Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 14

 

Н.Түмэндоржид холбогдох захиргааны

 зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,  Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, ******* өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан ******* давж заалдсан гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Гомдол гаргагч ******* 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай “захиргааны арга хэмжээ авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Ж.Жамьянтив давж заалдсан гомдолдоо: Миний бие 2016 оны 6 сард явагдсан Аймгийн ИТХ-ын 10 дугаар тойргийн сонгуулийн үр дүнг үл хүлээн зөвшөөрч 2016 оны 7-р сарын 04-ний өдөр нутаг дэвсгэрийн харьяалалын дагуу Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтэст зөрчлийг шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн билээ. Мөрдөн байцаагч цагдаагийн ахмад ******* нь зөрчил шалгуулах хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийгээд 2016 оны 07 дугаар сарын 18-ний 39/6-228 огноотой албан бичгээр шүүхэд материалыг шилжүүлжээ. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг хянаад нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр даалгаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1/129 дугаартай албан бичгээр материалыг буцаан шилжүүлжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар “Захиргааны шийдвэр ногдуулахаас татгалзах тухай захирамж гаргажээ. Энэхүү захирамжийг үл хүлээн зөвшөөрч Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг үндэстэй гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 40 дугаартай магадлалаар Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн захирамжийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Миний бие Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар захирамжийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргасныг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 04 тоот шүүгчийн захирамж гаргажээ. Миний бие Монгол шуудан компанид хандаж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн 03 дугаартай захирамжийг гардаж хүлээлгэн өгсөн тухай албан тоотыг илгээмжийн цахим бүртгэлийн лавлагааны хамт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн мейл хаягаар хүргүүлсэн боловч шүүгч Б.Өлзийхишиг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 06 тоот захирамжийг дахин гаргасан. Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 06 тоот захирамжийг хүчингүй болгож, миний давж заалдах боломжийг олгож, иргэний эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч Ж.Жамъяантивийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдсан гомдлыг хүлээж авахаас татгалзсан захирамжинд гомдол гаргасан тухайд Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар тухайн шийдвэрийг хүлээж авсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Анхан шатны шүүхийн захирамжийг Ж.Жамъяантивд өөрт нь биш хүү Ж.Мөнх-Эрдэнэд гардуулсан байсан. Харин Ж.Жамъяантив тэр захирамжийг яг хэдийд гардаж авсан нь хавтаст хэрэгт авагдсан материалд тодорхой харагдахгүй байгаа юм. Мөн анхан шатны шүүх гомдлыг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, хүлээж авсан бүртгэл дардас зэрэг нь байхгүй байна. Иймээс процессийн алдаа гарсан байж болзошгүй байна. Ж.Жамъяантивийн гаргасан гомдлыг дэмжиж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Н.Түмэндоржид холбогдох ******* гомдолтой сонгуулийн маргаантай холбоотой захиргааны зөрчлийн материалыг урьд нь давж заалдах шатны шүүх 2016 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүх хуралдааны хэлэлцүүлэх шатнаас захиргааны зөрчилд холбогдогч, гомдол гаргагч нарт шүүх хуралдаанд оролцох эрхээр нь ханган оролцуулах нь зүйтэй гэж үзэн хэргийн мөн шүүхэд буцаасан.

Гэтэл тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар дээрх сонгуулийн маргаантай захиргааны зөрчлийн материалыг шийдвэрлэж 03 тоот шүүгчийн захирамж гарган захиргааны шийтгэл Н.Түмэндоржид ногдуулахаас татгалзжээ.

Тухайн шүүгч нь урьд нь энэ захиргааны зөрчлийн материалыг шийдвэрлэж байсан шүүгч нь биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс захирамж хүчингүй болж ирсэний дараа ямар хууль, тогтоолыг үндэслэн хэргийг авч шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “... Хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөны тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн захирамж гарган томилно” гэж заажээ.

Захиргааны зөрчлийн материал нь Захирагааны хариуцлагын тухай хуулиар зохицуулагддаг ч давж заалдах журмаар болохоор эрүүгийн хэрэгтэй адилхан байдлаар шийдвэрлэгддэг учраас дээрх хуулийн заалт нэгэн адил хамаарах юм.

Ийм учраас Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж буюу шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслээгүй шийдвэрлэсэн шүүгч Б.Өлзийхишигийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамж хууль ёсны болж чадаагүй байна.

Түүнчлэн тухайн захиргааны зөрчлийн материалд ерөнхий шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдаагүй байгаа учраас хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж гомдол гаргагч ******* гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Н.Түмэндоржид холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

Б.НАМХАЙДОРЖ