Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 111

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Р.О,  

Шүүгдэгч С.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Сэнгээгийн Чид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000190065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Т... овогт С... Ч..., 1974 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт ... оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Сансарын 4-22 тоот хашаанд гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох  Р.О-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өвсний сэрээ шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр хүүхэдтэйгээ уулзахаар хохирогчийн гэрт очиход хохирогч намайг “пизда минь чи яах гэж ирсэн юм бэ?, гээд хүүхдийг цагдаа дууд” гээд загнаад байсан. Би өөрийнхөө хүүхдийг “хувцасаа өмсчих, аавтайгаа явъя” гэж хэлэхэд хохирогч над руу дайраад байсан учир гэрээс нь гараад, хашааны үүдэнд очиход өвсний сэрээ байхаар нь би уг сэрээг өвсний хашаа руу шидсэн. Үүдэнд гэрийн эд зүйл байхаар алга болчихдог учир би өвсний хашаа руу өвсний сэрээг шидсэн. Би хохирогчийн гэрээс гарах гэхэд хохирогч миний үснээс зулгаагаад байсан учир  би түүнийг түлхэж унагаагаад гараад явсан.” гэв.  

 

-Хохирогч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 20:00 цагийн үед намайг хоол хийгээд гэртээ байхад манай том хүү гарчихаад ирье” гээд гараад явсан. Би хүү орж ирнэ гэж бодоод гэрийнхээ хаалгыг түгжээгүй байхад С.Ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирэхэд нь би энэ хүнийг яаж гэрээсээ гаргана аа гэж бодсон. Тухайн үед би галаа түлээгүй гал унтарсан байхыг харсан С.Ч “хүүхдээ аваад явна, хувцасаа өмс” гэхэд нь би “цагдаа дуудлаа шүү, чамд хүүхэд өгч явуулахгүй” гэж хэлэхэд “пизда минь” гэж намайг хараагаад гэрээс гараад явсан. Би С.Чийн араас гарахад хашааны хаалга онгойлгосон гартаа нэг юм барьчихсан “чамайг алчихсан ч яадаг юм бэ” гээд гартаа байсан зүйлээ над руу шидэхэд нь би гараараа хаасан. С.Ч намайг барьж аваад зодох гэхэд нь гарч зугтаасан. Тухайн үед гэрээс гарахдаа гар утсаа бариад явж байсан учир цагдаа дуудсан. Гэтэл С.Ч айлын хашааны гадна намайг барьж аваад, миний нүүрийг цасаар угааж, намайг газар унагаачихаад зугтаагаад яваад өгсөн. Яагаад явчихсан юм болоо гэж бодож байтал цагдаа ирснийг мэдээд зугтаасан юм билээ. Хохирол төлбөрт 1085000 төгрөг нэхэмжилж байна.

...2014 оноос хойш намайг байнга зоддог байсан учир шүүхээс биднийг тусдаа амьдрахыг даалгасан боловч намайг гуйгаад байхаар нь бид хоёр буцаж нийлээд хамт амьдарсан. 2017 онд сумын захиргаанд ажилд оруулснаас хойш байнга дарамттай амьдарч ирсэн. Намайг зодчихоод хүүхдээ аваад зугтаачихдаг учир би их айдаг.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918000190065 дугаартай хэргээс

 

-Хохирогч Р.О нь хашааны хаалгаар орж байшингийн ертөнцийн зүгээр баруун хойд  талд байшингаас 2м 30 см зайд, малын хашааны зүүн хойд талд  2м 15 см зайд ирж зогсоод намайг энд зогсож байхад С.Ч надруу өвсний сэрээ авч шидэхэд би гараараа хаасан гэж ярихад уг газрыг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх мэдүүлгийг газар дээр нь  шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Хохирогч Р.Огийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...би С.Чтай 2010 оноос 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтран амьдарч байгаад салсан юм. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим би гэртээ байхад С.Ч гаднаас орж ирээд хүүхэд рүүгээ “хувцасаа өмс гарья” гэж хэлсэн тэгэхээр нь би “чамд хүүхэд өгч гаргахгүй” гэж хэлээд би Хонгор сумын цагдаа руу  залгахад Ч гараад явсан юм. Тэгэхээр нь би араас нь гарахад С.Ч “чамайг ер нь алсан ч яадаг юм бэ?” гэж хэлээд гартаа барьсан зүйлээ над руу шидэхээр нь би гараараа хаасан бөгөөд шидсэн зүйл нь өвсний сэрээ байсан. Тэгээд би хашаанаас гарч зугтаахад Ч намайг араас хөөж барьж аваад миний нүүрийг цасаар угаасан тэгэхээр нь би аллаа авраарай гэж орилсон чинь Ч зугтаагаад явсан юм. Тэгээд би гэртээ орж ирээд зүүн гарын дунд хуруугаа харахад хавдсан байсан бөгөөд их өвчтэй байсан. Тэгээд би маргааш нь дунд хуруугаа үе нь мултарсан юм байна гэж бодоод бариач дээр очоод үзүүлсэн чинь яс нь гэмтсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би хурууныхаа зургийг авхуулсан

чинь хугарсан байсан. ...Ч намайг урьд өмнө зодож байсан, би тухайн үед нь цагдаад мэдэгдэж байгаагүй, мөн эмнэлэгт үзүүлж байгаагүй. Эмчилгээ хийлгээгүй. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг[2],

 

- Насанд хүрээгүй гэрч Г.Гын мөрдөн байцаалтад  2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим би найз Нямдаваагийн гэрт хөзөр тоглоод сууж байсан чинь Нямдаваа бие засах гэж гараад буцаж орж ирээд “танай аав чинь  ээжийг чинь зодоод байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гараад харахад гудамжинд ээж зогсож байсан. Тэгэхээр нь би ээжийг дагуулаад гэрт ороход ээжийн зүүн гарын дунд хуруу нь хавдсан байсан. Тэгэхэд ээж “миний дунд хуруу тулчих шиг боллоо” гэж хэлсэн бөгөөд би ээжийн зүүн гарын дунд хурууг барьж өгсөн. Ингээд маргааш нь ээж надад “өчигдөр Ч над руу өвсний сэрээ авч шидээд би гараараа хаах гэж байгаад зүүн гарынхаа дунд хурууг цохиулсан” гэж надад хэлсэн.”  гэх мэдүүлэг[3],

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 3-ны орой 19 цагийн орчим манай найз Ганзол манай гэрт орж ирээд бид 2 хөзөр тоглож байгаад би гадагшаа бие засах гэж гараад ирсэн чинь эмэгтэй хүн аллаа гэж орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би хашааны хаалгаар гараад харахад Октябрийнтуяа эгчийг нөхөр Ч нь газар унагаасан доороо оруулаад зодож байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-“...Р.Огийн биед зүүн сарвууны 3 дугаар хурууны 4 дүгээр шивүүрийн үений битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохих, эвгүй дарж унах зэрэгт үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинилгээний албаны 2018 оны 12 дугаар 27-ны өдрийн 70 дугаар шинжээчийн дүгнэлт,[5]  

 

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Огийн биед үүссэн дээрх гэмтэл нь төмөр материалтай өвсний сэрээнд оногдоход үүсэх бүрэн боломжтой юм.” гэх мэдүүлэг[6] зэрэг нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Сансарын 4-22 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай   Р.Огийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өвсний сэрээ шидэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны 3 дугаар хурууны 4 дүгээр шивүүрийн үений битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл[7]

 

-Хохирогч Р.Огийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...би С.Чтай 2010 оноос 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтран амьдарч байгаад салсан юм. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим би гэртээ байхад С.Ч гаднаас орж ирээд хүүхэд рүүгээ “хувцасаа өмс гарья” гэж хэлсэн тэгэхээр нь би “чамд хүүхэд өгч гаргахгүй” гэж хэлээд би Хонгор сумын цагдаа руу залгахад С.Ч гараад явсан юм. Тэгэхээр нь би араас нь гарахад С.Ч “чамайг ер нь алсан ч яадаг юм бэ?” гэж хэлээд гартаа барьсан зүйлээ над руу шидэхээр нь би гараараа хаасан бөгөөд шидсэн зүйл нь өвсний сэрээ байсан. Тэгээд би хашаанаас гарч зугтаахад С.Ч намайг араас хөөж барьж аваад миний нүүрийг цасаар угаасан тэгэхээр нь би аллаа авраарай гэж орилсон чинь С.Ч зугтаагаад явсан юм. Тэгээд би гэртээ орж ирээд зүүн гарын дунд хуруугаа харахад хавдсан байсан бөгөөд их өвчтэй байсан. Тэгээд би маргааш нь дунд хуруугаа үе нь мултарсан юм байна гэж бодоод бариач дээр очоод үзүүлсэн чинь яс нь гэмтсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би хурууныхаа зургийг авхуулсан чинь хугарсан байсан. ... С.Ч намайг урьд өмнө зодож байсан, би тухайн үед нь цагдаад мэдэгдэж байгаагүй, мөн эмнэлэгт үзүүлж байгаагүй. Эмчилгээ хийлгээгүй. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг,[8]  

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Гын мөрдөн байцаалтад  2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим би найз Нямдаваагийн гэрт хөзөр тоглоод сууж байсан чинь Нямдаваа бие засах гэж гараад буцаж орж ирээд “танай аав чинь  ээжийг чинь зодоод байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гараад харахад гудамжинд ээж зогсож байсан. Тэгэхээр нь би ээжийг дагуулаад гэрт ороход ээжийн зүүн гарын дунд хуруу нь хавдсан байсан. Тэгэхэд ээж “миний дунд хуруу тулчих шиг боллоо” гэж хэлсэн бөгөөд би ээжийн зүүн гарын дунд хурууг барьж өгсөн. Ингээд маргааш нь ээж надад “өчигдөр С.Ч над руу өвсний сэрээ авч шидээд би гараараа хаах гэж байгаад зүүн гарынхаа дунд хурууг цохиулсан” гэж надад хэлсэн.”  гэх мэдүүлэг[9],

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Нямдаваагийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 3-ны орой 19 цагийн орчим манай найз Ганзол манай гэрт орж ирээд бид 2 хөзөр тоглож байгаад би гадагшаа бие засах гэж гараад ирсэн чинь эмэгтэй хүн аллаа гэж орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би хашааны хаалгаар гараад харахад Р.О эгчийг нөхөр С.Ч нь газар унагасан доороо оруулаад зодож байсан.” гэх мэдүүлэг[10],

 

-“...Р.Огийн биед зүүн сарвууны 3 дугаар хурууны 4 дүгээр шивүүрийн үений битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохих, эвгүй дарж унах зэрэгт үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинилгэний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар шинжээчийн дүгнэлт,[11] 

 

-Шинжээч Э.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Р.Огийн биед үүссэн дээрх гэмтэл нь төмөр материалтай өвсний сэрээнд оногдоход үүсэх бүрэн боломжтой юм.” гэх мэдүүлэг[12] болон мэдүүлгийн газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ч нь хохирогч Р.О руу өвсний сэрээ шидээгүй өөр тийшээ шидсэн, хурууны гэмтэл нь газар түлхэж унагах үед учирсан байх гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж,  харин дээрх хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан ба мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Од хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн  3.2-т зааснаар “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.”, 

5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

Хохирогч Р.О, шүүгдэгч С.Ч нар нь хамтран амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр[13]-ээр нотлогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас ялын шүүмж явуулахдаа шүүгдэгч С.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч С.Чийн үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Огийн эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Р.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холоотойгоор 1 085 000 /нэг сая наян таван мянган/ төгрөгийг нэхэмжилсэн[14] боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцон гаргуулах боломжгүй байна.

Хохирогч Р.О нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв. 

Шүүхээс шүүгдэгч С.Чид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 шүдтэй өвсний сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Од буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т,,, овогт С-ийн Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Тайжууд овогт Сэнгээгийн Чид 6 сар /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т... овогт С...ийн Ч.ид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 шүдтэй өвсний сэрээг хохирогч Р.Од буцааж олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохирогч Р.О нь хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Чийн эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Чид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР               

 

 


[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 19 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 6-8 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 19 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 44-46 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 53 дугаар тал