| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0115/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 124
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч А.Д,
Шүүгдэгч К.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт К.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, хамгаалагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .............. суух, ял шийтгэлгүй, Ш овогт К.О,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас К.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч К.О нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Күен диско бааранд А.Д-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Д-ын “...манай хэд түрүүлж гараад Б бид хоёр араас нь гарч байсан чинь зөөгч нь тооцоогоо хийгээгүй байна гэхээр нь хийсэн шүү дээ гээд тэрнээс болоод маргаан үүссэн. Тэгсэн чинь нэг залуу миний нүүр рүү цохиод би газар унаад юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь цагдаагийн машин дотор явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Г.А-ийн “...Манай хамгаалагч О тэр залууг гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч О.Б-ийн “...Д нэг хүнтэй маргалдчихсан зодуулчихлаа гээд хамарнаас нь цус гарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаартай “...А.Д-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20/,
Шүүгдэгч К.О-ын “...А.Д миний нүүр рүү шууд гараараа цохихоор нь миний үүр хүрээд Д-ыг зөрүүлээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд К.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч К.О хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 400,000 төгрөг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч К.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт К.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт К.О-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД