нийт 49,480,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг нэхэмжлэлд тодорхой тусгах шаардлагатай хэмээн хуульчилсан. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд нэхэмжилж буй 49,480,000 төгрөгийг хариуцагч нараас хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй.

Шүүх нэхэмжлэгч нь нийт 49,480,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэмээн дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг. Хариуцагчийн хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар, нотлох баримтаа гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч нь тус шүүхэд 45,880,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжид 387,390 төгрөгийг төлсөн. Шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь нэхэмжилж буй үнийн дүнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, анх шүүхэд нэхэмжилж гаргасан үнийн дүнгээ нэмэгдүүлж 49,480,000 төгрөг болгосон. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагаа шүүхэд бичгээр гаргаж, хариуцагчийн хариу тайлбар гаргаж өгөх боломжийг олгож, нэмэгдүүлж буй үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлөх ёстой юм. Гэтэл шүүхээс уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг зохион байгуулаагүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 62.2, 65.1.11-т заасан заалтыг зөрчсөн.

... Шүүх Б гол ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд ямар харилцаа үүссэн эсэх, хариуцагч Б.С, Аптанмөрөн гол ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд ямар харилцаа байгаа эсэх асуудалд дүгнэлт хийгээгүй, үндэслэх хэсэгт огт дурьдаагүй атлаа хариуцагч Б гол ХХК, Б.С нараас нийт 33,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Дээр дурдсанаар нэхэмжлэгч этгээдтэй компанийг төлөөлж Б.С нь хэлцэл байгуулсан бөгөөд тухайн маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг Б.С нь хувьдаа зарцуулсан, ашигласан зүйлгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба тус машин техникийг компанийн үйл ажиллагаанд ашиглана.

Гэтэл шүүх Б.С Б.Баасанжав нарын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна хэмээн дүгнэсэн хэрнээ Б гол ХХК-иас мөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж буй нь туйлын ойлгомжгүй байна. Б гол ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ хэрэгт байхгүй болно.

... Мөн нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч нь нийт 21,480,000 төгрөгийг шилжүүлсэн хэмээн шүүхэд тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 15,480,000 төгрөгийг шилжүүлсэнтэй маргадаггүй. Харин 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгүүд нь надаас урд нь зээлж аваад буцаагаад өгсөн мөнгө. 3,000,000 төгрөг нь Б гол ХХК-иас тракторын үнэ хэмээн шилжүүлсэн боловч тэр нь миний данс биш юм хэмээн маргадаг. Гэтэл шүүх үзэхдээ 15,480,000 төгрөг төлсөн нь үнэн бусад нь баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Хариуцагчийн зүгээс шүүхэд шаардлагатай баримтыг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн тоот дансруу 1,000,000, 2,000,000 төгрөгийг шилжүүлсэнтэй нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар С нь надаас зээлсэн гэх, зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй гэдэг ч шилжүүлсэн баримт нотлох баримтаар хавтаст хэрэгт байсаар байтал шүүх хууль бус дүгнэлт хийсэн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2019/00834 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.Б нь техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн гэрээний үүрэгтэй холбогдуулан Б гол ХХК-аас 45,880,000 /дөчин таван сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б гол ХХК техник тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 17,880,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн дараах зөрчил гаргасан байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Б.Отгонбямбыг томилсон /хэргийн 7-р тал/ байх боловч иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид шийдвэр гаргаж байгаа шүүгчийг ...шүүгч Г.Даваахүү гэж нэрлэн зааж, Захирамжлах нь: хэсэгт Шүүгч Б.Отгонбямба гэж гарын үсэг зурснаас хэн нь иргэний хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл /Хэрэг үүсгэх/, 67 дугаар зүйл /Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа/, 78 дугаар зүйл /Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох/-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2.Нэхэмжлэгч Б.Б нь 45,880,000 төгрөгийг Б.С, түүний нөхөр Б.Бкомпани болох Б гол ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн байхад шүүх Б гол ХХК болон Б.Ст холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ. Шүүх хариуцагч нь хуулийн этгээд, хувь хүн аль нь болохыг тодруулж хэргийн оролцогчийг зөв тодорхойлох шаардлагатай байсан ба ингэснээр нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой байжээ.

3.Хариуцагч Б.Бд нэхэмжлэлийн хувь гардуулахдаа Гуравдагч этгээдийн биеийн байцаалт авч гуравдагч этгээд гэж гарын үсэг зуруулсан байх ба түүнийг хариуцагчаар татсан эсэх баримт хэрэгт авагдаагүйгээс Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд, хариуцагч-ийн алинаар оролцсон нь тодорхойгүй.

4.Шийдвэрийн Үндэслэх нь: хэсэгт ...нэхэмжлэгч Б.Б ...нэмж нийт 49,480,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна. гэж дүгнэн нэхэмжлэлийн үнийн дүнг 49,480,000 төгрөг гэж тодорхойлжээ. Хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн, шаардлагыг хариуцагчид танилцуулсан баримт авагдаагүйн дээр шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн гэх 49,480,000 төгрөг-ийн шаардлагын хүрээнд бус 45,880,000 төгрөгийн хүрээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 118 дугаар зүйлд заасан Шийдвэрийн агуулга тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 834 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 387,390 /гурван зуун наян долоон мянга гурван зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН

Б.СОСОРБАРАМ