| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0162/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 181
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1918000820125 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Д.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлурги инженер мэргэжилтэй, “..........” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Б.Батбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А.Мын гэрт Д.Б, А.М, Ц.Б нар нь архи ууж байх үед хөрш Д.Ба согтуу орж ирэн хэрүүл маргаан үүсгэсэн ба Д.Б нь Д.Багийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Бгийн өгсөн: Д.Ба нь А.Мын гэрт согтуу орж ирээд “ална, хулгайчууд” гээд орилж, агсарсан. Би Д.Баг 2-3 удаа алгадсан... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Багийн өгсөн: ...Тэгсэн чинь өндөр шар залуу буюу Д.Б нь над руу “чи миний ахыг дээрэлхлээ” гээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч А.Мын өгсөн: ...Д.Ба ах орж ирээд “чи сөгдөж мөргө, нэг жил надад ус зөөж өг” гэх мэтээр над руу дайраад байсан. Би “за” гээд өмнө нь сөхөрч суугаад мөргөсөн. Тэгсэн чинь Д.Б “арай ч дээ, миний найзыг яаж байна аа” гээд Д.Ба ах руу уурлаад 2, 3 цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Ц.Бын өгсөн: ...Нөгөө орилоод байсан залуу орж ирээд А.М рүү дайраад дарамтлаад сөгд гээд байхаар нь Д.Б бид 2 түлхээд байшингаас гаргасан. Гэтэл Д.Ба эргэж орж ирээд маргалдаад байсан чинь Д.Б түүнийг 2, 3 удаа цохичих шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
...Д.Багийн хөмсөг орчимд 1 сантиметр орчим язарсан шархтай, шарх өнгөц байна гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 132 дугаартай “Д.Багийн биед зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Бгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийн 4-85 тоотод Д.Батай маргалдсаны улмаас нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Багийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Багийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “...............” ХХК-нд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хамгаалагчаар ажилладаг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, “...........” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05/68 дугаартай албан бичиг /хх-ийн 47/-ээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Д.Багийн согтуугаар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг дайрч доромжилсон зүй бус үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь цагдан хоригдох хугацаанд ажилгүй болсон тул торгуулийн ялыг төлөх боломжгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялыг 168 цагаар тогтоож, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож эдлэх ялаас 72 /далан хоёр/ цагийн ажлыг хасаж нийт эдлэх ялыг 168 /нэг зуун жаран найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР