Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2019/00476/И |
Дугаар | 225/МА2019/00023 |
Огноо | 2019-09-11 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 225/МА2019/00023
2019 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 225/МА2019/00023 |
З.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д түүний өмгөөлөгч Д.С, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: З.Огийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ад холбогдох
11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие З.О нь Э.Стай 2015 онд танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 000 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бидний дундаас охин С.А төрсөн. Бид хоёр 000 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд нөхөр Э.С нь 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авто ослын улмаас нас барсан юм.
Бид хоёр хамт амьдрах хугацаандаа Приус-20 маркийн 000ХӨҮ улсын дугаартай автомашинтай байсан бөгөөд энэ автомашиныг миний нөхөр Э.С эзэмшиж байсан. Одоо энэ автомашин хадам эх Ад хадгалагдаж байгаа болно.
Мөн миний нөхөр асан Э.Сын ажиллаж байсан Транс таван толгой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нь бэлнээр 10,000,000 төгрөгийн тусламж ар гэрт нь өгсөн байсан. Тус шүүхийн 000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаар шийдвэрээр Э.Сыг А охины минь төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Талийгаач Э.С манайд ихэнхдээ байдаг байсан болохоор А охин маань тусламжийн 10,000,000 төгрөгийн талыг авах ёстой гэж үзэж байна. Иймд Э.С бид хоёрын хамтран өмчлөлийн дундын хөрөнгө болох Приус-20 маркийн 000ХӨҮ улсын дугаартай 9,5 сая төгрөгийн үнэ бүхий машинаас охин бид хоёрт ногдох хэсэг болох 6,333,333 төгрөгийг, талийгаачийн ар гэрт олгосон 10,000,000 төгрөгийн мөнгөн тусламжаас 5,000,000 төгрөг, нийт 11,333,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О нь миний талийгаач хүү Э.Стай 2015 онд танилцаж 000 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Учир нь хүү минь Отой гэр бүл болж тусдаа амьдарч байгаагүй, өрх тусгаарлан гараагүй. Хүү маань сүүлд л 000 оны 6 сард Би хүүхэдтэй болж байгаа юм шиг байна. О гэх эмэгтэйтэй үерхэж, хааяа нэг уулзаж, дотно харилцаанд орж байгаад хүүхэдтэй болсон байна. Гэхдээ миний хүүхэд гэдэгт эргэлзэж байгаа гэж надад хэлж байсан. ... 000 оны 5 сард хүү маань машинаа шинэчилмээр байна, муу машинтай явахад хэцүү, зардал өндөр гарч эвдрээд байна гээд Верна аксент машинаа 3,000,000 төгрөгөнд зарж, дээр нь би цалингийн зээл авч, охин маань бас ахдаа өөрт байсан хэдэн төгрөгөө зээлж байж хүү бид хоёр Приус 20 маркийн ХӨҮ 000улсын дугаартай машиныг худалдаж авсан. Гэтэл хүү маань 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барж, бидэнд маш хүнд гэнэтийн уй гашуу тохиолдсон. Хэдийгээр уг машиныг хүү бид хоёр худалдаж авсан хэдий ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний талийгаач хүүгийн нэр дээр байсан. ... О нь миний хүүтэй хамтран амьдарч байгаагүй. Автомашин худалдан авахад нь хувь нэмэр оруулаагүй. Тийм болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар З.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ад холбогдох 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,233 /хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч З.О давж заалдах гомдолдоо: ... Тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэсэн заалтуудыг баримтлан хуулийг буруу хэрэглэж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нар нь нас барагчаас үлдсэн эд хөрөнгө болон мөнгийг өвлөх эрхтэй болно гэсэн эрхийг зөрчиж байгаа тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч З.О нь хариуцагч Д.Ад холбогдуулан хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Приус-20 маркийн 000ХӨҮ улсын дугаартай 9,500,000 төгрөгийн үнэ бүхий авто машинаас ногдох хэсэг болох 6,333,333 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Э.Сын ар гэрт олгосон 10,000,000 төгрөгийн мөнгөн тусламжаас 5,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
1.Нэхэмжлэгч З.О нь талийгаач Э.Стай хамтран амьдарч байсныг болон Приус-20 маркийн 000ХӨҮ улсын дугаартай авто машин нь тэдний хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.
2.Нэхэмжлэгч З.Огийн талийгаач Э.Сын ар гэрт олгосон 10,000,000 төгрөгийн мөнгөн тусламжаас 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
Таван толгой Транс хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 10,000,000 төгрөгийн нөхөн олговрыг талийгаач Э.Сын ар гэрт олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч нөхөн төлбөрийн тал хувийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй юм.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт нөхөн олговор олгохоор заасан. Ар гэр гэдэгт нас барсан ажилтантай нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хамаарах бөгөөд нэхэмжлэгч З.О, түүний охин С.А нар талийгаачтай хамтран амьдарч байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэл өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Дээрх заалтаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөх эрх зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөөгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг нэхэмжилсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн... өвлөх эрх зөрчсөн гэсэн гомдлоор шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч болох ба тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
Иймээс өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих хөрөнгөөс хүүхдэд ногдох хэсгийг хуульд заасан журмаар өвлөн авах, хүүхдэд ногдох хэсгийг нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч З.Огийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч З.Огийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,283 /нэг зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Т.ГАНБАТ