| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0529/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 482
| 2016 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2016/00482 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, НҮБ-н гудамж, Бага тойруу, өөрийн байранд оршин байгаа, “МТ Авто” ХХК /рд:2779145/-ийн нэхэмжлэлтэй,
Мөнх овогт Бадарчингийн Баянцогт /рд:ЗЙ72092515/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МТ Авто” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Баянцогт нь 2012 оны 9 сараас 2014 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл манай компанид автоцистерний жолоочоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд буюу 2014 оны 10 сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Агуулахаас 38510 литр буюу 33119 кг түлшийг 51-45УБЦ, 20-83УЧ улсын дугаартай NordBenz маркийн автоцистернд ачин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өгөхөөр гарсан. Улмаар 2014 оны 10 сарын 15-ны орой 20-22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс 60 км зайд жолоочийн буруутай үйлдлээс болж автомашиныг хүч алдуулан ухраан алдаж, чиргүүлээ хайчлуулан торхны хойд хэсгээр мөргөснөөс чиргүүл дээш харж унан улмаар клапан хугарч шатахуун асгарсан, мөн 51-45УНО автоцистерний торхны арын хэсгээр чиргүүлийг мөргөсний улмаас чиргүүлийн хөндлөн швейлер төмөр автоцистерний торхыг цоолж, авто осол гарган шатахуун асгарсан. Ослын улмаас автомашины чиргүүл их хэмжээгээр эвдэрч, 8009 литр буюу 6856 кг үнийн дүнгээр 14.256.020 төгрөгийн үнэ бүхий дизель түлш асгасан. Мөн торхон дахь шатахууныг соруулах тээвэрлэхэд гарсан зардал 1.914.880 төгрөг, хэргийн газарт комисс очиж ажиллахад явсан автомашины шатахууны зардал 428.788 төгрөг, комиссын гишүүдийн томилолтын зардал 222.000 төгрөг, нийт 16.821.678 төгрөгийн зардал гарсан. Жолооч Б.Баянцогт нь өөрийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч 4.000.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 12.821.678 төгрөгийг гаргуулахаар Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн хаягт оршин байдаггүй гэсэн тодорхойлолт ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Б.Баянцогтыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТ Авто” ХХК нь Б.Баянцогтыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
Б.Баянцогт нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 107/14 дугаар илтгэх хуудас, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Техникийн ослын акт, 2014 оны 10 сарын 21-ний өдөр “МТ Авто” ХХК-д гаргасан Б.Баянцогтын өргөдөл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 134/ШЗ2016/00268 дугаар захирамж зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР