| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0130/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 162
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Я овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1918001170111 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Я овогт Б.Г /РД: /, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “.............” ХХК-нд цахилгаанчин ажилтай гэх, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 17 дугаар байрны 19 тоотод хамтран амьдрагч Г.Эыг газарт унагаан нүүрэн тус газарт нь өшиглөсөн, Г.Эыг зугтаахад орцонд барьж аваад хамрыг нь хазаж эрүүл мэндэд нь 1 шүдний бүрэн мултрал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дух, доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Гын өгсөн: ...Г.Э нь миний өгч явуулсан мөнгөөр ууж идээд янз бүрийн хүмүүстэй унтсан талаар манай найз надад хэлсэн. Тэгээд би архи уугаад согтсон. Юу болсныг сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн цагдаа хүрч ирээд эрүүлжүүлэхэд хийсэн. Надаас өөр Г.Эд гэмтэл учруулах хүн байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Эын өгсөн: ...Б.Г намайг татаж унагаад миний нүүр дээр нүцгэн хөлөөрөө гишгэсэн. Тэгэхэд миний шүд мултарсан. Тэгээд би босоод гараад зугтаахад Б.Г нь миний араас гүйж ирээд орцонд намайг барьж авсан. Тэгээд би эргэж харахад Б.Г нь миний хамраас хазчихаад буцаад С.Дийнх руу гүйгээд орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Гэрч С.Дийн өгсөн: ...Б.Г, Г.Э нар мөнгөний асуудлаар хэрэлдэж маргалдсан. Тэгээд Г.Э явах гэтэл Б.Г нь Г.Эыг газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Би тэр хоёрыг салгахад эхлээд Г.Э, араас нь Б.Г гараад явсан. Тэгээд Б.Г нь буцаад ороод ирсэн. Маргааш нь Г.Э нь “Б.Г миний хамрыг хазчихлаа” гээд орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: Би Г.Этай 2017 оноос хойш хамтран амьдарсан. Би нэлээн их архи уугаад согтсон байсан учир болсон явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан би орцонд Г.Эыг барьж аваад эргэж харахаар нь хамраас нь хазсанаа санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Г.Эын хамарт хазсан шархтай, зүүн үүдэн I шүд хугарсан, II үүдэн шүд хөдөлсөн гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 150 дугаартай “2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г.Эын биед 1 шүдний бүрэн мултрал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дух, доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэглэх боломжтой. 1 шүдний мултрал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Г.Э нар нь хамтран амьдарч байсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гын согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 17 дугаар байрны 19 тоотод хамтран амьдрагч Г.Эыг газарт унагаан нүүрэн тус газарт нь өшиглөсөн, Г.Эыг зугтаахад орцонд барьж аваад хамрыг нь хазаж эрүүл мэндэд нь 1 шүдний бүрэн мултрал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дух, доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Эын биед 1 шүдний бүрэн мултрал, 1 шүдний хөдөлгөөнтэй байдал, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дух, доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Г.Эын шүүхэд ирүүлсэн “...Б.Гаас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 58/-ээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 120.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдлэх ялыг 480.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд “...........” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг, сард 900.000 төгрөгийн цалинтай гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 80.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 80.000 /наян мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР