Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01471

 

БНСУ-ын иргэн П нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/02277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК болон О.Н нарт холбогдох,

Д ХХК-ийн 56 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, О.Н-т шилжүүлж өгсөн Д ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 13-ны өдөр болон 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Н-ийг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн П-ыг томилсон болохыг тогтоолгох, Д ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг О.Н-ээс албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 08 сарын 05 болон 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээний О.Н, П-н нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээг бүртгэсэн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулж, П-ны О.Н-ээс шилжүүлэн авсан Д ХХК-ийн 24 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай хариуцагч О.Нийн сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: БНСУ-ын иргэн П нь Солонгос улс дахь нүүлгэлтийн K LLC группийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн хөрөнгөөр 2010 оны 05 сарын 03-ны өдөр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай К ХХК-ийг, 2013 оны 05 сарын 29-ний өдөр К  ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Иргэн О.Н, Ш.Б нартай танилцаж улмаар 2012 оны 10 сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан Д ХХК-ийг иргэн С.О-ээс БНСУ-ийн иргэн П нь 2013 оны 03 сарын 15-ны өдөр өөрийн 100 хувийн хөрөнгөөр компанийг шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулах зорилгоор Хан-Уул дүүргийн *-р хороо, Наадамчдын зам ** тоот хаягт газар худалдан авч, барилгын материалаа Солонгос Улс дахь толгой компаниасаа авчран барилга барьж, ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслүүд, олон тооны контейнер гэх мэт бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн. Уг баригдсан байранд Д ХХК нь байрлан К ХХК-ийн K брэндийн ачаа тээвэр, захиалгат хүргэлтийн үйлчилгээг эрхлэх болсон. 2016 оны 08 сарын 05-ны өдөр Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн П, Ш.Б, О.Н нар харилцан тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан. Үүний дараа П, Ш.Б, О.Н нар 2016 оны 09 сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг тохирсон Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-г байгуулсан. Гэвч 2016 оноос хойш Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон О.Н хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, компанийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлдэггүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг нэг ч удаа зарлан хуралдуулаагүй, мөн ашиг хуваарилаагүй бусдаас авсан өр төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Ингээд О.Н компани ямар ч ашиггүй ажиллаж мөн компанийн хөрөнгө, тээврийн хэрэгслүүд эвдэрч хэмхэрсэн гэх нэрээр тоос шороонд дарагдан тоногдсон байдалтай өөрөө гүйцэтгэх захирлын үүргийг хэрэгжүүлдэггүй. Д ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч О.Н-ээс хүссэн цагтаа буцаан шилжүүлэн авахаар тохиролцон түр итгэмжлэн хадгалуулахаар өгсөн компанийн 56 хувийн хувьцааг түүнээс буцаан шилжүүлэхийг шаардсан боловч тэрээр сайн дураараа шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Иймд Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Н-ээс 56 хувийн хувьцааг П-д буцаан гаргуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Д ХХК-д даалгаж өгнө үү. О.Н гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хэрэгжүүлэхгүй 3-4 жил болсон тул 2016 оны 08 сарын 05 болон 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр О.Н-ийг гүйцэтгэх захирлаар томилж, П нь эзэмшиж байсан хувьцаанаасаа 10 хувийн хувьцааг шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу О.Н-т шилжүүлж өгсөн Д ХХК-ийн 10 хувийг хувьцааг Пд буцаан гаргуулж өгнө үү. Д ХХК-ийн захирал О.Н нь хувьцаа эзэмшигч П, Ш.Б нарын санал шаардлагын дагуу 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 14:00 цагт хувьцаа эзэмшигч нарын хурлыг өөрөө товлон зарласан боловч хуралдаа О.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Түүнчлэн О.Н компанийн гүйцэтгэх удирдлагыг 2018 оноос хойш өөрийн биеэр хэрэгжүүлээгүй, өөрийн төрсөн дүү О.Д-д дэд захирал гэх нэрээр тамга тэмдгийг эзэмшүүлэн, ашиглуулж байсан нь тогтоогдсон тул компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.1.4, 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс Д ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т заасны дагуу дахин хувьцаа эзэмшигчдийн хурлыг албан ёсоор 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 14:00 цагаас хуралдахаар хойшилж, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6-д зааснаар хувьцаа эзэмшигч О.Н, Ш.Б нар тус бүр амьдарч буй газарт шуудангаар, цахим шуудангаар тус тус дахин мэдэгдсэн. Ингээд товлогдсон газар хуралдаан эхлэх үед хувьцаа эзэмшигч О.Н нь хүрэлцэн ирсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүйгээ илэрхийлэн гарч, хуралд оролцоогүй. Энэ хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлыг Ш.Б, П нар хуралдуулсан бөгөөд Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 13 болон 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр тогтоолыг хүчин төгөлдөрт тооцуулах, гүйцэтгэх захирлаар П-ыг томилсон болохыг тогтоолгох, Д ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг өмнөх гүйцэтгэх захирал О.Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Н хариу тайлбартаа: Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2016 оны 08 сарын 05-ны өдөр болон 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний үүрэг гэж тодорхойлжээ. Эдгээр гэрээнүүд нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд бөгөөд бодит байдалд талуудын хооронд дээр дурдсан гэрээний харилцаа үүсээгүй, хэрэгжүүлээгүй, дагаж мөрдөөгүй. Харин О.Н болон П бид 2009 оноос 2023 оны 01 сард намайг үндэслэлгүйгээр хардан бидний хоорондын харилцаа муудах хүртэл хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2011 онд хүү Т.Б, 2014 онд охин Т.Ц, 2015 онд хүү Т.М нар төрсөн. Энэ хугацаанд бидний хооронд ямар нэгэн харилцааны асуудал үүсэж байгаагүй. Д ХХК болон К ХХК-иуд манай гэр бүлийн гишүүдийн хамтын бизнес учраас ердийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын бизнесийн харилцаа байсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д ХХК-ийн нийт хувьцааны 66 хувь миний нэр дээр, 24 хувь П-ны нэр дээр, 10 хувь нь Ш.Бын нэр дээр тус тус бүртгэлтэй ба нийт хувьцааны 90 хувийг П бид хоёр эзэмшиж байгаа нь харагдана. Мөн К ХХК-ийн 100 хувийн хувьцааг П эзэмшдэг бүртгэлтэй байдаг. Энэ бүгд манай гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзнэ. Иймд П-ны надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлыг Ш.Б, П нар хуралдуулсан нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн үндэслэлгүй. Д ХХК-ийн дүрмийн 6.3-т зааснаар уг хурал нь хүчин төгөлдөр бус шаардлага тул үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч О.Н сөрөг нэхэмжлэлдээ: Д ХХК-ийг 80 хувийн хувьцаа эзэмшигч О.Н, 20 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Б нар 2012 оны 10 сарын 05-ны өдөр Монгол улсын хуулийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч болсон. БНСУ-ын иргэн П-тай тус компанийн хувьцаа эзэмшигчид хувийн харилцаатай байсан бөгөөд БНСУ дахь компаниас туршлага судалж, зөвлөгөө авч байсан. Тус компанийн хувьцаа эзэмшигчид П-тай 2016 оны 08 сарын 05, 2016 оны 09 сарын 08-ны өдөр байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээнүүд нь утга агуулгын хувьд давхардсан нэг гэрээ тул талууд 2016 оны 09 сарын 08-ны өдрийн гэрээг нотариатаар батлуулсан. Уг гэрээнүүдийг байгуулах шалтгаан нь П нь хувьцаа эзэмшигч О.Н-т хувьцаа эзэмшигч Ш.Б-ын 10 хувийн хувьцааг худалдаж авах гэж байгаа, чамаас мөн хэлбэр төдий 24 хувийг авахгүй бол нөгөө хувьцаа эзэмшигч чинь буруугаар ойлгож, хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүсчих байх, дүр үзүүлж байна гэж хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. 2016 оны 08 сарын 05, 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнүүдийн хувьцаа эзэмшигч О.Н, П нарт холбогдох хэсэг нь хэлбэр төдий дүр үзүүлсэн хэлцэл төдийгүй Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн холбогдох бүхий л зохицуулалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. П анхнаасаа тус компанийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд дээрх гэрээнүүдийн дагуу түүнд хууль ёсны хувьцаа эзэмшил үүсэх үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээнүүдийн дагуу хувьцаа эзэмшигч О.Н П-д шилжүүлж өгсөн 24 хувийн хувьцааг буцаан авах үндэслэлтэй. 2016 онд байгуулагдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Монгол улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хууль зөрчсөн тул бүртгэх ч боломжгүй, бодит байдалд шууд биелүүлэх, талуудын хооронд эрх, үүрэг үүсгэх боломжгүй энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Монгол улсын хуулийг зөрчсөн, улсын бүртгэлд бүртгээгүй бөгөөд шууд бүртгэх боломжгүй хүчин төгөлдөр бус хэлцлийг хэрэгжүүлэх, тус хэлцлийг халхавчлах зорилгоор талууд 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа, худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 2016 оны 09 сарын 08-ны өдөр компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан уг хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус байна. Тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу П нь хувьцаа эзэмшигчид хувьцааны үнэ төлөөгүй бөгөөд уг хэлцлээр талуудын хооронд шууд эрх, үүрэг үүсээгүй, зөвхөн улсын бүртгэлд мэдээлэл бүртгүүлэх зорилготой хэлбэр төдий хэлцэл байсан. Иймд 2016 оны 08 сарын 05, 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ тус тус хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээнүүдийн О.Н, П нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хувьцаа эзэмшигч О.Н-ийн 24 хувийн хувьцааг буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг бүртгэсэн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

4.  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П нь 2010 онд Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б-тай хамт К ХХК-ийг үүсгэн байгуулж нүүлгэлтийн бизнесээ амжилттай явуулж байсан ба энэ туршлагад үндэслэн нэхэмжлэгчийн БНСУ дахь брэнд болох Т үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэхээр болж О.Н, Ш.Б нартай хамтрахаар болсон. Тухайн үед хоёр хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаа явуулах компанийг газрын хамт худалдаж авах боломжгүй байсан тул П 100 хувь хөрөнгө оруулалт хийж, компани болон газрыг хайж худалдан авах ажлыг нөгөө хоёр хувьцаа эзэмшигч хариуцахаар болсон байсан. Тухайн үед хөрөнгө татах ажлыг хариуцан хийж байсан тул анх хувьцааг бүртгүүлэхдээ О.Н 80 хувь, Ш.Б 20 хувийг бүртгүүлсэн. О.Н нь П гадаадын иргэн тул 24 хувийн хувьцааг эзэмших ёстой гэж итгүүлсэн. Үүний дараа хувьцаа эзэмшигч нар тохиролцож О.Н-ээс 14 хувийн хувьцааг, Ш.Баас 10 хувийн хувьцааг авч нийт 24 хувийн хувьцааг П эзэмшдэг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үнэндээ хувьцаа эзэмшигчид компанийн 100 хувийн хувьцааг БНСУ-ын иргэн П 100 хувийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулаад П өөрийн 100 хувийн хувьцаанаасаа Ш.Б-д компанийн зохион байгуулалтыг хариуцуулж 10 хувийн хувьцааг, О.Н-ийг гүйцэтгэх захирлаар томилж 10 хувийн хувьцааг эзэмшүүлэхээр тохиролцож, П нь өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаанаас 56 хувийг О.Н-т итгэн хадгалуулсан. Энэ нөхцөл байдал удаа дараагийн хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр баталгаажсан. О.Н өөрөө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд удаа дараа сөрөг нэхэмжлэл, тайлбар гаргах бүртээ О.Н болон БНСУ-ын иргэн П нар гэр бүлийн харилцаатай, дундаасаа 3 хүүхэд төрүүлж, өсгөсөн мэтээр тайлбарладаг хэдий ч нотлогддоггүй. П эхнэртэй, албан ёсны баталгаатай. Монгол улсад ирэхээрээ хэдхэн хоног байж байгаад БНСУ руу явдаг байсан. Хамтын амьдралтай байсан зүйлгүй. О.Н-ийн 3 хүүхдийн хувьд П эцэг нь биш гэдэг ба О.Н төрсөн хүүхдүүдээ өөрөөрөө овоглож байгаад хойд эцэг н.Т-аар овоглуулан түүнд үрчлүүлсэн байдаг. Хүүхдүүд нь П-ыг таньдаггүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагч О.Н-ийн эзэмшиж байгаа Д ХХК-ийн 66 хувийн хувьцааны 56 хувийг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн H-д шилжүүлэхийг О.Н-т даалгаж, улсын бүртгэлд энэ талаар өөрчлөлт оруулахыг хариуцагч О.Н, Д ХХК-д даалгаж, хариуцагч О.Н-ээс Д ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн болон 2023 оны 03 сарын 23-ны өдрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоолыг тус тус хүчин төгөлдөрт тооцуулах, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Н-ийг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн П-ыг томилсон болохыг тогтоолгох, Д ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг өмнөх гүйцэтгэх захирал О.Н-ээс албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч H /П/-д холбогдуулан 2016 оны 08 сарын 05, 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээний О.Н, П нарт холбогдох хэгсийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээг бүртгэсэн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулж, П-ны О.Н-ээс шилжүүлэн авсан Д ХХК-ийн 24 хувийн хувьцааг буцаан гаргуулах хариуцагч О.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 298,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П /H/-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Н.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, тухай гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэхийг анхаарч үзээгүй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Н нь 2013 оны 03 сарын 12-ны өдөр С.О-тэй Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 2013 оны 03 сарын 15-ны өдөр 140,000,000 төгрөг шилжүүлэн Д ХХК-ийн хувьцааг худалдан авч, улмаар уг компанийг үүсгэн байгуулж, компанийн энгийн хувьцааны 80 хувийг О.Н, 20 хувийг Ш.Б эзэмшихээр хуулийн этгээдийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч энэ бүртгэлийг эсэргүүцсэн гомдол гаргасан талаар нотлох баримт авагдаагүй. Харин 2016 оны 08 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч П нь О.Н-тэй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Д ХХК-ийн 14 хувийн хувьцааг худалдан авсан, мөн хувьцаа эзэмшигч Ш.Б-аас 10 хувийн хувьцааг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэн Д ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Уг компанийн хувьцааны 66 хувийг хууль тогтоомжийн хүрээнд О.Н эзэмшиж байсан. Иймд 2016 оны 09 сарын 08-ны өдөр байгуулагдсан гэх хувьцаа эзэмшигчдийн гэрээнд ...нь компанийн энгийн хувьцааны 56 хувийг О.Н-ээр төлөөлүүлэн эзэмшдэг тул О.Н өөрийн эзэмшиж буй 66 хувийн хувьцааны 56 хувийн хувьцааг P-ийг шаардсан даруй үнэ төлбөргүй буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээ хүлээн зөвшөөрсөн:.. заалт нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасныг зөрчиж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн илтэд үндэслэлгүй болно. Компанийн болон Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааг улсын бүртгэлд бүртгэгдээгүй аливаа этгээд бусдаар төлөөлүүлэн эзэмших ойлголт байхгүй, улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа нь нийтийн эрх зүйн харилцаа болохын хувьд хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох зарчмыг баримтална. Иймд 2016 оны 09 сарын 08-ны өдөр байгуулагдсан гэх хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан О.Н, П нарт холбогдох хэсэг хууль тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байхад шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

6.2. Хариуцагч О.Н нь маргаан бүхий дээрх гэрээнд гарын үсэг зурах болсон нөхцөл байдлын талаар ...П-тай гэр бүлийн харилцаатай байсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэний үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан, харин тус гэрээний дагуу эрх, үүрэг хүлээхээр П-тай тохиролцоогүй...бид хоёр 2009-2023 он хүртэл гэр бүлийн харилцаатай байж 3 хүүхдийн эцэг эх болсон... гэх агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тодорхойлсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч П биечлэн оролцоогүй тул энэ тайлбарыг үнэн зөв бодитой эсэх талаар тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тухайн асуудлыг энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлэх байр суурьтай байсан боловч хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2016 оны 09 сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулах болсон үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах татгалзлаа нотлох хүрээнд хариуцагчаас гарган өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, П-ны хүүхдүүдтэйгээ харилцсан цахим шуудан зэргээр О.Н-ийн П-тай гэр бүлийн харилцаатай байсан гэх түүний шүүхэд гаргасан тайлбар нотлогдож байна. Гэтэл шүүх хувьцаа эзэмшигчдийн гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Харин Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд ...хувьцаа эзэмших эрхийг О.Н нь П-ыг шаардсан даруйд үнэ төлбөргүйгээр буцаан шилжүүлнэ... гэж заасан нь П-ны субьектив санаа зорилгоос бүрэн хамаарахаар байх тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар шүүхийн дээрх дүгнэлт, үндэслэл няцаагдаж байгаа юм.

6.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд О.Н-ээс буцаан гаргуулах шаардлага нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Д ХХК-ийн 56 хувийн хувьцааг П нь хариуцагч О.Н руу хэлцлийн болон хуульд заасан бусад үндэслэлээр шилжүүлсэн гэх үйл баримт байхгүй харин О.Н нь 2013 оны 03 сарын 12-ны өдөр тус компанийг С.О-ээс худалдан авч, улсын бүртгэлд уг компанийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Харин 2016 оны 08 сарын 15-ны өдөр Пд өөрийн эзэмшиж байсан хувьцааны 14 хувийг шилжүүлэн өгснөөр П тухайн компанийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр П-ыг Д ХХК-ийн 56 хувийг буцаан шаардах эрхтэй гэж үзсэн нь тодорхойгүй. Энэ шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд П нь Д ХХК-ийн 56 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэхийг шүүх тодруулах, хууль ёсны эзэмшигч нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд О.Н-ийн эсрэг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүй П нь Д ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмших эрхтэй эсэх, гуравдагч этгээдийн эсрэг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаас үзэхэд компанийн хөрөнгө нь хувьцаа эзэмшигч нарын оруулсан хөрөнгөөр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөх хөрөнгөд хамаарахгүй ба энэ нь Иргэний хуулийн 108, 125 дугаар зүйлийн 125.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүх энэ хууль зүйн дүгнэлтээ няцаасан буюу хуулийн дээрх агуулгаас илтэд буруу шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, О.Н нь Д ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч биш зөвхөн П-ны хувьцааг хадгалж байсан этгээд гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүхээс ямар нотлох баримтад үндэслэн гаргасан нь тодорхойгүй. Анхан шатны шүүхээс О.Н-т өөрийн эзэмшиж буй Д ХХК-ийн 66 хувийн хувьцааны 56 хувийг П-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг илтэд буруу тайлбарлан хэрэглэж П нь 56 хувийг эзэмших талаар тухайн компанийн Дүрэмд заагаагүй, мөн хуулийн дагуу О.Н улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн баримт хэрэгт авагдсан, О.Н нь Д ХХК-ний хувьцааг худалдан авч, төлбөр төлсөн буюу хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтаа оруулсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх зөвхөн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ хууль зөрчсөн хэлцлийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг ноцтой зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэлээ нотлох эрхийг хааж, тэгш бус байдал үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн.

7.1.  Анхан шатны шүүх иргэн, хуулийн этгээдийг үл ялган, шүүгчийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 183/Ш32022/05580 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид хариуцагчийг Д ХХК гэж тодорхойлчихоод иргэн О.Н-т хариуцуулан шийдвэр уншлаа. Маргааны зүйл болох хувьцаа эзэмшигчдийн гэрээ' нь тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй, БНСУ-ын иргэн П-ны санаачилга, шахалт, шаардлагаар хийсэн, Монгол улсын хууль тогтоомжийг бүхэлд нь уландаа гишгэсэн, хууль бус гэрээ байсан юм гэж сөрөг нэхэмжлэл гарган гэрээ байгуулах үндэслэл шалтгаан нь амины харилцаан дахь итгэлцлийг ашигласан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор уг үйл явцыг бүгдийг мэдэх О.Д, Л.М нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 183/Ш32023/16924 дугаар захирамжаар хангахаас татгалзсан. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд хариуцагч нь эхнэр, нөхөр гэсэн статусын хүрээнд итгэн гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлийн үндэслэлийг нотлох эрх хаагдсан. Гэтэл уг хүчин төгөлдөр бус хэлцлийн нэг тал Ш.Б-ыг гэрчээр асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, давуу байдлыг нэхэмжлэгчид олгосон нь шүүгч хэргийг шударгаар, хараат бусаар шийдвэрлэсэнд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Хариуцагч энэ гэрээ байгуулсан үндэслэлийг мэдэх нягтлан бодогч Б.Т-ыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 183/Ш32024/00881 дугаар захирамжаар хангахаас татгалзсан бөгөөд үндэслэлээ тайлбарлаагүй. Уг захирамжид гомдол гаргах эрхтэй боловч гомдлын шүүх хуралдаан болох өдөр захирамж бичгээр гаргаагүй байсан тул үндэслэлд мэтгэлцэх эрх хаагдсан.

7.2.  БНСУ-ын иргэн П-ны төлөөлөгч Д.Д-т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т эрх олгосон үйл ажиллагааг гэж заасан шаардлагыг хангаагүй буюу энэ гэрээний маргаанаар шүүхэд мэдүүлэх эрх төлөөлөгчид олгогдоогүй, ямар үйл ажиллагаа гүйцэтгэх нь тодорхойгүй. Итгэмжлэлд Д ХХК, О.Н-т холбогдуулан ...төлөөлнө гэх боловч ямар харилцаа, үйл ажиллагаанд төлөөлж, шаардах эрхийг ямар хэмжээнд хэрэгжүүлэхийг заагаагүй буюу төлөөлүүлэгчийн хүсэл зориг, эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, шүүхэд мэдүүлсэн нь эргэлзээтэй, хуульд нийцээгүй. Хэдийгээр гэрлэлтийн гэрчилгээгүй, 3 хүүхдийн эх, эцэг, эхнэр, нөхөр гэсэн бодитой, тогтвортой 13 жилийн харилцаа нь амины харилцаанд үндэслэсэн итгэлцэл, хэлцэл байсныг нотлох юм. Шүүгч энэ хэсэгт эргэлзэж буй бол тус шүүхэд хариуцагчийн хамтын амьдралтай байсныг, хүүхдүүдийн эцгээр П-ыг тогтоолгох хэрэг шийдвэрлэгдэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм.

7.3.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл талуудын хүсэл зоригоос үл хамааран хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус юм. О.Н, Ш.Б нар 2013 онд газар эзэмших эрхтэй Д ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан бөгөөд О.Н 80 хувь, Ш.Б 20 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй, талаар талууд маргаагүй. Тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй, П нь 2016 онд эхнэр болох О.Н-т Ш.Б давраад байна, би компанид орохгүй бол болохгүй нь, ийм гэрээ хийе ... гэх мэт итгүүлэн дээрх хууль бус гэрээг байгуулж хувьцаа шилжүүлэх халхавч хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 2016 онд байгуулсан хадгалуулж байна гэсэн утгатай энэ гэрээний шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацааны тухай ярих нь утгагүй юм. Монгол улсын хуулиар хувьцаа хадгалах тухай ойлголт байхгүй. Нөгөө талаар, хууртагдсан гэдгээ нотлоогүй байна гэсэн шүүгчийн үндэслэлд зориулахад "эхнэр нөхөр тухайн үедээ компаниа нөгөө хувьцаа эзэмшигч Ш.Б-аас хамгаалж байна гэж итгэн хийсэн гэрээний нөхцөлийг хариуцагч О.Д буюу дүү, түүний нөхөр Л.М нарыг асуулгах хүсэлт үүнтэй холбоотой юм. П нь Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч эхнэрийнхээ хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтыг, түүний өмнөөс, үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн бөгөөд мөн өөрийн эзэмшлийн К ХХК-аас мөнгө шилжүүлэхдээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байдаг. Энэ хэргийн адил хүчин төгөлдөр бус хэлцлээ ашиглан их хэмжээний мөнгийг өөрөө хувьцааг нь үнэгүй авчихсан Д ХХК-аас шаардаж, нэг зүйлийн талаар давхар шаардлага гаргадаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.  Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус заасан шаардлага хангагдаж байна гэж үзэж байна. Болзол тавьж хийсэн хэлцлийн хувьд тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Энэ гэрээний үүргээ О.Н биелүүлэх үүрэгтэй. П-ыг шаардсан даруй О.Н үнэ төлбөргүй 56 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл О.Н энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан. Биелүүлэх үүрэгтэй болох нь гэрээгээр нотлогдож байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотолж чадаагүй. Зөвхөн гэр бүлийн дундын өмч, бидний бизнес, 3 хүүхдийн өмч гэж маргадаг. Гэтэл П нь БНСУ-д албан ёсны гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Монгол Улсад ирэх хугацаандаа 5 хонодог, байнга оршин суудаггүй гэж тайлбарладаг. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотолж чадаагүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тухай тогтоол авагдсан. Хувьцааны талаар маргаагүй учраас шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулав.

2. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П /P/ нь хариуцагч Д ХХК болон О.Н нарт холбогдуулан Д ХХК-ийн 56 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, О.Н-т шилжүүлж өгсөн Д ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 сарын 13-ны өдөр болон 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Н-ийг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн П-ыг томилсон болохыг тогтоолгох, Д ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг О.Н-ээс албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 08 сарын 05 болон 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээний О.Н, П нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээг бүртгэсэн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулж, П-ны О.Н-ээс шилжүүлэн авсан Д ХХК-ийн 24 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай хариуцагч О.Н-ийн сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргажээ.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох зорилгоор БНСУ-ын иргэн П /P/ болон Ш.Б, О.Н нарын хооронд 2016 оны 08 сарын 05-ны өдөр болон 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-нүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Эдгээр гэрээнүүдэд ...Компани байгуулагдах үед дүрмийн сан бүрдүүлэх болон өөрийн эзэмшлийн газартай Д ХХК-ийн H-ийн 100%-ийн хөрөнгөөр худалдан авсан... гэж, ...H-ийн хувьцаа 80%, Ш.Б-ын хувьцаа 10%, О.Нийн хувьцаа 10% байхаар тохиролцсон ба гагцхүү бүртгэлийг О.Н-т 80%, Ш.Б-д 20% байхаар бүртгүүлсэн... гэж, ...2016.08.05-ны өдөр хувьцааны 80%-ийг эзэмшигч H-д хувьцааны 24%-ийг бүртгүүлэх болсноор энэхүү гэрээг үйлдэв. Мөн үлдсэн 56%-ийг О.Н-т итгэмжлэн хадгалуулж байна... гэж, ...О.Н нь 56%-ийг H буцаан авахыг хүссэн үед нь буцаан шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ... гэж тус тус дурджээ.

4.  Дээрх гэрээнүүдийг нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр гэж, хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тус тус харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэн улмаар нэхэмжлэгч талын гаргасан ...Д ХХК-ийн 56 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах... шаардлагыг хангаж, хариуцагч О.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч талын гаргасан үлдэх шаардлагуудыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.1.  БНСУ-ын иргэн П /P/ болон Ш.Б, О.Н нарын хооронд 2016 оны 08 сарын 05-ны өдөр болон 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-нүүдийн Урьдчилсан нөхцөл гэх хэсгийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал ...БНСУ-ын иргэн П /P/ нь Д ХХК-ийг худалдан авах хөрөнгийг 100% хариуцан гаргасан, улмаар үйл ажиллагаа хариуцсаны төлөө Ш.Б-д 10%-ийн хувьцааг, гүйцэтгэх захирлаар ажилласны төлөө О.Н-т 10%-ийн хувьцааг тус тус үнэ төлбөргүй шилжүүлсэн, мөн улсын бүртгэлд БНСУ-ын иргэн П /P/ нь 24%, Ш.Б нь 10%, О.Н нь 66%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх боловч бодитоор БНСУ-ын иргэн П /P/ нь 80%, Ш.Б нь 10%, О.Н нь 10%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд О.Н нь БНСУ-ын иргэн П шаардсанаар түүний бодитоор эзэмшдэг 56%-ийн хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх... агуулгатай тохиролцоо гэрээний оролцогчдын хувьд хийгджээ гэж үзэхээр байна.

4.2.  Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч, ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгүүд үйлдэж, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

4.3.  Дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д ...гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий... нэрлэгдээгүй гэрээнд хамаарч байх ба мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар ...БНСУ-ын иргэн П шаардсанаар 56%-ийн хувьцааг түүнд шилжүүлэн өгөх үүргийг О.Н-т бий болгосон... хэлцэл байна.

4.4.  Хэрэгт О.Н-ээс С.О рүү хувьцааны үнэ гэж 140,000,000 төгрөг шилжүүлсэн 2013 оны 03 сарын 15-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт авагдсан боловч уг баримтаар хувьцааны үнийг О.Н төлсөн гэж дүгнэх боломжгүй.

Учир нь дээрх Мөнгөн шилжүүлэг-ийн баримт нь БНСУ-ын иргэн П /P/ болон Ш.Б, О.Н нарын хооронд 2016 оны 08 сарын 05-ны өдөр болон 2016 оны 09 сарын 08-ны өдөр тус тус байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-нүүдээс өмнөх цаг хугацаанд хамаарах баримт байна.

Өөрөөр хэлбэл, хожим байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-нд БНСУ-ын иргэн П /P/ нь Д ХХК-ийг худалдан авах хөрөнгийг 100% хариуцан гаргасан тухай тусгагдсан, уг үйл баримтыг хожим О.Н, Ш.Б нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

4.5. Дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн, Д ХХК дахь БНСУ-ын иргэн П /P/, О.Н нарын эзэмшлийн хувьцааг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэл мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-тай /P/ 2009 оноос хойшхи хугацаанд гэр бүлийн амьдралтай байсан гэх боловч гэрлэлтийн гэрчилгээгүй, хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэргүй, дундаасаа 3 хүүхэдтэй гэх боловч тэдгээр нь БНСУ-ын иргэн П-аар /P/ овоглодоггүй, эцэг тогтоосон шүүхийн шийдвэргүй.

Хэрэгт авагдсан фото зургийн хуулбар, мессенжер чатууд, тэдгээрийн агуулга зэрэг нь БНСУ-ын иргэн П /P/, О.Н нар 2009 оноос хойшхи хугацаанд гэр бүлийн амьдралтай байсныг эргэлзээгүйгээр нотлох баримт биш.

5. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээ болон найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйл буюу иргэний эрх зүйн хамгаалалт, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн буюу хувьцаа эзэмшигчийн хурлын холбогдох зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх өмнө хийсэн эрх зүйн дүгнэлтийг хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

5.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийхээр зохицуулсан тул улсын бүртгэлд өөрчлөлт оруулах-ыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1.  Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 183/ШЗ2022/05580 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт хариуцагчаар Д ХХК, О.Н нарыг тодорхойлон бичсэн байх тул ...иргэний хэргийг Д ХХК-д холбогдуулан үүсгэсэн боловч О.Н-т холбогдуулан шийдвэр гаргасан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагч О.Н-т холбогдуулан ажиллагаа явуулсан байх тул дээрх захирамжийн захирамжлах хэсэгт техникийн алдаа гаргасан гэж үзнэ.

6.2. Анхан шатны шүүх 2016 оны 08 сарын 05-ны өдөр болон 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-нүүдийн нэг тал болох Ш.Б-аас гэрчийн мэдүүлэг авч, уг гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгахгүй.

Гэрч Ш.Б нь дээрх гэрээнүүдийн нэг тал болохынхоо хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан ...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа... этгээдэд хамаарна.

БНСУ-ын иргэн П нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж гарах шүүхийн шийдвэр нь хувьцаа эзэмшигч Ш.Б-ын эзэмшдэг 10%-ийн хувьцаанд хамааралгүй, түүний эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийн нэг тал биш этгээдүүд болох Л.М, Ө.Д нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/02277 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт... гэснийг ...186 дугаар зүйлийн 186.1... гэж, ...хариуцагч О.Н, Д ХХК-д даалгаж... гэснийг ...Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч О.Н-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 1,089,200 төгрөг /526,100+563,100/-ийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР