Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 115/2017/0022/З |
Дугаар | 001/ХТ2018/0264 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/0264
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
“У т з”-ын нэхэмжлэлтэй,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын
Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг
ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх,
ашиглуулах 01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын
ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Даланжаргалан сумын Олон-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн дүгнэлт, Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т л” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах”
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Т.Бат-Эрдэнэ,
Хариуцагч Ажлын хэсгийн даргын өмгөөлөгч Б.Мөнхбат,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Энхтайван нарыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, “Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т л” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У т з”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 01/2017 дугаар төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/MA2018/0238 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Учир нь: Нэг. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүхий л нотлох баримтыг цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийг шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч нь: “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны А/49 тоот захирамжаар Даланжаргалан сум Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах, 01/2017 тоот төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт хүчингүй болгуулах”, Сумын Засаг даргын төслийн ялагчтай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ болон захирамжийг хүчингүй болгуулах, Төсөл сонгон шалгаруулалт дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр шаардлагын гол үндэслэлээ өөрийн компанид тодорхой 3 шалгуур үзүүлэлтээр бага оноо өгсөнтэй холбон тайлбарлаж, эл үндэслэлээр мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон маргаж буй үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төсөл сонгон шалгаруулалтад хүргүүлсэн бүхий л материал болох 10 хавтас баримтыг хариуцагчаас гаргуулан, шүүх хуралдаанд нотлох баримтаар нэг бүрчлэн шинжлэн судалж шийдвэрээ гаргасан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй үндэслэл тус бүрийг гуравдагч этгээдийн баримттай харьцуулах замаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн журам тогтоосон байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, маргаагүй бусад 16 шалгуур үзүүлэлтийг шалгах ёстой хэмээн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
8. Хоёр. Маргаан бүхий газарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хөрөнгө оруулалт хийсэн эсэх асуудал маргаанд хамааралгүй бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн байдал нь тухайн компанид сонгон шалгаруулалтын давуу эрх олгох, шүүх шийдвэр гаргахад харгалзах үндэслэл болохгүй юм. Үүний зэрэгцээ газар эзэмших эрх гуравдагч этгээд болох “М т л” ХХК-д олгогдсон тохиолдолд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У т з”-ын гаргасан хөрөнгө оруулалтыг төлөх талаар талууд хэлэлцэн тохиролцсон баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. /хэргийн 128 дугаар тал/
9. Гурав. Давж заалдах шатны шүүхэд хэрэг ирүүлэхдээ нотлох баримт /нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн сонгон шалгаруулалтад өгсөн материал/-ыг ирүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн эл алдааг засахын тулд шийдвэр хүчингүй болгох бус дутуу ирүүлсэн материалыг шаардан авах замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн материалыг дутуу ирүүлсэн асуудал нь шүүхийн өөрийн ажлын зохион байгуулалттай холбоотой асуудал болохоос биш шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин ажиллагаа явуулах, нотлох баримтыг дахин цуглуулах үндэслэл болохгүй. Мөн хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын материалыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байдал нь “баримтыг харьцуулан үзээгүй байна” гэсэн дүгнэлтэд хүрэх үндэслэл биш юм.
10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, сумын Засаг даргын 2017 оны А/49 тоот захирамжаар байгуулагдсан 01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн агуулгад нийцээгүй байна. Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сонгон шалгаруулалтанд ирүүлсэн нотлох баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болжээ.
13. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бүхий л нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар болон хэргийн оролцогч нарын хүсэлтээр хангалттай цуглуулж, анхан шатны шүүх хуралд хэрэг хянан шийдвэрлэж байхдаа харьцуулан судалж, үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт нийцсэн шийдвэр гаргасан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ч тодорхой тусгагдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх харин ч эсрэгээр нь 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт нийцээгүй гэж бодит байдлаас зөрүүтэй үнэлэлт дүгнэлт өгсөн нь хуулийг буруу хэрэглэж давж заалдах шатны магадлал гаргасан үзэж байна.
14. Мөн Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 6 хавтас, гуравдагч этгээд “Монголиан транс ложистик” ХХК-ийн 4 хавтас төсөл сонгон шалгаруулалтад өгсөн баримт материалыг хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан атлаа давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй учир давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн юм.
15. Давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй гэх нийт 10 хавтас баримт материал нь анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх үед үнэлэлт дүгнэлт өгсөн харьцуулсан судалсан бүхий л нотлох баримтууд хэрэгт давхардан авагдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий л нотлох баримт хэрэгт авагдсан тодорхой байхад эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж хуулийг буруу хэрэглэж дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь буруу байна.
16. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
18. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” А/88 дугаар тушаалаар “Сумын Засаг даргын 2017 оны А/49 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулагдах газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулж, тус ажлын хэсгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд “М т л” ХХК 414 оноо буюу 82.8 хувьтай үнэлэгдэж төслийн ялагч болсон, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” 390 оноо буюу 78 хувьтай үнэлэгджээ.
19. Нэхэмжлэгчээс “Даланжаргалан сумын Олон-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн дүгнэлт, Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т л” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгон шалгаруулалтын зарим асуултуудаар /№7, 15, 19/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д холбогдуулан гаргасан үнэлгээ нь бодит бус, төсөл сонгон шалгаруулалт нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”, ... №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн 9-д заасан “Төслийг үнэлэх, шалгаруулах” журмыг болон Захиргааны ерөнхий хуулийн 32, 94, 95, 96 дугаар зүйлийг зөрчин ялагчтай гэрээ байгуулж, газар ашиглуулах тухай захирамж гаргасан гэж маргасан байна.
20. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1.2-д “хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах”, 9.1-д “Тухайн шатны Засаг дарга...нь зард заасан төсөл хүлээн авах хугацаа дуусах өдөр төсөл шалгаруулах Ажлын хэсгийг томилж, төсөл шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлнэ”, 9.7-д “Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Зард заасан баримт бичиг бүрдэл дутуу тохиолдолд Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл төслийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэр гаргана”, 9.8-д “Ажлын хэсэг ... сумын газрын даамал...урьдчилан тогтоосон ... үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина”, 9.11-д “Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр дүгнэлт гаргах...”, 9.12-д “Ажлын хэсэг хуралдаж, төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг бичгээр үйлдэж, он, сар, өдрийг тодорхой тэмдэглэж, гишүүн тус бүр гарын үсэг зурсан байна”, 10.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж ... сумын газрын даамал...гэрээ байгуулна...” гэж заасан байх тул ажлын хэсгээс холбогдох хууль, журамд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
21. Давж заалдах шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, ажлын хэсгийг гишүүдээс төслийн баримт бичигт өгсөн оноо нь бодитой, шударга байсан эсэхийг тогтоохыг тулд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын төсөл сонгон шалгаруулалтад хүргүүлсэн баримт бичигт харьцуулсан дүгнэлт хийгээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.3 тус тус заасантай нийцэхгүй байна.
22. Тодруулбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс сонгон шалгаруулалтанд ирүүлсэн төслийн нийт 9 хавтас материалыг Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас эх хувиар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зарим баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан хэргийн материалд авч шүүх хуралдаанд шинжлэн судалсан бөгөөд тэдгээрээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг үнэлээгүй болохыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. Харин анхан шатны шүүх дээрх 9 хавтас материалыг давж заалдах шатны шүүхэд хэргийн хамт ирүүлээгүй алдаа нь нотлох баримтыг үнэлсэн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
23. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд сонгон шалгаруулалтыг баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтээр бага оноо авсан 3 асуудлаар хангалттай дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхээс харьцуулсан дүгнэлт хийгээгүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь шүүх сонгон шалгаруулалт журмын дагуу явагдсан эсэхийг хянахаас бус ажлын хэсгийн гишүүдийн дотоод итгэлээр үнэлсэн оноог бууруулах эсхүл өсгөх байдлаар шийдэл хийх боломжгүй тул “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын төсөл сонгон шалгаруулалтад хүргүүлсэн баримт бичигт харьцуулсан дүгнэлт хийгээгүй” гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу юм. Тиймээс тус маргаанд холбогдох “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
24. Харин анхан шатны шүүх хуулиар нарийвчлан заасан, өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тусгайлан зохицуулахаар заасан эрх зүйн энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан дээрх хуулийн заалтыг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0238 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115/ШШ2018/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлүүдэд” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН