Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Сосорбарам |
Хэргийн индекс | 155/2019/00601/И |
Дугаар | 225/МА2019/00024 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 225/МА2019/00024
2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 225/МА2019/00024 |
2019 12 19 24
,
Г.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.О, хариуцагч Д.М нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 806 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Мд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О би нөхөр Д.Мтэй 2010 онд танилцаж, үерхэж байгаад ..... онд гэр бүл болсон. .....оны ..... дүгээр сарын ....-ны өдөр охин М.С, ...... оны .... дугаар сарын 27-ны өдөр М.С нар төрсөн. Нөхөр Д.Мгийн өөрийн хүсэлтээр нь дагавар охин М.Ог 2012 оноос хойш эцэг Д.Мгээр овоглох болсон. ... Нөхөр Д.Мгийн байнгын хүчирхийллээс маш их айж байна ... Одоо надад энэ хүнтэй цаашид амьдрах хүсэл байхгүй байна. Хариуцагч нь одоо эхнэртэй болсон байгаа. Надаас салахгүй гэдэг шалтгаан нь хүүхдүүдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн бодолтой нь холбоотой. Одоо би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулж, өөрийгөө хамгаалуулж, гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёрын хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Дгийн М нь 2010 онд Г.Отэй танилцан .... онд айл гэр болж тусдаа гарсан юм. Өнгөрсөн хугацаанд бид хоёр 3 охинтой болсон. Миний хувьд Оөөс салах бодолгүй. О өөрөө л өөр хүнтэй болчихоод сална гээд байгаа юм. Би цаашид үр хүүхдээ өнчрүүлж, хүний гар харуулж чадахгүй. Цаашдаа эвлэрч үр хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдрах бодолтой байгаа. Архи ууснаас болж гэрт хэрүүл маргаан гардаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би одоо архины эмчилгээ хийлгэж байгаа. Бид хоёр 8 жил хамт амьдарч байна. ... Би салах тал дээр гарын үсэг зурахгүй. Манай эхнэр эмнэлгийн урд байдаг барилга дээр ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүстэйгээ архидан согтуурч намайг байхгүй байхад хоёр, гурван хүнтэй явалдсан байсан. Би гурван хүүхдээ өнчрүүлж чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 806 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар …............... регистрийн дугаартай, Бэсүд овогт Дгийн М, ….......... регистрийн дугаартай Хиргис овогт Гын О нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ..... оны .... дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, .............. регистрийн дугаартай, охин Бэсүд овогт Мгийн О, .... оны ... дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ............... регистрийн дугаартай, охин Бэсүд овогт Мгийн С, …... оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, .......................регистрийн дугаартай, охин Бэсүд овогт Мгийн С нарыг эх Г.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Ог 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин М.С, М.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Мгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Мгээс 159,761 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 14,951 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Оөд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.М давж заалдах гомдолдоо: ...Би Г.Отэй 2010 онд танилцаад .... онд гэр бүл болж ….. оны … дугаар сарын ….-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Г.О нь надтай гэр бүл болохдоо 2007 онд төрсөн дагавар охин Отай хамт ирсэн юм. Би Г.Отэй хамт амьдрах хугацаандаа С, С гэдэг хоёр охинтой болсон юм. Би өөрийгөө зөвтгөх юм алга. Архи ууж, эрүүлжүүлэгдэж захиргааны арга хэмжээ авагдаж явсандаа их гэмшиж, өөрийгөө буруутгаж явдаг. Би хань, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдрах бодолтой байна. Миний эхнэрт ч буруутгах юм бий. Намайг байхгүйд хоёр, гурван хүнтэй явалдсан байсан. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа ч ажил олж, эхнэр хүүхдүүдээ тэжээнэ. Шүүх намайг ёс суртахууны хувьд доголдолтой, архи хэтрүүлэн хэрэглэдэг гэж дүгнээд гэрлэлт цуцалсныг зөвшөөрөхгүй байна. Шүүх намайг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэсэн үндэслэлээр гэр бүл болохоос таван жилийн өмнө төрсөн дагавар охин Ог 18 нас хүртэл нь сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг би зөвшөөрөхгүй байна. О нь миний төрсөн хүүхэд биш, О нь охин Од урьд нь эцэг тогтоолгож, тэтгэлэг авдаг эсэхийг шүүх нягтлан шалгаж тогтоогоогүй. О урьд нь Ог хэнээр овоглож явсныг би мэдэхгүй. Надтай гэрлэснээс хойш охиноо надаар овоглохыг гуйж, төрсний гэрчилгээ авсан юм. Би хоёр хүүгээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Хэрэв шүүх гэрлэлт цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бол Оийн дагавар охинд тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Шүүх охин Огийн овог сольсон лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулалгүй орхигдуулсан байна.
Иймд М.Од тэтгэлгийг 18 нас хүртэл төлнө гэсэн заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх гэрлэгчдэд эвлэрэх 2 сарын хугацаа өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх боловч эвлэрүүлэн зуучлалын явцад гэрлэгчид эвлэрээгүй байна. Шүүх ...гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсныг буруутгах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийцсэн гэж үзэв.
Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдүүдийг хэн асрамжлах талаар тохиролцоогүй байх ба шүүх хүүхдүүдийн өсч, бойжиж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй байдал, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан охин М.О, М.С, М.С нарыг эх Г.Оийн асрамжид үлдээж, эцэг Д.Мгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Д.Мгийн давж заалдах гомдлын хувьд:
1.Хариуцагч Д.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар, зөрчлийн лавлагаагаар тогтоогдсон, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсныг буруутгах боломжгүй байна.
2.Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Д.М нар нь 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсноо батлуулсан гэрлэлтийн гэрчилгээтэй, охин М.Ог эцэг Д.Мгээр овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байх тул хариуцагчийг охин М.Огийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй. Учир нь охин М.Ог хойт эцэг Д.Мгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ гэсэн зохицуулалттай нийцнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих бөгөөд зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ...нотлох баримт ...зохигч өөрөө олж авах боломжгүй, ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолд дурдсан ...Од урд нь эцэг тогтоолгож тэтгэлэг авдаг эсэх, ...овог сольсон лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулаагүй орхисон гэх асуудалтай холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч Д.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 806 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын 14 дүгээр зүйлийн 14.1 гэсний дараа , 14.3 гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,761 /нэг зуун тавин есөн мянга долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Б.СОСОРБАРАМ