Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 175

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч Л.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Х.Бод холбогдох эрүүгийн 1918001440183 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Х.Б /РД: /, Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 18 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Уг “хүүхэд рүү хутга авч дайрлаа” гэж маргалдахад нь түүний зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Бын өгсөн: Эхнэрийн хамт архи уусан. Би хүүгээ “хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэхэд “танд ямар хамаатай юм бэ?” гэхэд нь би хутга барьсан байсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эхнэрийгээ тэр өдрөө эмнэлэгт хүргэж өгөөгүй, нөгөөдөр нь хүргэж өгсөн. Тэгээд эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэсэн. Одоо гар нь зүгээр болсон гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Угийн өгсөн: Би мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Угийн өгсөн: ...манай нөхөр Х.Б хүү У.Мд “орой үдэш хаагуур тэнээд байна” гэж хэлэхэд хүү У.М “танд ямар хамаатай юм” гэж хэлэхэд манай нөхөр хутга бариад дайраад байсан. Тэгэхээр нь би Х.Быг цааш түлхээд 2 удаа цохиод “чи хүүхдийг яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан учир болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний зүүн гараас цус гарчихсан, цагдаа нар ирчихсэн байсан. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч С.Лын өгсөн: ...Л.У намайг сэрээгээд “эмнэлэг яваад гараа боолгоод ирлээ” гээд зүүн гарынхаа шууг боолгосон байхаар нь би “яасан юм бэ?” гэхэд Л.У нь “Х.Б хутгаар зүссэн” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Насанд хүрээгүй гэрч У.Мн өгсөн: ...Би гарч тоглолоо гэхэд аав намайг “хаашаа явах гэж байгаа юм бэ? Гадуур тэнэлээ” гээд загнасан. Тэгээд аав намайг ална гээд хутга авсан. Тэгэхэд ээж босож ирээд аавыг яах гээд байгаа юм бэ гээд тэр хоёр маргалдсан. Тэгтэл аав ээжийн гарыг зүсчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой эхнэр Л.Утай архи ууж байгаад хүү У.М ороод ирэхээр нь “хаагуур яваад байгаа юм бэ?” гээд загнасан чинь “танд ямар хамаатай юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед би мах хөшиглөж байсан болохоор хутгатай гараараа У.М руу ална гээд далайхад Л.У миний гараас барьж аваад надтай маргалдсан. Нэг мэдэхэд Л.Угийн гарыг зүсчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 18 дугаар байр, 3 дугаар орцны зоорийн давхар байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем /хх-ийн 3-6/,

...Хар өнгийн тууз болон улаан өнгийн зүйлээр ороосон 13 сантиметр урттай бариул, 7 сантиметр “нэрж” гэсэн бичиглэл бүхий ажлын хэсэгтэй, нийт 20 сантиметр урттай хутга байв... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай “Л.Угийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Б, хохирогч Л.У нар нь 2006 онд гэр бүл болсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан Х.Б, Л.У нарын 0165128 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/ болон шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч У.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 18 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Уг “хүүхэд рүү хутга авч дайрлаа” гэж маргалдахад нь түүний зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Угийн биед зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Л.Угийн өгсөн “...Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь ганцаараа ажил хийж орлого олдог, дулааны улиралд барилга дээр ажилладаг. Одоо барилгын ажил эхэлчихсэн байгаа тул шүүгдэгчид торгох ялын хамгийн доод хэмжээг оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэх төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн тууз болон улаан өнгийн зүйлээр ороосон 13 сантиметр урттай бариул, 7 сантиметр “нэрж” гэсэн бичиглэл бүхий ажлын хэсэгтэй, нийт 20 сантиметр урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР