Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 179

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт П.Бид холбогдох эрүүгийн 1918000000157 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт П.Б /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, зүүн чихний дэлбээ, урд, ар хэсэг, дагзанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Бийн өгсөн: Тухайн өдөр цэргийн баяр болоод найзуудтайгаа гэртээ хэдэн шил архи ууж байхад гаднаас Б.Б орж ирэхээр нь “за юу байна ахын дүү наашаа суу” гэхэд Б.Б “чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон юм” гээд миний ам руу салаавч чихээд байсан. Мөн манай эхнэрт “танай нөхрийг зодлоо шүү гомдолгүй биз дээ” гээд байсан. Ингээд үүдний амбаарт гараад би Б.Быг хэдэн удаа цохисон. Би хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр П.Бийн гэрт очиход П.Б намайг ахын дүү гээд байхаар нь маргалдсан. Тэгээд үүдний амбаартаа гараад миний нүүр лүү цохисон. Миний толгой болон хамарт гэмтэл учирсан. Толгойн гэмтэл эдгэсэн, одоо хамраа тэгшлүүлээд янзлуулчих юм бол надад өөр гомдол санал байхгүй. Би 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 500.000 төгрөгийг нь шүүгдэгчээс авсан. Одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хамартаа эмчилгээ хийлгэх учраас түүний зардлыг бас гаргуулж авна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Гийн өгсөн: ...П.Б, Б.Б хоёр гэнэт хоорондоо маргаад эхэлсэн. Би нэлээн согтсон байсан учир юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар тэр хоёр бие биенээ “банди” гэж дуудаад Б.Б нь П.Бийн аманд салаавч хийгээд маргаж байснаа тэр хоёр гэрээс гарсан. Гэтэл удалгүй гадаа түр тар хийх чимээ гарахаар нь араас нь гараад хартал Б.Б газар уначихсан, харин П.Б дээр нь гарчихсан босгохгүй дараад сууж байсан. Намайг харахад Б.Бын хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч С.Аийн өгсөн: ...Удалгүй Б.Болор-Эрдэнэ, Б.Б нар манайд ирсэн. П.Б нь Б.Быг “ахын дүү наашаа суу” гэж хэлэхэд Б.Б нь шууд “би хэзээ чиний дүү байсан юм бэ?” гэж хэлээд гарын салаавчаа П.Бийн ам руу хийсэн. Тэгээд Б.Б нь надад “танай нөхрийг гаргаж зодлоо шүү гомдолгүй биз дээ” гэх мэтээр доромжилсноос П.Б, Б.Б нар маргасан. Тэр хоёр гэрээс гараад үүдний таамбарт хүмүүс зодолдох чимээ гарахаар нь би гэрээс гараад хартал тэр хоёр зодолдож байсан. Б.Бын хамар амнаас нь цус гарсан, нэг нүд нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Б.Боийн өгсөн: ...Б.Бтай таараад П.Бийнд архи уухаар хамт очсон. Тэгээд дөнгөж ороод сууж байтал Б.Б, П.Б  нар нь бие биенээ ах дүү гэж дуудсангүй гэж маргаж улмаар нэг нэгнийхээ өөдөөс салаавч гаргахаар нь би П.Бийн гэрээс гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Шинжээч эмч Э.Отгончимэгийн өгсөн: Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, зүүн чихний дэлбээ, урд, ар хэсэг, дагзанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, дагзны цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хамрах талбай том тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний цус хуралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

...Б.Бын баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн хөхрөлт, цус хуралт үүсэж хавдсан, зүүн чихний ард арьс зулгарсан, хавдсан, зүүн чихний дэлбээнд арьс зулгарсан, дээд уруулын дотор талд 0.5х0.8 сантиметр язарсан шархтай... гэх хүний их эмч Х.Хишигсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаартай “Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, зүүн чихний дэлбээ, урд, ар хэсэг, дагзанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.Бийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, зүүн чихний дэлбээ, урд, ар хэсэг, дагзанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул П.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, хамар, зүүн чихний дэлбээ, урд, ар хэсэг, дагзанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж, эмчилгээтэй холбогдон гарсан зардлын 574.220 төгрөгийн 6 ширхэг баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд 425.780 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Дээрх 6 ширхэг баримтуудаас Л.Батдуламын ............... тоот дансанд У.Болдоос 375.000 төгрөгийг “Б” гэж шилжүүлсэн болон “Курман” дэлгүүрээс 20.200 төгрөгийн бараа худалдаж авсан баримтууд нь хохирогчийн эмчилгээтэй холбоотой эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд бусад 179.020 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байна.

Иймд шүүгдэгчээс 179.020 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн 820.980 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол хүлээлцсэн тухай баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б нь хамраа тэгшлүүлж, эмчилгээ хийлгэх зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч П.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Бын шүүгдэгчийг ахын дүү гэж дуудахад нь уурлаж, салаавч гаргаж, маргаан үүсгэсэн зэрэг зүй бус үйлдэл нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн зүй бус харьцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг, улирлын чанартай ажил хийдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн 820.980 /найман зуун хорих мянга есөн зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР