Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 123/2018/0006/З |
Дугаар | 221/МА2019/0628 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0628
“Ас” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч улсын байцаагч Г.Х нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ас” ХХК-ийн гомдолтой, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.21, 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс 57,505,252 төгрөгийн зөрчилд ногдох 3,975,392.4 төгрөгийн нөхөн татвар, 3,204,640.1 төгрөгийн торгууль, алданги , нийт 7,180,032.4 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 38,689,851.1 төгрөгийн зөрчилд ногдох 3,868,985 төгрөгийн нөхөн татвар, 773,797 төгрөгийн алданги, нийт 4,642,782 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, “Ас” ХХК-ийн гомдлын энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захирал Ө.Н 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд өгсөн тайлбар болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг, сар бүр жишиг татвар 25000 төгрөг иргэнээр тушаадаг байсан бөгөөд нягтлан нь тухайн хүнсний дэлгүүрийн худалдан авалтын баримтыг “Ас” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгасан, хүнсний барааны падаан шивсэн гэсэн байна. Тухайн хүнсний дэлгүүр иргэн Ө.Н ажиллуулдаг байсан буюу “Ас” ХХК-д хамааралгүй байтал дэлгүүрт худалдан авсан барааны худалдан авалтын баримтыг хассан. Мөн худалдан авалтыг баримтыг “Ас” ХХК-ийн тайланд тусгаж хасалт хийсэн атал борлуулалтын орлогыг тусгаагүй байгаа нь татвар бууруулах арга юм. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.4, 14.4.2 дахь заалтыг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хувьд Ө.Н, Д.Ж нарынх боловч “Ас” ХХК-ийн санхүүгийн балансад үндсэн хөрөнгөөр бүртгэж, компанийнхаа нэрээр төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хасагдах зардалд хүртэл тусгасан байна. Мөн Ө.Н , Д.Ж нар иргэний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар огт төлж байгаагүй, “Ас” ХХК нь 100 хувь Ө.Наранхүүгийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тул үл хөдлөх эд хөрөнгийн татварыг балансад бүртгэснээр уг аж ахуйн нэгжид ногдуулах нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Наранхүүг удаа дараа дуудсан боловч эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирэх, хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүргээ удаа, дараа биелүүлээгүй, шалгалтад хамрагдах хугацаанд санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгөөгүй, татварын байцаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд удаа дараа саад учруулж байсан нь татвараас зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсаар “2013-2016 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос анхан шатны баримтгүй, борлуулалтын болон үндсэн бус үйл ажиллагааны зардал оруулан хасаж, татвар ногдох орлогыг нийт 20 826 090 төгрөгөөр бууруулсан, 2014-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг үндэслэлгүйгээр бууруулж, 55 769 013.1 төгрөгийн зөрчил гаргасан, 2013-2014 он үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүнгээ бууруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулж, 19 600 000 төгрөгийн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр “Ас” ХХК-д 7 844 377.3 төгрөгийн нөхөн татвар, 3 978 437.1 төгрөгийн торгууль алданги, нийт 11 822 814.4 төгрөгийн төлбөр оногдуулжээ.
Гомдол гаргагч “Ас” ХХК-иас “хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, компанид хамааралгүй хүмүүсийг татан оролцуулж, анхан шатны баримтыг бүрэн гүйцэт шалгахгүйгээр шийтгэл оногдуулсан, актаар тогтоосон зөрчлөөс компанийн үйл ажиллагаанд хамааралгүй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг шивсэн, анхан шатны баримтгүй зардлыг хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нөхөн төлүүлэх тогтоосон гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчлийг гомдол гаргагч хуулийн этгээд гаргасан, анхан шатны баримтуудаа гаргаж өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байсан учраас тайлан, тэнцэл, хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлан акт тогтоосон” гэж тус тус маргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус зааснаар улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүрэгтэй, энэхүү чиг үүргээ хариуцагч улсын байцаагч нь зохих ёсоор хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.
Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл биш буюу гомдол гаргагч “Ас” ХХК-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт тодорхойгүй, нягтлан бодогч нь байхгүй, дуудсан цагт удаа, дараа хүрэлцэн ирээгүй нөхцөл байдалтай холбоотой, гомдол гаргагчийн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д заасан татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, холбогдох анхан шатны баримтыг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч хуулийн этгээдийн захирлыг дуудсан байх боловч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:”, 1.1-д “1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;”, 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, баримт сэлтийг цуглуулж, бодит байдлыг бүрэн тогтоох байсныг дурдах нь зүйтэй.
Ийнхүү хариуцагч татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулж, “Ас” ХХК-ийг татварын холбогдох хуулиудыг зөрчсөн эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн анхан шатны баримтуудыг шалгаж, холбогдох тайлбарыг аваагүй, дээрх байдлаар гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татварын хяналт, шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулах боломжгүй байсан болох нь тогтоогдсон, гомдол гаргагчаас энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “2014-2016 онд үндсэн үйл ажиллагааны чиглэлд холбогдолгүй 19 186 662 төгрөгийн хүнсний материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд оруулан хасалт хийсэн, 2015-2016 онд 16 289 100 төгрөгийн мах, сүү, өндөг гэх мэт түүхий эд худалдан авсан гэж тайлагнасан, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 20 293 251.1 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тусгасан, 2013-2016 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос 20 826 090 төгрөгийн баримтаар нотлогдохгүй удирдлага борлуулалтын зардал, үндсэн бус үйл ажиллагааны зардал бичиж татвар ногдуулах орлогоо тус тус бууруулсан, 2013 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй, 2014 онд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүнгээ 5 600 000 төгрөгөөр, 2015 онд 6 000 000 төгрөгөөр бууруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулсан зөрчил гаргасан” гэж үзсэнийг шүүхээс зөвтгөн, холбогдох нотлох баримтыг нөхөн бүрдүүлж, зөрчлийн хэр хэмжээг тогтоох боломжгүй төдийгүй анхан шатны шүүхэд гаргаж өгсөн зөвхөн гомдол гаргагч хуулийн этгээдийн өөрийнх нь тамга, тэмдэг бүхий баримтууд болон нотлох баримтын шаардлага хангахгүй бусад баримтуудад үндэслэн шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд бүрэн гүйцэд дүгнэлт хийх боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс гомдол гаргагч “Ас” ХХК-ийн нотлох баримтын шаардлага хангахгүй нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авч, түүнд үндэслэн маргаан бүхий актаар оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээг хассан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх, 3.1 дүгээр зүйлийн 1-д шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагчийн “...хэрэв анхан шатны баримтуудыг нягтлан шалгасан бол нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээ өөрчлөгдөх боломжтой” гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна.
Түүнчлэн, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ас” ХХК нь 2013-2016 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос анхан шатны баримтгүй хэдэн төгрөгийн зардал хассан, 2014-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвараа хэзээ, хэзээ, хэрхэн бууруулсан болохыг тусгайлан дурдаагүй төдийгүй бодит байдалд санхүүгийн анхан шатны баримтуудыг үзэж шалгасан бол ямар хэмжээний зөрчилд, хэдэн төгрөгийн торгууль, алданги ногдуулахаар байсан болох, мөн иргэн Ө.Н үнэхээр дэлгүүр түрээсэлж үйл ажиллагаа явуулсан эсэх, уг үйл ажиллагааны явцад худалдан авалт хийж, бусдад борлуулсан бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын баримтыг “Ас” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгаж, хасалт хийснээр иргэн Ө.Наранхүүгийн дэлгүүр түрээсэлж явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогыг гомдол гаргагч хуулийн этгээдийн тайланд тусгах үндэслэлтэй эсэх, ийнхүү тусгаагүй нь “Ас” ХХК-ийн гаргасан татварын зөрчилд хамаарах эсэх зэргийг шүүхээс тус тусад нь ялган зааглаж дүгнэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчид тухайн актыг шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг шалган тогтоож, тохирсон шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал учир шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч татварын улсын байцаагч нь “Ас” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шалгаж, холбогдох зөрчлүүдийг гаргасан эсэхийг бүрэн тодруулж, холбогдох хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...шийдвэрийг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд татварын улсын байцаагч дахин шинэ акт гаргахгүй бол Төв аймгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН