Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Р.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......................... тоотод суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Р.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Р.Г нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, 4-2 тоотод оршин суух А.Ө  “Оюу толгой ХХК-д өндөр цалинтай ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр А.Ө 6,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч А.Ө “...би 2018 оны 07 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Бэлэндалай өртөөнд ажиллаж байхад Г гэдэг залуу надтай хамт ажилладаг Б ирж уулзан Оюу толгойн охин компанид сарын 2,800,000 төгрөгийн цалинтай ажилд 4-5 хүн оруулж өгнө, ажилд орох хүн байвал хэлээрэй гэж хэлээд явсан байсан. Тухайн үед манай хүү ажилгүй байсан болохоор хүүгээ ажилд оруулъя гэж бодоод Б Г утасны дугаарыг авч хүүгээ ажилд оруулах талаар ярихад 6 сая төгрөг миний данс руу хийчих, 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажил эхлэнэ гэж хэлэхээр нь банкнаас цалингийн зээл авч 6 сая төгрөгийг Г Хаан банкны ....... тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Г удахгүй бүтнэ гэсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ утсаа авахаа ч болсон” “...хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Гэрч Ч.Б “....маргааш нь манай ажлынхан өчигдөр ирсэн хүн Оюутолгойд 4-5 хүн оруулна гэж байна гэж  хоорондоо ярьж байхыг манай мастер Өнөрсайхан сонсоод ямар гоё ажил вэ, тэр хүнийхээ утасны дугаарыг мэдэх үү, яриад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд Өнөрсайхан мастерын утсаар Г рүү ярьсны дараа Ө өөрөө Г ярьж тохирсон. Яг юу ярьсныг нь сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 20-ны хавьцаа Ө мастер Г аавынх нь утас, хаягийг мэдэх үү гэж асуусан”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүгдэгч Р.Г “…Ө 6 сая төгрөг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр намайг Орхон аймагт байхад миний ........ тоот дансанд орсон. Тухайн үед би Хаан банкны аль нэг салбараас уг мөнгийг гаргаж аваагүй, миний дансанд байсан. Зарим мөнгийг нь мобайл банкаар бусад руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Р.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Ө нь 6,000,000 төгрөгөө буцаан авсан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч орлого олох боломжтой, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овогт Р.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй, ялтнаас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД