Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 37

 

Л.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн таслан шийтгэсэн 16 дугаар тогтоолтой Л.Шд холбогдох 17258 дугаартай хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Завхан аймгийн Чандмань-Өлзийт сумын 10 дугаар баг, ам бүл 6, тэмээ 2, адуу 3, үхэр 2, ямаа 16, хонь 27, гэр 1, бичиг мэдэхгүй, ял шийтгүүлж яваагүй, Галуутайн хийдэд лам явсан боловч мяндаг тушаалгүй, татагдахын өмнө малын ажилтай байсан, 1909 онд төрсөн, нас 39, эрэгтэй ард, Лхам /Лхамсүрэн/-ын Шүхэрхүү.

 

Л.Ш нь “1947 онд Завхан аймгийн Чандмань сумын ард түмний мухар сүсгийг ашиглан мунхруулж, мал, эд зүйлсийг өргөл барьцанд авч хувийн ашгийг хичээсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн таслан шийтгэсэн 16 тогтоолоор “Лхамсүрэн овогтой Шүхэрхүүгийн биеийг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 2 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэж,

Л.Шгийн бусдаас хууран мэхэлж ашигласан гүү 1, комбинат гутал 1, хөөрөг 1, Даш хадаг 3-ыг тус тус хурааж, улсын орлого болгож” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Лхамсүрэнгийн Шүхэрхүү нь 1947 онд Завхан аймгийн Чандмань сумын ард иргэдийг мухар сүсгээр төөрөгдүүлж, эд зүйлийг нь авч ашигласан ашгийг хичээсэн зүйл ангиар шийтгүүлсэн. Л.Шд холбогдох хэргийн ялын төлөвлөгөө нь 1948 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдэж бэлтгэл хурлын тогтоол 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан байдаг. Харин шийтгэх тогтоолын огноо 1948 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж бичигдсэн. Тухайн үед бэлтгэл хурал хийгдсэн өдөртөө хурлууд хийгддэг байсан бөгөөд 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байх боломжтой юм. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгуулж, Л.Шг цагаатгах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн таслан шийтгэсэн 16 тогтоолоор таслан шийдвэрлэсэн Л.Шд холбогдох хэрэгт хуулийг илт буруу хэрэглэсэн шинэ нөхцөл байдал илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Лхам /Лхамсүрэн/-ын Шүхэрхүүг “Жадамба, Жанчив, Нацаг гэх айлуудад шашны ном гүрэм уншиж тэднээс өргөл барьц авч хувийн ашгийг хичээн хуулийг зөрчсөн” гэх гэмт хэрэгт холбогдуулж БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр 2 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, бусдаас хууран мэхэлж ашигласан гүү 1, комбинат гутал 1, хөөрөг 1, Даш хадаг 3-ыг тус тус хурааж, улсын орлого болгож шийтгэсэн” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг” гэх хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэл мөн болно.

 

Иймд Л.Шд 2 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорих ял оногдуулсан Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн таслан шийтгэсэн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.Шд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1948 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн таслан шийтгэсэн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэнгэсэн үндэслэлээр Л.Шд холбогдох 17258 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Лхам /Лхамсүрэн/-ын Шүхэрхүүг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

                                                               Ч.ХОСБАЯР

 

                                                            Б.ЦОГТ

 

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН