Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 178

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1918000000199 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Б.Б /РД: /, Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Улан-Үдэ” зочид буудлын 119 тоот өрөөнд А.Этой маргалдан толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь духны шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...би 119 тоот өрөөний хаалганы зүүн талд зогсож байсан чинь Б.Б “хөөе” гэхээр нь би эргэж хартал шууд миний дух руу шилэн аягаар нэг удаа цохисон. ...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдож тунирхаад байх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх хохирогч А.Эийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- ...аяга хагарах чимээ гарсан. Тэгтэл өндөр, шар царайтай, сахалтай залуугийн духнаас цус гарч байсан... гэх гэрч Б.Баийн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- ...гаднаас нөгөө маргалдаад байсан Б.Б гэх залуу орж ирээд А.Эийн дух орчим руу шилэн юмаар нэг удаа цохисон. Гартаа юу бариад цохисныг нь би анзаараагүй. Ямар ч байсан шил бутраад А.Эийн толгойноос цус гарсан... гэх гэрч Ж.Гийн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- ...Тэгсэн удаагүй цагдаа нар ирсэн бөгөөд би гайхаад хажуугийн 119 тоот өрөө рүү ороход А.Эийн дух орчим нь хагарч язарсан бололтой цус гарчихсан, шалан дээр шил хагарчихсан байдалтай байсан... гэх гэрч О.Бын мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- ...гар утсаа хайгаад хажуугийн өрөө үү ороход гэнэт шил хагарах чимээ дуугарахаар нь гайхаад өрөө рүү ороход А.Эийн духыг Б.Б нь шилээр цохиод цус гаргачихсан байсан... гэх гэрч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 23/,

- ...Тэгээд юунаас болсныг мэдэхгүй нэг мэдсэн А.Этой өрөөнд нь маргалдчихсан, шилэн аягаар толгой руу нь цохиж гэмтэл учруулсан... гэх шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

- ...”Улан-Үдэ” зочид буудлын 2 давхар луу өгсөх шатны тавцан дээр улаан хүрэн өнгийн гутлын мөр, 119 тоот өрөөний зүүн хананд байрлах орны урд хэсэгт цус мэт зүйл, уг орны орчимд шилний хагарч бутарсан хэсэг тус тус байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- А.Эийн биеийн байдал дунд, духны голд 1-1.5 сантиметр орчим хөндлөн язарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч У.Алтансүхийн тодорхойлолт /хх-ийн 25/,

- А.Эийн биед духны шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Эт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч А.Эийн биед духны шархнууд бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Эийн “...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдож тунирхаад байх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, “...Б.Бтай учир зүйгээ олсон. Бид хоёрын дунд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 58/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Улан-Үдэ” зочид буудлын 119 тоот өрөөнд А.Этой маргалдан толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь духны шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР