Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 110

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Хартана овогт Борын Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Х... овогт Б...н Б.., 1977 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 8 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд иргэн Ж.Гантулгыг “машин асааж өгөлгүй явлаа” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэв.  

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bat-erdene 11.6-1.docx

 Хоёр. Эрүүгийн 1918000000077 дугаартай хэргээс

 

-Хохирогч Ж.Гантулгын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Шарын гол сумын хот тохижилтын ажилтан О, Чимгээ, Ням-Очир нарын хамтаар хог ачдаг албаны машинтай 13 дугаар хогийн цэгээс хог ачиж дуусаад явах гэж байхад Хайрхан багийн 9 дүгээр байранд амьдардаг манай хуурай дүү болох Тулгаа ирээд 8 дугаар байрны урд очоод машинаас буугаад Тулгаагийн машины акумлятор дээр климмийг нь холбож бариад зогсож байсан чинь хажуунаас миний танил Бат-Эрдэнэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний араас ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь би “болиоч” гээд эргээд харсан чинь “чи яахаараа миний машиныг асааж өгдөггүй юм бэ” гэж хэлээд баруун шанаа руу цохьсон чинь би асаах гэж байсан машины копудыг толгойгоороо мөргөөд цус гарсан. Тэр үед цус тогтохгүй байсан чинь манай ажлын хүмүүс эмнэлэг явж үзүүлье гээд явцгаасан.” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд хамт Ч, Ням-Очир жолооч Ж.Г бид 4 сарааны хог ачих үүрэг  даалгавар аваад 45 дугаар байрны хогийн цэг, мөн 31 дүгээр байрны хогийн цэг дээр хог ачилт хийсэн. Тэгээд өдөр 13 цаг 40 минутын орчим 13 дугаар сараа буюу хогийн цэг дээр хогоо ачаад 21-ийн хогийн цэг рүү явах гэж байхад Т гэж залуу жолооч Ж.Г дээр ирээд машин холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн чинь  зөвшөөрөөд машиных нь хажууд очоод  машинаас буугаад Ч бид 2 машин дотор сууж байсан чинь хажууд сууж байсан Ч “жолооч  уначихлаа” гэж хэлээд бид 2 машинаас буусан. Жолооч Ж.Г-ын толгойноос цус гарсан байдалтай  хажууд нь үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг залуу зогсож байхаар нь би халааснаасаа цаас гаргаж ирээд цусыг дараад мөн малгайгаар нь дараад эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Б.Ч мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “... машинаас буугаад О бид 2 машин дотор сууж байгаад би машины толинд харж байхад жолооч  хүний машиныг холбож өгч байхад цаанаас үл таних согтуу залуу ирээд Гантулгыг араас нь өгзөг  орчимд нь өшиглөөд мөн Г-н дух хэсэг рүү гараараа түлхэхэд жолооч  эргээд харсан чинь тэр согтуу залуу шанаа руу нь цохисон. Тэгэхээр нь О бид 2 машинаас буусан чинь машины цаашаа явж байхаар нь тэр залууд “яагаад зүгээр байгаа хүн цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд эргэж бид нар дээр ирээд “гараараа цохиход хагардаг толгой байдаг юм уу, ямар арчаагүй юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед О бид 2 Гантулгын толгойноос гарч байгаа цусыг арчаад малгайгаар нь дараад эмнэлэг дээр очсон юм.” гэх мэдүүлэг[3],

 

-Шүүхийн шинжилгээний албаны “...Ж.Г-ын биед духны шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  Ж.Г-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 171 дугаар шинжээчийн дүгнэлт[4],

 

-Яллагдагч Б.Б-ий мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...би 2019 оны 2 дугаар сарын  11-ний өглөө гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 18-97 СЭҮ улсын дугаартай соната-5 маркийн машинаа асах гэсэн чинь асахгүй байсан. Тэр үед би өөрийн найз Т-той тааралдсан чинь “өвөртэй 0.75 гр хараа архи өвөртлөсөн, айл руу явж ууя” гэж хэлэхээр нь асаах гэж байсан машинаа орхиод 38 дугаар байранд байдаг айлд очоод эзгүй байхаар нь тэндээ архиа хувааж уусан. Би эргээд гэрийнхээ гадаа ирээд машинаа асаах гэж байгаад чадаагүй. Тэгсэн байрны хажууханд миний танил  гэх залуу албаны машинтайгаа хог ачиж байхаар нь “миний машиныг асаагаад өгөөч” гэж хэлсэн чинь намайг “холбогч олоод байж бай” гэж хэлсэн. Би холбогч олоод машиныхаа хажууд зогсож байсан чинь  машинтайгаа миний хажуугаар гараад урд 8 дугаар байр руу явчихаар нь би араас нь очсон чинь машин холбож байхаар нь би очоод баруун шанаа руу нь гараараа цохьсон чинь толгойгоороо машины копуд мөргөх шиг болоод толгойноос нь цус гарсан.” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 8 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд иргэн Ж.Г-г “машин асааж өгөлгүй явлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Ж.Г-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Шарын гол сумын хот тохижилтын ажилтан О, Ч, Н нарын хамтаар хог ачдаг албаны машинтай 13 дугаар хогийн цэгээс хог ачиж дуусаад явах гэж байхад Хайрхан багийн 9 дүгээр байранд амьдардаг манай хуурай дүү болох Т ирээд 8 дугаар байрны урд очоод машинаас буугаад Т-ийн машины акумлятор дээр климмийг нь холбож бариад зогсож байсан чинь хажуунаас миний танил Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний араас ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь би “болиоч” гээд эргээд харсан чинь “чи яахаараа миний машиныг асааж өгдөггүй юм бэ?” гэж хэлээд баруун шанаа руу цохьсон чинь би асаах гэж байсан машины копудыг толгойгоороо мөргөөд цус гарсан. Тэр үед цус тогтохгүй байсан чинь манай ажлын хүмүүс эмнэлэг явж үзүүлье гээд явцгаасан.” гэх мэдүүлэг[6],

 

-Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд хамт Ч, Ням-Очир жолооч Ж.Г бид 4 сарааны хог ачих үүрэг  даалгавар аваад 45 дугаар байрны хогийн цэг мөн 31 дүгээр байрны хогийн цэг дээр хог ажилт хийсэн. Тэгээд өдөр 13 цаг 40 минутын орчим 13 сараа буюу хогийн цэг дээр хогоо ачаад 21-н хогийн цэг рүү явах гэж байхад Т гэж залуу жолооч Ж.Г дээр ирээд машин холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн чинь  зөвшөөрөөд машиных нь хажууд очоод  машинаас буугаад Ч бид 2 машин дотор сууж байсан чинь хажууд сууж байсан Ч “жолооч  уначихлаа” гэж хэлээд бид 2 машинаас буусан. Жолооч Ж.Г-ын толгойноос цус гарсан байдалтай  хажууд нь үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг залуу зогсож байхаар нь би халааснаасаа цаас гаргаж ирээд цусыг дараад мөн малгайгаар нь дараад эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “... машинаас буугаад О бид 2 машин дотор сууж байгаап би машины толинд харж байхад жолооч  хүний машиныг холбож өгч байхад цаанаас үл таних согтуу залуу ирээд Г-г араас нь өгзөг  орчимд нь өшиглөөд мөн Г-ын дух хэсэг рүү гараараа түлхэхэд жолооч  эргээд харсан чинь тэр согтуу залуу шанаа руу нь цохисон. Тэгэхээр нь О бид 2 машинаас буусан чинь машины цаашаа явж байхаар нь тэр залууд “яагаад зүгээр байгаа хүн цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд эргэж бид нар дээр ирээд “гараараа цохиход хагардаг толгой байдаг юм уу, ямар арчаагүй юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед О бид 2 Г-ын толгойноос гарч байгаа цусыг арчаад малгайгаар нь дараад эмнэлэг дээр очсон юм.” гэх мэдүүлэг[8]

 

- Шүүхийн шинжилгээний албаны “...Ж.Г-ын биед духны шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  Ж.Г-н биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 171 дугаар шинжээчийн дүгнэлт[9],

 

-Яллагдагч Б.Б-ий мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...би 2019 оны 2 дугаар сарын  11-ний өглөө гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 18-97 СЭҮ улсын дугаартай соната-5 маркийн машинаа асах гэсэн чинь асахгүй байсан. Тэр үед би өөрийн найз Тоочинтой тааралдсан чинь өвөртэй 0,75гр хараа архи өвөртлөсөн айл руу явж ууя гэж хэлэхээр нь асаах гэж байсан машинаа орхиод 38 дугаар байранд байдаг айлд очоод архиа хувааж уусан.  Би эргээд гэрийнхээ гадаа ирээд машинаа асаах гэж байгаад чадаагүй. Тэгсэн байрны хажууханд миний танил  гэх залуу албаны машинтайгаа хог ачиж байхаар нь миний машиныг асаагаад өгөөч гэж хэлсэн чинь намайг холбогч олоод байж бай гэж хэлсэн. Би холбогч олоод машиныхаа хажууд зогсож байсан чинь  машинтайгаа миний хажуугаар гараад урд 8 дугаар байр руу явчихаар нь би араас нь очсон чинь машин холбож байхаар нь би очоод баруун шанаа руу нь гараараа цохьсон чинь толгойгоороо машины копуд мөргөх шиг болоод толгойноос нь цус гарсан.” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж мэдүүлсэн ба гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ж.Г нь хэргийн материал танилцсан баримтад[11] “гомдол саналгүй” тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бэс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х... овогт Б...ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар - Х... овогт Б...ын Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ИДЭР

 


[1]  Хавтаст хэргийн 5-6 тал,

[2] Хавтаст хэргийн 7 тал,

[3] Хавтаст хэргийн 8 тал,

[4] Хавтаст хэргийн 15 тал,

[5] Хавтаст хэргийн 20-21 тал,

[6] Хавтаст хэргийн 5-6 тал,

[7] Хавтаст хэргийн 7 тал,

[8] Хавтаст хэргийн 8 тал,

[9] Хавтаст хэргийн 15 тал,

[10] Хавтаст хэргийн 20-21 тал,

[11] Хавтаст хэргийн 42 тал,