Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2017/01066/И |
Дугаар | 225/МА2018/00015 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 225/МА2018/00015
2018 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 225/МА2018/00015 |
СХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: СХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Ид холбогдох
Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Схязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.И нь №1 дугаартай Борлуулагчийн гэрээ-г байгуулан 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн СХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулагчаар ажилласан. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон:
1. Улсын бүртгэлийн 000дугаарт бүртгэгдсэн, 000дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дугаар баг, ….. дугаар гудамж, ….. тоотод орших ….. м.кв талбайтай хувийн сууц.
2. Улсын бүртгэлийн 000дугаарт бүртгэгдсэн, 000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дугаар баг, ….. дугаар гудамж, ….. тоот, ...... м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан.
С.И нь СХХК-ийн гэрээт борлуулагч Х.000ээс худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.000тэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй.
Тэрээр 2014 оны 3 дугаар сарын 01-ээс 2014-10-10-ны хооронд СХХК-ийн гэрээт борлуулагч Х.000т 21.381.900 төгрөгийн өглөгтэй гарсан байна.
Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014 оны 10 сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 11.381.900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014-оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн ч төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.
С.И нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар СХХК-д 19.313.760 төгрөгийн өр төлбөртэй байна.
1. Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг С.Игаас гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрээнд заасан хугацаанд ажиллаж байхдаа С.И нь компанид борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг тушаахгүй явсаар байгаад өр үүсгэсэн. Тухайн үед борлуулагч С.И нь гэрээт борлуулагч 000ээс худалдан борлуулах бараагаа хүлээж аваад борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлэх, мөн гэрээт борлуулагч 000тэй тооцоо нийлж ажиллах үүрэгтэй байдаг. С.И ингэж ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд СХХК-нд 21.081.900 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ өр төлбөр нь тооллогоор тогтоогдсон байдаг юм. С.И нь 000ээс барааг хүлээж авахдаа зарлагын баримт үйлдэж, бараагаа хүлээж авдаг байсан. Харин борлуулсан барааныхаа үнийг С.И нь компанийн данс руу шилжүүлээд явах үүрэгтэй ажиллаж байсан юм. Ингээд С.Ид өр төлбөр үүссэний дараа өр төлбөрөө төлөхийг компанийн зүгээс шаардсан. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С.И нь тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтод 10.000.000 төгрөг, үлдэгдэл 11.380.900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байдаг юм. Мөн С.И нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр тайлбар гаргаж өгөхдөө дутаасан өр төлбөрөө төлж барагдуулна гэсэн байдаг. Дараа нь мөн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтод СХХК-ийн гэрээт борлуулагч С.И нь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа барааны үнэ 19.313.760 төгрөгийн өр төлбөрөө компанид төлнө гэсэн байдаг юм. Ингээд С.Итай байгуулсан борлуулагчийн гэрээний холбогдох заалт буюу 2.4, 3.8, 3.12 дугаар хэсэг, мөн нийлүүлэгч болон гэрээт борлуулагч, хамтран ажиллах гэрээний заалтууд болох 3.11, 4.19, 4.20, 4.21 гэх заалтууд болон С.Иы СХХК-нд гаргаж өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ өр төлбөрийг төлж барагдуулна гэх 3 ширхэг тодорхойлолтууд, мөн СХХК-ийн нягтлангаас барааны үнэ төлбөрийг тодорхойлсон баримт зэргийг үндэслээд С.Игаас дутагдуулсан барааны үнэ төлбөр буюу 19.313.760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм гэжээ.
Хариуцагч С.И нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.И нь СХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Унь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №14 дугаартай Борлуулагчийн гэрээ гэх зүйлийг гарган ирж С.Иг шаардан гарын үсэг зуруулж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох 3 сая төгрөгт иргэн Б.Сосормаагийн өмчлөлийн 33,5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг хамтран хариуцагчаар гэрээний нэг талд оролцуулалгүйгээр сууцны өмчлөгч биш этгээд болох С.Иг оролцуулан гарын үсэг зуруулж, гэрээг баталгаажуулсан байдаг. Тухайн үед С.Ид тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч болон ажилтны хооронд үндсэн харилцаа нь явагдаж байгаа, энэ борлуулалтын гэрээ, барьцааны гэрээ бол дүр үзүүлсэн гэрээ, хэлцэл гэж ойлгуулан хууран мэхэлж барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 3 сая төгрөгөөр үнэлж илтэд хохиролтой нөхцлөөр гэрээ байгуулжээ.
Энэхүү Борлуулагчийн гэрээг байгуулснаас хойш таван сарын дотор С.И 21 сая төгрөгийн бараа дутагдуулсан болж, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт 3 сая төгрөгийн барьцаанд авсан хөрөнгийг тусгуулахыг шаардаж байгаа үйл баримт нь ойлгомжгүй бөгөөд анх тооцоо нийлсэн баримтанд Х.000 нь С.Ид дараагийн арга хэмжээгээ авна, цагдаа, шүүхэд өгнө гэх мэтээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан байдал нь иргэний эрх тэгш байх зарчимд нийцэхгүй, иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.
Түүнчлэн С.Итай байгуулсан Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээний цаана СХХК болон иргэн Х.000 нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээг халхавчилж Х.000ийг хариуцлагаас чөлөөлөх зорилго агуулагдаж байна гэж үзэж байна. С.И нь СХХК-тэй гэрээ байгуулсан борлуулагч мэт харагдаж байгаа боловч СХХК-иас иргэн Х.000т гэрээний дагуу хүлээлгэн өгсөн барааны борлуулалтыг дэмжих зорилгоор ажилладаг ажилтан болох нь гэрээнээс харагдаж байгаа тул эд хөрөнгийн хариуцлага хүлээх ёсгүй юм.
... Иймд хариуцагч С.И, нэхэмжлэгч СХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан тус бүрдээ 3 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: СХХК, С.И нарын хооронд 2012.10.26-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.6 дахь хэсэгт гэрээний хугацааг ажил олгогч тал гараар бичдэг боловч уг гэрээнд гэрээний хугацааг бичээгүй орхисон байсан. Гэрээний 1.7 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг дүгнэн хугацааг харилцан тохиролцож сунгана. Талууд гэрээний үүргээ хэвийн биелүүлж байвал гэрээ нэг жилээр сунгагдсанд тооцно. Мөн гэрээний 5.1.2-т Ажил олгогчтой байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээг цаашид сунгахгүй болсон. гэж тус тус зааснаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан болох нь харагдана.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2014 оны 5 дугаар сарын 08-нд Борлуулалтын болон Барьцааны гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурьдсан дүр үзүүлсэн болон хууран мэхэлсэн асуудал байхгүй юм. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Борлуулалтын болон Барьцааны гэрээ нь талуудын хүсэлт зоригийг илэрхийлсэн, хуульд нийцсэн хэлцэл байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Иаас 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэгч Схязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хариуцагч С.И, нэхэмжлэгч СХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан тус бүрдээ 3 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.519 /хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуун арван ес/ төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.900 /Нэг зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: ... Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Анхны хуулбар урьд нь нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ" гэж, ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гарган өгсөн 2014.05.08-ны өдрийн Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ, 2013.11.12-ны өдрийн 13/05 дугаартай Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ, мөн хариуцагч С.Игийн СХХК-д гарган өгсөн 21.381.968 төгрөгийг төлөх тухай бичмэл баримт зэрэг баримтуудыг хуулбараас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлсэн гэх үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж буруу дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхээс бодит үнэнд нийцээгүй шийдвэр гаргахад хүргэсэн.
2014.05.08-ны өдрийн Барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээг тодорхойлсон байхад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжпэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
2013.11.12-ны өдрийн 13/05 дугаартай Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээний 4.21-д зааснаар гэрээт борлуулагч (Х.000) нь худалдааны төлөөлөгч (С.И) -тэй тооцоо нийлэх үүрэгтэй бөгөөд 2014.10.11 -нд тэд тооцоо нийлж гарын үсгээ зурж баримт үйлдсэн байдаг. Дээрх баримтанд С.И нь Х.000т өглөгтэй гэж бичсэн байдаг ч энэ нь СХХК-ийн С.Ид хүлээлгэн өгсөн барааны үнэ юм.
Иймд хариуцагч С.Игаас барааны үнэ 19.313.760 төгрөг гаргуулж, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөр гаргуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Свийтрөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Игаас барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.И нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх ...борлуулагчийн гэрээний заалтад компани, борлуулагчийн хооронд барааг хэрхэн нийлүүлэх, тооцоог хэрхэн, яаж хийх талаар тусгасанаас гэрээт борлуулагчаас борлуулагч бараа авах, түүнтэй тооцоо нийлэх талаар тусгаагүй, гэрээт борлуулагч Х.000 нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн эрх үүрэгтэйгээр оролцоогүй, түүнийг оролцуулах талаар зохигч хүсэлт гаргаагүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч СХХКомпаний С.Игаас 19.313.670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч 2014 оны 05 сарын 08-ны өдөр борлуулагчийн гэрээг үндэслэж, борлуулагчаар ажиллаж байхдаа гаргасан дутагдал 19.313.670 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар зарлагын баримтууд ирүүлсэн байх боловч зарим баримт засвартай, гарын үсэг, тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Хариуцагч С.И гэрээт борлуулагч Х.000тэй тооцоо нийлж, түүнд 21.381.900 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагч дээрх төлбөрийг Х.000т төлөхөөр тусгаснаас нэхэмжлэгчид төлөх талаар тусгаагүй, гэрээт борлуулагч Х.000 нэхэмжлэгчийг төлөөлж борлуулагчтай тооцоо хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.
Борлуулагчийн гэрээтэй борлуулагч нь компаниас бараа авах, компанитай тооцоо хийх талаар гэрээнд тусгасан байх ба борлуулагчид нийт хэдэн төгрөгний бараа хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөгний тооцоо хийсэн нь тодорхойгүй, тооцоо нийлсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй учир хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тооцоо хийх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Т.ГАНБАТ
,