Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 174

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Ц.Лд холбогдох эрүүгийн 1918000700142 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Ц.Л /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 9, 10 дугаар багийн төвийн халамжийн ажилтны өрөөг эзэнгүй, хаалга нь нээлттэй байхад нь орж, ширээ дээр байсан Г.Пгийн Самсунг жи-7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Лгийн өгсөн: Би мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Пгийн өгсөн: ...би өрөөндөө ганцаараа суудаг бөгөөд өрөөгөө онгорхой орхиод ариун цэврийн өрөө орсон. Тэгээд хажуугийн багийн төвийн ажилчидтай 5 минут орчим юм ярьж байгаад өрөөндөө ороход миний Самсунг жи-7 загварын гаднаа мөнгөлөг өнгийн, дээрээ туулайн 2 чихтэй, голдоо ус гүйдэг гэртэй, дэлгэцийн баруун дээд хэсэгт цуурсан зэрэг содон шинж тэмдэгтэй гар утас алга болсон байсан. Би гар утсаа буцааж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч Э.Тийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай багын найз Ц.Л манай гэрт ирэхдээ Самсунг жи-7 загварын гар утастай ирээд түүнийг нь би бэлэн 150.000 төгрөг дээр хуучин Самсунг нөүт-2 загварын гар утсыг нэмээд худалдаж авсан. Надад Ц.Лгээс нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Шүүгдэгч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: 2019 оны 01 дүгээр сард Дархан сумын 10 дугаар багт байрлах багийн төв рүү орж эгчтэйгээ уулзах гээд ороход үүдний хэсэгт нь нэг онгорхой өрөө байсан. Тэгэхээр нь ороод ширээ дээр байсан гар утсыг авч гараад Сэлэнгэ аймгийн Сайхан суманд /Хөтөл/ байдаг Э.Төд зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, “ЛХА” ХХК гэсэн хаягтай ертөнцийн зүгээр баруун тийш харсан барилга байна... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

...Э.Төөс саарал өнгийн 356390083922166 сериал дугаартай Самсунг Жи-7 загварын гар утас хураан авч, хохирогч Г.Пд хүлээлгэн өгсөн тухай эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Г.Пгийн эзэмшлийн “Самсунг Жи-7 загварын дэлгэц нь цуурсан хуучин гар утас 700.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

Хохирогч Г.П нь “Мобиком корпораци” ХХК-аас Самсунг Жи-7 загварын гар утсыг зээлийн нөхцөлөөр худалдан авсан гэх гэрээ /хх-ийн 25/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Лгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 9, 10 дугаар багийн төвийн халамжийн ажилтны өрөөг эзэнгүй, хаалга нь нээлттэй байхад нь орж, ширээ дээр байсан Г.Пгийн Самсунг жи-7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ц.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Пд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Пгийн өгсөн “...Би гар утсаа буцааж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, ...Э.Төөс саарал өнгийн 356390083922166 сериал дугаартай Самсунг Жи-7 загварын гар утас хураан авч, хохирогч Г.Пд хүлээлгэн өгсөн тухай эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/-ээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Л нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ахмад настай эхийгээ асран халамжилдаг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр /хх-ийн 36-37/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгч Ц.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР