Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01469

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01587 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК, Ө.Ц нарт холбогдох, хөрөнгө итгэмжлэх гэрээний үүрэгт 357,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч Ө.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Ц-тай 2019 оны 03 сарын 06-ны өдөр түүний хүсэлтээр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл хүүгүй, 1 сарын хугацаатай шилжүүлэн өгсөн. Би 2019 оны 03 сарын 06-ны өдөр Х банкны өөрийн эзэмшлийн ********* тоот данснаас 150,000,000 төгрөгийг Ө.Ц-ын Х банкны ******** тоот дансанд шилжүүлэхдээ М итгэлцэл **** гэж шилжүүлсэн. Бидний дунд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дараа гэрээнд өөрчлөлт оруулан итгэлцлийн хугацааг 15 сар, итгэлцлийн хүүг 3 хувь, жилийн хүүг 36 хувь болгож, огноог 2019 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан. 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр дууссан. 2019 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний хүүгээс Ө.Ц-ын Х банкны ******** тоот данснаас 2019 оны 04 сарын 10-ны өдөр миний Х банкны ****** тоот дансанд 4,500,000 төгрөг хүү ц гэж шилжин орсон, өөр мөнгө орж ирээгүй. 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хугацаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр дууссаныг Ө.Ц мэдэж байсан. 2022 оны 01 сарын 26-ны өдөр Ө.Ц-т Ц энэ гэрээгээ өнөө маргаашгүй шинэчлэх хэрэгтэй байна гэж мессэж бичихэд тэрээр Ямар гэрээ хө гэхэд хариуд нь юун ямар гэрээ гэж мөнгө авсан гэрээ л байхгүй юу, өөр ямар байхав дээ гэхэд тэрээр Ок гэсэн хариу өгсөн. Ингээд 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний 7.3-т заасныг Ө.Ц мэдэж байгаа тул би уг гэрээг сунгагдсанд тооцсон. 2019 оны 04 сараас 2023 оны 02 сар хүртэл хугацаанд миний бие Ө.Ц-тай холбогдон хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар харилцан ярилцах, санал, хүсэлтээ гаргах, биечлэн уулзах зэргээр байнгын харилцаатай байсан боловч Ө.Ц-тай уулзах, утсаар холбогдох боломж 2022 оны дундаас хойш эрс цөөрсөн. М ХХК-тай байгуулсан 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г 2020 оны 07 сарын 06-ны өдөр дууссан, гэрээний 7.3-т зааснаар 2021 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл, 2022 оны 07 сарын 06-ны өдөр, улмаар 2023 оны 02 сарын 06-ны өдрийг хүртэл сунгагдсанд тооцож мөн өдрөөр дуусгавар болгож байгааг Ө.Ц-т мэдэгдэж, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн.

Иймд 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хугацаа 2023 оны 02 сарын 06-ны өдөр дуусгавар болсон тул гэрээнд зааснаар 2019 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 150,000,000 төгрөг хүүгийн төлбөрт 67,500,000 төгрөг нийт 217,500,000 төгрөг, 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 сарын 06-ны өдөр хүртэл хүүгийн төлбөрт 31,500,000 төгрөг, нийт 357,000,000 төгрөгийг Ө.Ц, М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ө.Ц хариу тайлбартаа: 2019 онд танил Ц.Э тааралдаж надад санхүүгийн хэрэгцээ гараад байна туслаач гэхээр нь багын найз Ц.Ц-тэй уулзуулсан, Ц.Ц 150,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг энэ хүнтэй байгуулж болж байна гээд Ц.Э-аас барьцаа баталгаа шаардсан. Ц.Ц банк бусаараа ямар нэг гэрээ, баталгаа гаргаж өгвөл би энэ ахад 150,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй өгч болно гэсэн саналыг Ө.Ц-т тавьснаар тэд 2019 оны 03 сарын 06-ны өдөр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулсан. Ц.Э-д 150,000,000 төгрөгийн зээл олгох нөхцөл болгосон гэрээ байгуулагдсаны дараа Ц.Ц 150,000,000 төгрөгийг Ө.Ц-ын Х банкны данс руу шилжүүлж, орж ирсэн мөнгийг нь Ц.Э-ын данс руу шилжүүлэн Ц.Ц, Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж Ц.Э-д зээлийн гэрээний үүрэг үүссэн. М ХХК-ийн дансанд Ц.Ц-ээс 150,000,000 төгрөг шилжиж орж ирээгүй ба Ц.Ц 150,000,000 төгрөгийг Ө.Ц-ын дансанд шилжүүлсэн тайлбар өгсөн. Хариуцагч нар 150,000,000 төгрөгийг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу авч ашиглаагүй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох этгээд биш болох үйл баримт тогтоогдож байна. Ц.Ц-тэй байгуулсан Ө.Ц-ын Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь Ц.Э, Ц.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд хариуцагч нь Ц.Э юм. Ц.Ц, Ц.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Э-аас нэхэмжлэх үндэслэлтэй гэжээ.

3. Хариуцагч М ХХК хариу тайлбартаа: М ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн болон итгэлцлийн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М ХХК нь нэхэмжлэгч Ц.Ц-тэй байгуулсан гэх 2019 оны 03 сарын 06-ны өдрийн гэрээ нь зээлийн системд бүртгэгдээгүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй, мөн гэрээний дагуу шилжүүлсэн гэх төлбөр нь ББСБ-ын дансанд орж ирээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 150,000,000 төгрөгийг иргэн Ө.Ц-ын Х дахь ******* тоот дансанд шилжүүлсэн болохоо дурдаж, нотлох баримтаар давхар баталгаажуулсан. Нэхэмжлэгч болон хариуцагч Ө.Ц нар шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж маргааныг шийдвэрлүүлэхдээ манай ББСБ-д мэдэгдээгүй байх бөгөөд маргааны агуулгад М ХХК-тай байгуулсан 2019 оны 03 сарын 06-ны өдрийн гэрээний дагуу хөрөнгө шилжүүлсэн гэх боловч эвлэрүүлэн зуучлалд иргэн Ө.Ц-ыг урьсан нь нэхэмжлэгч хариуцагчид анхнаасаа найз нөхдийн хүрээнд зээлийн зориулалтаар олгосон мөнгөнд Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г дүр үзүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Ө.Ц нь ББСБ-ын тамга, ашиглан хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус болохыг мэдсээр байж мөнгөн хөрөнгөө Ө.Ц-ын эзэмшилд шилжүүлэн өгсөн нь талуудын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ББСБ-д гэрээний дагуу шаардлага тавьж хандаж байгаагүй тул манай ББСБ нь шүүхээс мэдэгдэх хуудас ирэх үед энэ гэрээний талаар мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч М ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ө.Ц-аас 213,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,942,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ц-аас 1,222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Шүүх иргэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Ө.Ц бидний дунд зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хангалттай зөв, Иргэний хуулийн дагуу бүрэн нотолсон боловч уг зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд үргэлжилсэн болохыг үйл баримт болон хуульд зааснаар үнэлэхгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, гэрээний хугацааг талууд хэлэлцэн тохирч сунгасан үйл баримт тогтоогдоогүй... гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагчийн ам тайлбарт хөтлөгдөж үйл баримтаар нотлогдоогүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Ө.Ц 2020 оны 12 сарын 21-ний өдөр 150+94.5 гэж тооцоо хийхдээ хэд болжийн аан за за гэсэн асуултад бараг 250 гэж хариулсан, мөн нэхэмжлэгч би 2022 оны 01 сарын 26-ны өдөр Ц энэ гэрээгээ өнөө маргаашгүй шинэчлэх хэрэгтэй байна аа гэж асуухад тэрээр ямар гэрээ хө гэхэд нь би юун гэрээ гэж мөнгө авсан гэрээ л байхгүй юу өөр ямар гэрээ байхав дээ гэхэд тэрээр Ок гэж хариу өгсөн нь гэрээг сунгахаа зөвшөөрсөн нотлох баримт гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн гэрээний хугацаа сунгагдсан, зээлийн хүүгийн тооцоо хийж байсан баримтыг цахим-аар шүүхэд гаргаж өгсөн байхад нотлох баримт-д тооцолгүй, үнэлэхгүй миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 144,000,000 төгрөгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ө.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Нэхэмжлэгч Ц.Ц, М ХХК нарын хооронд хооронд байгуулсан гэх 2019 оны 03 сарын 06-ны өдрийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, 2019 оны 04 сарын 06-ны өдрийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн. Талуудын хооронд байгуулсан гэх хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ Ц.Ц, Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.

6.2.  Зээлийн гэрээний харилцаа Ц.Ц, Ө.Ц нарын хооронд үүсээгүй 150,000,000 төгрөгийг Ө.Ц өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй нь өөрийн Х банкны ********** дугаарын дансанд 2019 оны 03 сарын 06-ны өдөр шилжиж орж ирсэн 150,000,000 төгрөгийг мөн өдөр нь Ц.Э-ын ****** дугаарын дансанд шилжүүлж энэ мөнгийг Ц.Э өөрийн өмчлөлд авч ашигласан байдаг.

6.3.  Нэхэмжлэгч Ц.Ц-ээс зээлсэн 150,000,000 төгрөгийн үүргийг Ц.Э хариуцан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421-р ангиас бичгээр ирүүлсэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Ц.Э, нэхэмжлэгч Ц.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт нь нэхэмжлэгч Ц.Ц-ийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримт, хоригдол Ц.Э-ын шүүхэд гаргасан тайлбар, Х банкны дансны хуулга, хариуцагч Ө.Ц-ын гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогддог.

6.4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзал түүнийг нотлох зорилгоор Ц.Э-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг 2023 оны 09 сарын 27-ны өдөр гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ө.Ц болон М ХХК-д холбогдуулан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний үүрэгт нийт 357,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.Ц...гэрээний харилцаа Ц.Ц болон Ц.Э нарын хооронд үүссэн, гэрээний үүргийг Ц.Э хариуцах ёстой... гэсэн үндэслэлээр, хариуцагч М ХХК нь ...нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй... гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргажээ.

3. М ХХК, түүнийг төлөөлж Ө.Ц болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 03 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ тус тус хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ө.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ гэж зөв дүгнэж, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Учир нь, 2019 оны 03 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний дагуу мөн өдөр нэхэмжлэгч Ц.Ц-ээс хариуцагч Ө.Ц-ын эзэмшлийн данс руу 150,000,000 төгрөг шилжин орсон, улмаар 2019 оны 04 сарын 10-ны өдөр хариуцагч Ө.Ц-аас нэхэмжлэгч Ц.Ц-ийн эзэмшлийн данс руу 4,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.

Хариуцагч М ХХК-ийн гаргасан ...150,000,000 төгрөг тус байгууллагын санхүүгийн тайланд тусгагдаагүй, системд бүртгэгдээгүй... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ө.Ц нар баримтаар няцаагаагүй болно.

4. Иймд нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Ө.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-нд гэрээний хугацааг 15 сар, хүүг сарын 3% гэж тусгасан байх тул хариуцагч Ө.Ц-аас 150,000,000 + (150,000,000 х 3% х 15) = 217,500,000 4,500,000 = 213,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

5.  Нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ө.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй.

5.1. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хугацаа сунгагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Гэрээний талууд хоорондоо цахимаар харилцсаныг гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй.

5.2.  Хариуцагч Ө.Ц нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц-ээс түүнд шилжүүлэн өгсөн 150,000,000 төгрөгийг цааш нь Ц.Э гэх этгээд рүү шилжүүлсэн гэх үйл баримт нь Ц.Ц болон Ц.Э-ын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотлохгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Ц нь Ц.Э-ыг нэрлэн зааж, түүнд шилжүүлэн өгөөрэй гэж хариуцагч Ө.Ц-т даалгасан тухай баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагчаар гэрээний нэг тал болох Ө.Ц-ыг тодорхойлж, түүнд холбогдуулан шаардлага гаргасныг буруутгахгүй.

Гэрээний үүргийг би хариуцна гэх Ц.Э-ын тодорхойлолт хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй, улмаар Ц.Э-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

6.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ө.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ө.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 1,942,950 төгрөг, хариуцагч Ө.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 1,942,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР