Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2018/00019

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2018/00019

 

 

 

И.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Заяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Онарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Бид холбогдох

Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 8 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Бид зодуулсны улмаас нүүрний хэвийн төрх алдагдаж, хамрын ясаа цөмлүүлж, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан юм. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, О.Бийг гэм буруутай болох нь тогтоогдон, шүүхээр шийдүүлсэн. О.Б миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд 5.660.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 6.000.000 төгрөгийг дараа өгөхөөр 2017 оны 9 дүгээр сарын 21 ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.Уг гэрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны төлбөрт 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 1.000.000 төгрөг буюу 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз өгөхөөр тохиролцсон. Эвлэрлийн гэрээ байгуулсны дараа эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлүүлсэн. Гэтэл гэрээнд тохирсон үлдэгдэл мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Би 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орж, Төгс Ялгуун эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж, дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Иймд 6.000.000 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И.Цт хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Би И.Цийг Улаанбаатар хот руу эмчилгээнд дагуулж явсан. Эм тарианы болон гарсан бүх зардлыг төлж байсан. Бид найз нөхөд учир И.Ц надад гомдол санал байхгүй, чи миний эмчилгээний зардлыг төлөхөд л болно гэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2 сар шахам болоод ирэхэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авахад гомдол гаргасан байна гэдгийг мэдсэн. И.Цийн өмгөөлөгч надад эвлэрлийн гэрээ байгуулбал ял хөнгөрч, эрүүгийн хэрэг чинь хурдан шуурхай шийдэгдэнэ, хэрэв үгүй гэвэл дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг хүндрүүлнэ гэсэн тул эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял авч эрүүгийн хариуцлага хүлээсэн. И.Цт эмчилгээний зардал 5.660.000 төгрөг төлсөн баримт хэрэгт байгаа. Тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч О.Баас 1.502.500 /нэг сая таван зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 4.497.500 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Цийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.550 төгрөг, бүгд 129.500 /нэг зуун хорин есөн мянга таван зуу/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38.990 /гучин найман мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Одавж заалдах гомдолдоо: Нэгдүгээрт: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолтой /ИХШХШТ хуулийн 65.1.6/.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Хэргийн 4-5 дахь хуудсанд ... Мөн зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээнд заасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 3 см-ийн 4 метрийн урттай 285 ширхэг банз буюу 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг хариуцагч О.Баас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэжээ. Үүгээрээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрийн 3-4 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан гэх Төгс ялгуун эмнэлгийн эмч Г.Бн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн байтал Төгс ялгуун эмнэлгийн 2018.02.01-ний өдрийн 486 дугаартай бичгийг үнэлж хариуцагчаас 1.502.200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Гуравдугаарт: ... 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Төгс ялгуун эмнэлгийн эмч Г.Бн 486 дугаартай тоотыг 2 талаас нь зөв, буруу, үнэлсэн, үнэлээгүй гэсэн салаа утгаар тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болсон гэхэд эргэлзээтэй болсон байтал хариуцагч О.Б ямар үндэслэлээр нэхэмжлэгчид 1.502.500 төгрөг төлөх болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б давж заалдах гомдолдоо: Миний бие И.Цт учруулсан хохирлоо өөрийнх нь хүссэн ёсоор нь бүрэн төлсөн, гомдол саналгүй гэсэн. Эвлэрлийн гэрээг шахаж шаардсан болохоор хийсэн гэдгийг удаа дараагийн шүүх хуралд үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Шүүх тус гэрээг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоосон.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэг мөр шийдэж өгнө үү. Шүүх хуралд миний өмгөөлөгч Д.Обиечлэн оролцоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч О.Баас эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 6.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

О.Б нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр И.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь зохигчийн тайлбар, шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Б нь хохирогчид учирсан хохирол, эмчилгээний зардалд 11.660.000 төгрөг төлөхөө илэрхийлснээс 5.660.000 төгрөгийг төлж, үлдэх 6.000.000 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан ч талууд хохирол, эмчилгээний зардлын талаар урьдчилан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан, энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолд эвлэрлийн гэрээний талаар дурдаж, хохирол төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулжээ. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн ...шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж заасан учир 6.000.000 төгрөгийг төлөхгүй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагчаас 1.502.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч шаардлагаа эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг гэж тодорхойлсон ч уг үүрэг нь О.Б нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаас үүссэн байх тул хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх бүрэлдэхүүнийг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч нарийн бүрэлдэхүүнтэй гэж буруу, дутуу бичиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг зөрчсөн байх боловч хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу томилогдсон бүрэлдэхүүнээр шийдвэрлэж, шийдвэрт шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурсан, тэмдэглэлд бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийн тавьсан асуулт тусгагдсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Цаашид ийм зөрчил гаргахгүй байвал зохино.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар гэж, улсын орлогод хэвээр үлдээж, гэснийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэж, нэхэмжлэгчид олгосугай. гэснийг улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38990 /гучин найман мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ