Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 176

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Гэрч Д.О,

Насанд хүрээгүй гэрч Б.Б, хууль ёсны төлөөлөгч Х.М,

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Д, С.Б,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,

Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.С, А овогт Б.Ч нарт холбогдох эрүүгийн 1918000000152 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х овогт Д.С /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. суралцдаг, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, А овогт Б.Ч /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... суралцдаг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, Д.С нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны ард иргэн Д.Цгийн хүрмийн халааснаас Самсунг А6 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч Д.Сийн өгсөн: Хохирогчийн хүрмийн халаасанд гар утас байгааг би түрүүлж харсан. Тэгээд Б.Чт утас байна гэж хэлэхэд авчих гэж хэлсэн. Тэгээд утсыг нь авсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Чийн өгсөн: Д.С гар утас байна гэхээр нь би авчих гэж хэлсэн. Тухайн үед бид хоёртой цуг Б.Б гэх найз хамт байсан. Б.Б нь гар утас авсныг дараа нь мэдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Гэрч Д.Оийн өгсөн: Гутлын цахилгаан эвдрээд эдгээр хүүхдүүдийг дуудсан. Гутлаа янзлуулж дуусаад Д.Ц гар утас алга болчихсон байна гэсэн чинь нөгөө хүүхдүүд цаашаа гүйгээд явсан. Тэгээд энэ хүүхдүүдийг авсан байх гэж бодоод араас нь дуудаад хөөсөн боловч алга болчихсон. Гар утсыг яг хэн нь авсныг мэдэхгүй гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн өгсөн: Хохирогч гутлаа засуулах гээд дуудахад эхлээд би, дараа нь Д.С, Б.Ч нар очсон. Тэгээд тэр хүмүүсээс салаад явж байхад Б.Ч “утсаа гаргаад ир” гэхэд Д.С нэг утас гаргаж ирсэн. Тэр үед хулгай хийснийг нь мэдсэн. Гэтэл нөгөө 2 эгч хашхирахаар нь бид нар зугтсан. ... Бирж дээр явж байгаад цагдаад баригдах үед тэр гар утас надад байсан... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Цгийн өгсөн: ...найз Д.Оийн гутлын цахилгаан нь эвдэрсэн. Сандал дээр сууж байсан хүүхдүүдээс нэгийг нь дуудаад цахилгаанаа янзлуулж байсан байтал араас нь нэг хүүхэд ирсэн. Би тэр хүүхдийг нь дэлгүүр лүү лаанд явуулахад араас нь дахиад нэг хүүхэд ирсэн. Д.С гэх нэртэй хүүхэд нь намайг тойроод яваад байсан. Тэгээд гутлын цахилгаан засаж дуусаад нөгөө хүүхдүүд хурдан яваад өгөхөөр нь хүрмийнхээ халаасанд байсан гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь нөгөө хүүхдүүдийг зогсож бай гээд дуудахад гүйгээд зугтаачихсан. Би гар утсаа буцааж авсан боловч 25.000 төгрөгөөр код тайлуулахаар программ уншуулсан, гар утасны үнэлгээ хийлгэсэн. Мөн миний гар утасны гадаргуу нь 2 талдаа халцарсан байсан. Гар утасны гэрийн үнийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Өсвөр насны шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн: ...Гутлаа засуулж байсан эгчийн нөгөө эгчийн халаасанд гар утас байхаар нь би Б.Чт “гар утас байна авчих уу” гэж хэлэхэд Б.Ч нь “тэг авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд нь сууж байгаад халааснаас нь гар утсыг авсан. Тэгээд гутлыг нь засаж дуусаад Б.Б, Б.Ч бид 3 цааш явж байгаад би гар утсыг Б.Чт өгөх гэж байхад нөгөө хоёр эгч орилохоор нь бид 3 зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн: ...Д.С над руу ойртож ирээд “цаад талд сууж байгаа эгчийн халаасанд гар утас байна авчих уу?” гэхэд нь би тэг тэг гэж хэлсэн. Д.С тэр эгчийн хажууд сууж байгаа босоод явсан. Тэр үед Б.Б бид 2 Д.Сийн араас алхаж байхад нөгөө хоёр эгч хойноос дуудахаар нь бид нар шууд гүйгээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Хохирогч Д.Цд Самсунг А-6 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8/,

 “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “иргэн Д.Цгийн эзэмшлийн Самсунг А-6 загварын хэрэглэж байсан гар утас 700.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “иргэн Д.Цгийн эзэмшлийн 2018 оны Самсунг А-6 загварын гар утасны хойд таг талаараа халцарсан гадаргуу 120.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

Хар өнгийн гадаргуутай, нүүр хэсэгт шилэн наалт бүхий хуучирсан наалттай, ямар нэгэн хагарсан, цуурсан зүйл байхгүй, утасны доод ирмэг 2 хажуу хэсэгтээ хонхойж халцарсан, Самсунг А-6 загварын гар утас байх... гэх хохирогч Д.Цгийн гар утсанд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/,

Хохирогч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-аас Самсунг А-6 загварын гар утас зээлийн нөхцөлөөр худалдаж авсан тухай .......... дугаартай гэрээ /хх-ийн 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, Д.С нарын 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны ард иргэн Д.Цгийн хүрмийн халааснаас Самсунг А6 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.С, Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Бээс гар утас хурааж авсан байхад Д.Сөөс гар утас хурааж авсан гэж тэмдэглэл үйлдсэн нь үндэслэлгүй болсон гэж мэтгэлцэж байна.

Уг гар утсыг насанд хүрээгүй гэрч Б.Бээс хураан авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй гэрч Б.Бийн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Д.Сийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч энэ байдал нь өсвөр насны шүүгдэгч Д.Сийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Цд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8/-ээр нотлогдож байна.

Мөн хохирогч нь гар утсаа буцааж авахад утсанд нь код хийсэн байсан тул кодыг нь тайлуулсан, гар утасныхаа үнэлгээг гаргуулах төлбөрийг өөрөө төлсөн, гар утасны гадаргуу нь халцарсан байсан тул шинээр солиулах зэрэгт нийт 145.000 төгрөгийг нэхэмжилснийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Цгийн ХААН банк дахь .......... тоот дансанд 145.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 120/-аар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгчид болон иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Д.С, Б.Ч нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59, 61/-аар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, .............. суралцдаг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 63-64/-оор тус тус нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Д.Сөд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Б.Чт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс өсвөр насны шүүгдэгч нарыг сургуульдаа явах боломжоор хангаж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарт гэм бурууг нь ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч Д.Д, С.Б нарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Д.С, А овогт Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийг 2.2 дахь хэсэгт зааснаар Д.С, Б.Ч нарт хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.С, Б.Ч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Д.Д, С.Б нарт даалгасугай.

7. Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Өсвөр насны шүүгдэгчид болон иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР