Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 27

 

                                         Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                    

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Ц.Сосорбарамын  нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох 
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Сосорбарам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа нараас эвлэрлийн гэрээ байгуулсныг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сосорбарам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг дарга, Сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зориулалтын бус зарцуулсан нь тогтоогдсон гэжээ.
2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжаар иргэн Ц.Сосорбарам миний биеийг хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас халсан. Дээрх захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн ноцтой үйлдэл гаргаагүй төсвийн хөрөнгийг үр ашиггүй зориулалтын бус зарцуулсан зүйл байхгүй.
Аймгийн Засаг даргын дээрх үйлдэл нь иргэн миний эрхийг зөрчиж байх тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар Аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Сосорбарамын аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд: Ц.Сосорбарам нь Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан.
 Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүү хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд шалгалтыг явуулсан.
Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Сосорбарам нь “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад санхүүгийн холбогдолтой эрх зүйн актуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэргээс шалтгаалж улсын байцаагчийн 4 төрлийн актаар 10.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож, төсвийн шууд захирагчийн цаашдын үйл ажиллагаанд баримталвал зохих 12 саналыг хүргүүлсэн.
Аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, Боловсрол, соёлын  газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Ц.Сосорбарам нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5.3-т заасан 2016 оны тайлан, илтгэх хуудсаа холбогдох газруудад гэрээнд заасан хугацаанд нь ирүүлээгүй.
Дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 13.1.5-д Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ...төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9 “Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх зэрэг үүргээ зөрчсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Ц.Сосорбарамын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бопгож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Сосорбарам миний бие тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч талаас Ц.Сосорбарамыг Спортын төрөлжсөн сургалттай сургуульд биеийн тамирын багшаар ажилд авч, мөн нэхэмжлэлийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтийг хүлээн авч, ажлаас халсан тушаалыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болгож өөрчилж, амралтын мөнгийг тооцож олгох тухай шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сосорбарамаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /х.х-н 1-2/
Уг маргааны үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, “Дотоод аудитын албаны дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр удирдамжийг үндэслэн Архангай аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2014 оноос 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүү хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 16-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж, улсын байцаагчийн 17/09/139, 17/02/140, 17/02/141, 17/02/142 дугаар бүхий 10.527.140 сая төгрөгийн төлбөр тогтоосон акт тавигджээ. /х.х-н 6-31/

Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Сосорбарам, Булган сумын Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний тайлан ирээгүй гэх тул төсвийн ерөнхийлөн захирагчаас үнэлэх боломжгүй буюу 0 хувийн үнэлгээтэй гэж үнэлж, гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авахыг санал болгожээ. /х.х-н 51, 72-79/

Дээрх гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ болон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн улсын байцаагчийн актыг үндэслэн  Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ц.Сосорбарамыг ажлаас халах тухай” б/35 дугаар захирамж гаргаж...аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон тул Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Сосорбарамыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс тус сургуулийн захирлыг ажлаас халжээ. /х.х-н 3/

Нэхэмжлэгч Ц.Сосорбарам дээрх маргаан бүхий /б/35/ захиргааны актыг хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн ноцтой үйлдэл гаргаагүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зориулалтын бус зарцуулсан зүйл байхгүй тул үндэслэлгүй гэж; хариуцагч маргаан бүхий б/35 дугаар захирамж нь холбогдох хяналт шалгалт, үнэлгээг үндэслэн гаргасан тул уг захиргааны акт нь үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Сосорбарам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа буулт хийж хариуцагч маргаан бүхий захиргааны актаа өөрчилж /2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар  “Ц.Сосорбарамын ажлаас халах тухай” захиргааны актаа “Ц.Сосорбарамыг ажлаас чөлөөлөх тухай” гэж/, амралтын мөнгийг тооцож олгохыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсоноо бичгээр илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /х.х-н 154/

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Сосорбарам Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Ц.Сосорбарамыг биеийн тамирын багшаар ажиллуулах тухай” Б/08 дугаар тушаалаар тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллах захиргааны акт гарсан болохыг тэмдэглэв.

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,  Ц.Сосорбарамын  нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “...2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулах...”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид харилцан буулт хийж, хариуцагч маргаан бүхий захиргааны актаа өөрчилж /2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар “Ц.Сосорбарамын ажлаас халах тухай” захиргааны актаа “Ц.Сосорбарамыг ажлаас чөлөөлөх тухай” гэж/, амралтын мөнгийг тооцож олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, Ц.Сосорбарамын  нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “...2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА