Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01470

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02738 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ТБАГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53,127,251 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 668,233 төгрөгийг төлүүлэх, баталгаажилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Авах ёсгүй цалин авч байгууллагыг хохироосон 24,191,545 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Б, Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Н нь Б төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г-ийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн Б/65 дугаар хууль бус тушаалаар ажлаасаа халагдаж, иргэний хэргийн 3 шатны шүүхээр буруугүй болохоо тогтоолгосон. Гэвч Б төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, ажилд эгүүлэн томилоогүй. Иймд 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668,233 төгрөгийг төлүүлж, баталгаажилт хийлгэнэ. Энэ хугацаанд цалин хөлс нэмэгдсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53,127,251 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэнэ гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус төвийн захирлын 2022 оны 12 сарын 06-ны өдөр Б/59 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт дурдсан 5,345,868 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Б.Н-г нийгмийн ажилтны ажилд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн авах асуудал өөрөөс нь шалтгаалах үндэслэлээр өнөөдрийг хүртэл биелэхгүй байна. Тэрээр нийгмийн ажилтны ажлын байранд шаардагдах баримт бичиг бакалаврын дипломыг бүрдүүлэн байгууллагад ирүүлээгүй. Өөрийн бичиг баримтаа ирүүлэн ажилдаа эгүүлэн томилуулахыг уг тушаалаар болон мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн боловч 2023 оны 05 сарын 02-ны өдөр ирж уулзахдаа ажилдаа эргэж орохгүй тушаалаа гаргаад авчихвал буцаад өөрөө өргөдлөө өгнө гэсэн хариуг хэлдэг. Ажил олгогчийн хувьд Боловсролын болон Нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг хангуулсны дагуу өмнөх ажилд томилох асуудлыг Б/59 дугаар тушаалд тодорхой дурдсан болно. Эдгээр Б.Н-аас хамаарах нөхцөл байдлыг үндэслэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай Б/03 дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагаас үзэхэд нийгмийн ажилтан нь дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай. Дээрх хууль тогтоомжид заасан нийтлэг болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, зохих журмаар суралцаагүй атлаа өөрийн зохих шаардлага хангаагүйгээ мэдсээр байж санаатайгаар тухайн албан тушаалд томилогдсон. Иймд эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан. Түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно. Б.Н 2020 оны 08 сарын 17-ны өдөр тус төвд нийгмийн ажилтнаар томилогдсон бөгөөд 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл 18,845,677 төгрөгийн цалин хөлс авсан, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 5,345,868 төгрөг нийт 24,191,545 төгрөгийн авах ёсгүй цалин авч байгууллагыг хохироосон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Н-аас 24,191,545 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан нийтлэг шаардлагатай холбоотой тусгай шаардлагыг хангасан байгаа. Үүнтэй холбоотой дипломын хуулбар удирдлагын академид ажилласан магистрын дипломыг хавсаргаж өгсөн. Мөн Нийслэлийн **-р сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Өөрийн хүсэлтээр гарсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтуудаар нотлогддог. Гэтэл нэхэмжлэгчийг өмнө нь ажилд томилсон 3 шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ Б.Г биелүүлээгүй. Б.Н хуурамч бичиг баримт бүрдүүлээд ажилласан биш харин ажилд авч байгаа байгууллагын удирдлагууд хариуцлагаа хүлээх ёстой. Нэгэнт нийтэд илэрхий болсон анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар үгүйсгэгдэж, энэ нөхцөл байдлыг дүгнэсэн. Гэтэл Б.Н-г тус төвд ажилласан үр шимд бий болгосон энэ хөдөлмөрийг хохиролд тооцсон нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Б төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,318,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, цалин хөлстэй тэнцэх олговор 19,318,023 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Б.Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Б-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 33,809,228 төгрөг, 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668,233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, хариуцагч Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254,540 төгрөгийн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1.  Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Б.Н-д ажил үүргээ гүйцэтгэх түүнд тохирсон цалин хөлс авах боломжгүй нөхцөл байдал үүсэж энэ хугацааны цалин хөлс олох ёстой байсан орлогоор хохирсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Б.Н-ийн ажилгүй байсан хугацаанд буюу 2022 оны 06 сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн цалин хөлсөнд 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс шатлал ахисан ТҮБД-4 буюу сарын үндсэн цалин 1,337,000 төгрөг болон нэмэгдсэн, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 7-р хавсралтаар ТҮБД-4 шатлалын үндсэн цалинг 1,471,000 төгрөг болгон өөрчилсөн зэрэг нийтэд илэрхий эрх бүхий байгууллагын шийдвэр баримт, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.1.2, 102.1.3-т тус тус зааснаар цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт орж олох ёстой байсан орлогоо олох боломжгүй болсон ажил олгогчийн буруутай үйлдэл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд нь эгүүлэн томилоогүй цалин хөлсийг олгоогүй байдаг.

6.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас Б.Н ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон ба ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ажиллаж олох байсан орлого түүнийг тодорхойлохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлсийг олгох байхад өмнө нь авч байсан байнгын урамшуулал, нэмэгдэл цалин олговрыг тооцоогүй, нийтэд илэрхий баримтаар үндсэн цалингийн хэмжээ нэмэгдэж, өөрчлөлт орсныг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 33,809,228 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелэгдээгүй нь зөвхөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй нэхэмжлэгч талаас шалтгаалсан үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, зөвхөн хариуцагчийг буруутай мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болоогүй. Учир нь: хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 12 сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаал гаргаж, шийдвэрийг биелүүлсэн. Энэ ажил олгогчийн тушаалын дагуу нөхөн олговор олгогдсон харин нэхэмжлэгч өөрөө ирж ажилд томилогдох талаар ямар нэгэн идэвх санаачилга гараагүйгээс ажилдаа өнөөдрийг хүртэл ажиллаагүй нь дараах үйл баримт болон нотлох баримтуудаар тогтоогддог. Дээрх 2022 оны Б/59 дугаар тушаал болон мэдэгдэх хуудсыг Б.Н-д 2022 оны 12 сарын 08-ны өдөр, 2022 оны 12 сарын 12-ны өдөр, 2022 оны 12 сарын 26-ны өдөр тус тус и-мэйл хаягаар нь харилцаж, тушаалыг болон ажилд томилогдох тухай мэдэгдлийг илгээсэн. Тухайн тушаал болон мэдэгдлийг нэхэмжлэгч нь хүлээж авсан талаар маргаагүй. Харин тушаал болон мэдэгдлийг хүлээж авсан атлаа ирж уулздаггүй, ажилдаа орох талаар санал санаачилга гаргадаггүй, уулзахдаа би ажил хийхгүй чамаас мөнгө аваад яваад байж чадна шүү гэдэг. Энэ талаар уулзалтын тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тухайн нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн нь хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн томилох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй гэж дүгнэсэн нь бодит байдлыг анхан шатны шүүх зөв тогтоогоогүйг илтгэж байгаа юм.

7.2.  Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Б/59 дугаар тушаалыг хүлээж авсан даруй, хавсралтад заагдсан баримтуудыг ажил олгогчид гаргаж өгснөөр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх боломжтой байсан. Энэ үйл баримт нь үзлэгийн болон уулзалтын тэмдэглэл зэргээр хангалттай нотлогддог. Нэхэмжлэгч Б.Н-г өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс хууль зүйн үндэслэл бүхий болоогүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 19,318,023 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.3. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх бүртээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамаарна гэж үзэж тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж мэтгэлцдэг. Тиймээс талуудын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарна. Гэвч нэхэмжлэгч Б.Н нь эрхээ зөрчигдсөн 2022 оны 12 сарын 06-ны өдөр Б/59 дугаар тушаалыг 2022 оны 12 сарын 08-ны өдөр мэдсэн боловч 2023 оны 04 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйл баримтад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг.

7.4. Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин хэрэгт авагдсан өмнөх шийдвэрүүд нь ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтыг хянасан болохоос бус Б.Н-ийн хууль бусаар ажилд томилогдон эрхлэх ёсгүй ажилд томилогдож, авах ёсгүй цалин хөлс авч байгууллагыг хохироосон үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш гэдгийг анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай Б/03 дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагаас үзэхэд нийгмийн ажилтан нь дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн байх шаардлагыг хангаагүй. Нийгмийн ажилтны бакалаврын зэргийн дипломгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тиймээс Б.Н-г анхнаасаа ажилд томилогдох үеэсээ дээд боловсролын гэрчилгээгүй, нийгмийн ажилтны бакалаврын зэргийн дипломгүй, өөрийн зохих шаардлага хангаагүй гэдгээ өөрөө мэдсээр байж санаатайгаар тухайн ажил албан тушаалд томилогдож эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б ТБАГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53,127,251 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 668,233 төгрөгийг төлүүлэх, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, авах ёсгүй цалин авч байгууллагыг хохироосон 24,191,545 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган зохигчид маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 210/МА2022/01507 дугаар магадлалаар Б.Н-г Б төвийн Нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,345,868 төгрөгийг хариуцагч Б төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заажээ.

4.1.  Б төвийн захирлын 2022 оны 12 сарын 06-ны өдрийн Б/59 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалаар шүүхийн шийдвэрт дурдагдсан 5,345,868 төгрөгийг Б.Н-д олгохыг байгууллагын нягтлан бодогчид зөвшөөрч, Нийгмийн ажилтны албан тушаалд шаардагдах бичиг баримтуудаа албан ёсоор ирүүлэн өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг Б.Н-д даалгаж, уг тушаалын хавсралтад албан тушаалд томилогдоход бүрдүүлэх материалыг нэрлэн заан жагсаажээ.

4.2. Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой хэсгийг биелүүлсэн боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг эс биелүүлсэн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар Нийгмийн ажилтнаар томилуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Б.Н-д үүрэг болгоогүй байна.

4.3. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 06 сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,318,023 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасантай нийцжээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ өмнө дурдагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд дурдагдсан дүнг үндэслэл болгосныг буруутгахгүй, улмаар энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт зэрэг нь ажилтан биеэр ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд тооцогдох учиртай.

4.4.  ...5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 668,233 төгрөгийг төлүүлэх... шаардлагын тухайд өмнө нь уг асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 210/МА2022/01507 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар тус тус шийдвэрлэсэн тул түүнийг шүүх дахин шийдвэрлэхгүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.5. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохгүй байгаа буюу эрхийн зөрчил үргэлжилж байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй. 

5. Б төвд ажиллаж байхдаа болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалын дагуу ажилтан Б.Н-ийн авсан цалин хөлс, түүнтэй тэнцэх олговрыг байгууллагад учирсан хохирол гэж үзэхгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол болон гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР