Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 155/2021/00899/И |
Дугаар | 225/МА2021/00030 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2021/00030
2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 225/МА2021/00030 |
Ц.Бы нэхэмжлэлтэй
хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/2021/00975 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 /нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгч В.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар Бийн даргаар томилогдон ажиллаж байгаад мөн аймгийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Аймгийн засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай урамшуулал олгох тухай захирамжаар 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар илэрсэн алдаа зөрчил, өр авлагын өсөлт, бууралттай уялдуулан санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгохоор болсон. Тухайн урамшуулал нь миний ажиллаж байх хугацаанд санхүүгийн зөрчилгүй ажилласан хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж болно.
Иймд Ц.Б надад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 8-д тусгагдсан 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч З.Э хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай Урамшуулал олгох тухай захирамжийн дагуу ажиллаж байх хугацаандаа авч байсан сарын үндсэн цалин болох 1,039,119 төгрөгийг А-өөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамж гарах үед үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан ба тухайн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1,039,119 /нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг байгууллагаас гаргуулан авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2021/00975 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Бд холбогдох 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 /нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,500 / хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 155/ШШ2021/00975 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:
Нэг. Хэргийн утга. Иргэн Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар Бийн даргаар томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ц.Бы дээрх албан тушаал нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан түүнийгээ дүгнүүлж төсвийн шууд захирагчийн хувьд аймгийн төрийн сантай шууд харьцдаг албан тушаал байсан.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаар захирамжаар 2020 оны жилийн эцсийн Санхүүгийн тайлангаар илэрсэн алдаа зөрчил, өр авлагын өсөлт, бууралттай уялдуулан санхүүгийн тайлангийн аудитаар Зөрчилгүй санал дүгнэлт авсан сумын засаг нарт нэг удаа олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээг тухайн захирамжийн 1 дүгээр хавсралтаар, аймгийн төрийн сантай шууд харьцдаг төсвийн шууд захирагч нарт 1 удаа олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээг 2 дугаар хавсралтаар нь баталсан байх ба 2 дугаар хавсралтын 8-рт Асрамжийн газар-ыг дурдан урамшуулал тооцох хувийг 100.0 гэсэн байна. Гэтэл энэ урамшуулал нь Ц.Бд олгогдоогүй харин түүний ажил үүргийг хүлээн авсан түр орлон гүйцэтгэгч болох М.С нь авсан байдаг.
Анхан шатны шүүх шийдвэртээ Ц.Б нь 2021.04.29-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгаа, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан ба Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021.06.28-ны А/322 дугаартай захирамж гарах үед Ц.Б нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгээгүй, Төрийн албан хаагч биш байжээ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитийн газрын аудитийн дүгнэлт болон танилцуулга, албан тоот зэрэг нь /Аийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагааны талаарх/ Ц.Бы нэр дээр бичигдсэн, тухайн шалгалтад хамрагдах баримт материалыг Ц.Б гаргаж тавьсан. Хөвсгөл аймгийн Засаг даргаас өөрийн үйл ажиллагааны хүрээнд хамрах төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг үнэлсэн санхүүгийн тайлангийн хугацаанд Ц.Б нь Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан /Үүнд: шагнал урамшуулал, шийтгэл бүгд хамаарна/ тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байсан, өөрөөр хэлбэл 2021.06.28-ны өдрийн А/322 дугаартай захирамжийн 1-р заалтад Санхүүгийн аудитийн тайлангаар Зөрчилгүй санал дүгнэлт авсан ...аймгийн төрийн сантай шууд харьцдаг төсвийн захирагч гэсэн ойлголтод шууд утгаараа Ц.Б нь хамаарч байгаа байдал, А/322 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд бусад хуулийн зохицуулалтууд хамаарч байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл ба тухайн урамшууллыг Ц.Бд олгох эрх зүйн үндэслэл нь аймгийн Засаг даргын А/322 дугаартай захирамж болон түүнд тусгасан хууль зүйн үндэслэлүүд болох нь тодорхой байхад урамшууллыг авах ба шаардах үндэслэлээ өөрөө тодорхойлохыг нэхэмжлэгчээс шаардсан нь анхан шатны шүүхийн шийдвэр нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна.
Дээрх урамшууллыг авсан М.С нь дээрх тайлангийн хугацаанд аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн болон үр дүнгийн ямар ч гэрээ байгуулаагүй, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан болно.
Иймд Ц.Бы нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.21-ний өдрийн 155/ШШ2021/00975 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож бодит байдалд нийцүүлэн урамшуулал болох 1,039,119 төгрөгийг Ц.Бд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай урамшуулал олгох захирамжаар 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар илэрсэн алдаа зөрчил, өр авлагын өсөлт, бууралттай уялдуулан санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгохоор болсон. Тухайн урамшуулал нь миний ажиллаж байх хугацаанд санхүүгийн зөрчилгүй ажилласан хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж болно гэж Бд холбогдуулан нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч З.Э нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамж гарах үед үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учир тухайн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1,039,119 төгрөгийг байгууллагаас гаргуулан авах боломж-гүй гэж маргажээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь Бийн даргаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Мын С-ийг томилсон нь нотлогдож байна.
Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамж гарах үед Ц.Б үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, урамшуулал олгох боломжтой байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай урамшуулал олгох захирамж гарах үед нэхэмжлэгч Ц.Б нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах, урамшуулал авах үндэслэлгүй болсон байна.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний доорх алдааг гаргасан байна. Үүнд:
1/ Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлсон ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримтлаагүй орхигдуулсан.
2/ Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ...71.2 гэсэн хуульд байхгүй заалтыг баримталсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2021/00975 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...61 дүгээр зүйлийн 61.1.1 гэсний дараа , 51 дүгээр зүйлийн 51.1.4 гэж нэмж, 2 дахь заалтын ...71.2 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч өмгөөлөгч В.Эын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,486 /хорин есөн мянга дөрвөн зуун наян зургаа / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ