Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2018/00014

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2018/00014

 

 

 

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, хариуцагч Л.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 640 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Мд холбогдох

Эд хөрөнгийн доголдолтой холбоотой арилжааны гэрээг цуцалж, учирсан хохирол болох 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Мгаас /Иргэн Гын эзэмшилтэй/ Мазда Бонго 000ХӨА улсын дугаартай автомашиныг 3 сая 500 мянгаар худалдаж авсан юм. Үнэнд нь дараах эд зүйлсийг өгсөн. Үүнд: 1. Алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хас хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1 ширхэг, хуучны мөнгөн хазаар 1 ширхэг нийт 3 сая 500 мянгаар тохиролцсон.

2017 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл 12 хоног 48 км /дунджаар өдөрт 4 км/ унасан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яндангийн хавьцаа тачигнасан дуу байсан ба жийрэг сэтэрсэн болов уу гээд доогуур нь хартал масло дусч байсан.

Иймд өөрийн найз Бийг авчирч үзүүлэхэд кольц хугарсан байх магадлалтай клапан дуугарч байна гэж байсан. Тэгээд уг байдлаа Л.Мд утсаар хэлэх гэхэд шууд таслаад ярихгүй байсан учир мессежээр засаж өгөх, эсвэл наймаа буцахыг сануулж ирж уулзахыг хүссэн боловч зугтаад ирээгүй.

... Уг машинд техникийн шинжилгээ дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч тоосонгүй. Иймд шат шатны прокурорт хандсан боловч Дээд шүүхийн 51-р тогтоолыг үл хүндэтгэн үгүйсгэж 243.1, 253.1 гэсэн үндэслэлээр иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн миний нэхэмжлэлийг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар ороод Хөвсгөл аймгийн нэгдсэн зар гэх онлайн зар дээр өөрийн үнэт эдлэлүүдийн зургийг тавиад авто машинаар солино гээд бичсэн байсан юм. Үүний дагуу мессенжэрээр М гэх хүн над руу нэг машины зураг явуулсан. Тэгээд маргааш уулзахаар болоод М нэг эмэгтэй хүнтэй 11 цагийн үед манайд машинаа үзүүлэх гэж ирсэн. Тэгээд бид тухайн өдрөө наймаагаа тохиролцоод би машин хэний нэр дээр байдаг юм бэ гэж асуухад миний итгэмжлэлтэй Г гэх хүний нэр дээр байдаг юм гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэлээс итгэмжлэлийн хооронд шилждэггүй юм байна заавал машины эзэмшигч нь байх ёстой юм байна гээд 1 дүгээр хороо орж машины эзэмшигч болох Г гэх хүнийг гэрээс нь очиж аваад машины бичиг баримтыг шилжүүлсэн.

... Одоо уг машин эвдрээгүй явж байгаа. Харин цаашид энэ машинд удаан явах насжилт байхгүй учраас би наймаагаа буцаая гэсэн юм. ... Иргэний хуульд худалдагч эд хөрөнгийг доголдолтой байсныг мэдээгүй байсан эсхүл доголдлыг бий болгосон байсан ч худалдан авагч өөрийн сонголтоор засуулах бага үнэ төлөх, эсхүл гэрээнээс татгалзаж болно гэж заасан байгаа юм. Иймд би гэрээнээс татгалзаж цаашид насжилт байхгүй болчихсон машиныг ашиглах боломжгүй гэж үзээд авто тээврийн газраас гарсан дүгнэлтийг үндэслээд гэрээнээс татгалзаж байгаа юм. Надаас авсан эд зүйл нь нэгэнт Л.Мд байхгүйгээс хойш 3 сая 500 мянган төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.А бид хоёр хэний ч шахалт дарамтанд оролгүйгээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож машины наймаа худалдаа хийхдээ эд хөрөнгөөр солилцсон юм. Наймааг 2017 оны 10 дугаар 18-ны өдөр хийсэн. Худалдан авагч Д.А нь өөрийнхөө авъя гэсэн Мазда-Бонго 000хөа улсын дугаартай миний эзэмшлийн машиныг үзэж шалгаж үнээ тохирч авсан. Тухайн үед ямар ч асуудалгүй миний хэрэгцээ шаардлагыг хангаж байсан зөрчилгүй тээврийн хэрэгслийг авсан юм. Тэгээд яахаараа худал зүйл бичиж машины үнэ нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед энэ хүн эд зүйлээ машинаар солино, зарна гээд зар тавьчихсан байсан нь үнэн. Тэгээд би энэ хүнтэй мессенжэрээр харьцаад машиныхаа зургийг явуулаад бид уулзахаар болсон. Ингээд энэ хүн машиныг унаж үзээд, моторыг нь сөхөж үзээд доогуур нь орж харсан. Тэгээд болж байна гээд бид тохиролцоод наймаагаа хийх болоод хуулийн дагуу машины гэрчилгээг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 12-13 хоногийн дараа чи намайг луйвардчихлаа гээд над руу утсаар үг хэлэхийн завдалгүй дайрсан. Би тэгээд нэгэнт үзэж харж байгаад наймаа хийсэн наймаа буцахгүй, тэглээ ч наймаа хийгээд 1-2 хоносон биш дээ 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна гэж хэлээд утсаа тасалсан. Дараа энэ хүн над руу хэд хэдэн удаа миний утас руу мессеж бичсэн байсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас хариуцагч Л.Мтай хийсэн арилжааны гэрээг цуцлаж, хохирол болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А давж заалдах гомдолдоо: ... Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 256 дугаар зүйлийн 256.1 дэх заалтуудад худалдан авагчийн биет байдлын эдийн болон эрхийн доголдлын талаар мэдсэн бол зөрчигдсөн эрхээ хамгаалах хууль зүйн хамгаалалтыг тогтоож өгсөн бөгөөд би хуулийн энэ заалтыг үндэслэж худалдан авсан автомашинд биет байдлын доголдол бий болсныг хангалттай нотолсон байхад шүүгч доголдолгүй гэж үзэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Үүнд: 1. Миний худалдан авсан Мазда Бонго 000ХӨА автомашиныг оношилсон Шинжээчийн бүрэлдэхүүн ажилласан тухай 2018 оны 2 сарын 23-ны өдрийн тэмдэглэлд .. хэрвээ хөдөлгүүрийг задалж үзвэл кольц болон хуруувч резин муудсан байх магадлалтай тул техникийн үйлчилгээ хийх нь зүйтэй. гэж тодорхойлсон, мөн миний нэхэмжлэлд дурьдсан яндангийн залгаагаар тос дуссан, 4-н свечег үзэхэд тортогжилттой, тос даасан гэдгийг уг дүгнэлтийн хоёрт: картер хонхойсон, хөдөлгүүрээс тос дааж хөлөрсөн, зөөлөн яндангийн залгаагаар тос дуссан, 1, 2-р цлиндрийн свечэг шалгаж үзэхэд тортогжилттой, дутуу шаталт явагдсан гэж дүгнэсэн байгаа нь миний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдгийг нотолж байгаа бөгөөд шүүгч эдгээр доголдлууд нь цаашид моторын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй эсэхийг бүрэн тогтоогоогүй байхад зөвхөн дүгнэлтийн хөдөлгүүрт ачаалал өгөхөд доголдолгүй асаж байна. гэсэн хэсгийг нотлох баримтаар үнэлсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ., 40.2. нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай /өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад тохирч байгаа эсэх /, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг түс тус зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ИХ-ийн 255 дугаар зүйлийн 255.1 -д зааснаар автомашины доголдлыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн байна. Би шүүхэд өгсөн тайлбартаа моторын доголдол нь машин хөдлөөд хөдөлгүүр халсан байх үедээ мэдэгдэхгүй байсан бөгөөд машин засварчинаар үзүүлэхэд мотор солихоос нааш засрахгүй гэдгийг мэдсэн гэж тодорхой тайлбарласан, харин худалдаж авах үед Л.М нь моторт асуудал байхгүй гэж надад итгүүлсэн учир би моторт нарийн үзлэг хийж шалгаж аваагүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан юм. Шүүгч миний энэ тайлбарыг мөн нотлох баримтаар үнэлээгүй. Өөрөөр хэлбэл автомашинд учирсан моторын доголдол нь нарийн үзлэг оношилгоогоор тогтоогддог тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг минь шүүгч хангаж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан атал намайг автомашиныг худалдан авах үедээ тэр доголдлыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3. Шүүгчийн 2018 оны 2 сарын 2-ны өдрийн 623 дугаартай захирамжид " ... шинжээч томилж, шинжээчээс Л.Мгаас худалдаж авсан Мазда бонго автомашины мотор нь Д.Аг худалдаж авахаас өмнө доголдолтой байсан эсэх, ... . Шинжээч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг олж тогтоовол дүгнэлтдээ оруулах хэрэгтэй зэрэг асуултуудыг шинжээчид тавьсан байтал шинжээч нь шүүгчийн захирамжид заасан асуултуудад бүрэн хариулаагүй, шинжээчийн багийн нэгдсэн дүгнэлт биш, үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг үйлдэж шүүхэд ирүүлсэн нь шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг бүрэн арилгаагүй, эргэлзээтэй дүгнэлт /үзлэг хийсэн тэмдэглэл /-ийг үнэлж шийдвэр гаргасан нь алдаатай эрх зүйн дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 640 дугаартай шийдвэрийг ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь Л.Мтай хийсэн арилжааны гэрээг цуцалж, анх тохиролцсон үнийн дүн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Мгаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Л.М нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Агийн эзэмшилд хариуцагч Л.М Мазда бонго маркын 000хөа улсын дугаартай авто машиныг, хариуцагч Л.Мгийн эзэмшилд нэхэмжлэгч Д.А нь алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хас хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1 ширхэг, хуучны мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг нийт дүнг 3.500.000 төгрөгөөр тохиролцож шилжүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч нар үнийн дүнгийн талаар маргаагүй байх ба шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу талууд үүргээ биелүүлснээр арилжааны гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Д.Агийн автомашин доголдолтой гэсэн үндэслэлээр хариуцагч Л.Мгаас 3,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Агийн хүсэлтээр шинжээч томилж, машины моторт үзлэг, оношлогоо хийлгэж дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтээр: Нэг.Хөдөлгүүрээс ялгарах утаа, агаарын бохирдлын хэмжээ нь сдандартын шаардлага хангахгүй байна. Хоёр.Картер хонхойсон, хөдөлгүүрээс тос дааж хөлөрсөн, зөөлөн яндангийн залгаагаар тос дуссан, 1,2 дугаар цилиндрийн свечийг шалгаж үзэхэд тортогжилттой, дутуу шаталт явагдсан, хөдөлгүүрт ачаалал өгөхөд доголдолгүй ажиллаж байна. Гурав.Хэрвээ хөдөлгүүрийн задлаж үзвэл кольц болон хуруувч резинүүд муудсан байх магадлалтай тул техникийн үйлчилгээ хийх нь зүйтэй гэж дүгнэж, автомашины хөдөлгүүр доголдолгүй ажиллаж байгааг тогтоожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Зохигч нь хуучин машиныг эд хөрөнгөөр солилцсон байх ба уг машинд гэрээнээс татгалзах хэмжээний доголдол гарсныг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70. 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ