Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01472

 

Р.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/02342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1985 оны 07 сарын 19-ний өдрөөс Лифт засвар үйлчилгээний конторт механикаар ажилласан. 1995 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож, нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлсэн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн чинь М компанид 1985-1995 оны ажилласан жилийг архиваар шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна.

Иймд 1985-1995 он хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

2.  Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.Б-ыг Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 07 сарын 19-ний өдрөөс 1986 оны 07 сарын 19-ний өдөр хүртэл засварчнаар 1 жил ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1.  Шүүх хуралдааны дараа надаар 1985 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-д ажиллаж байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлээ өөрчилж бич гэж хэлээд бичүүлсэн. Би тухайн үед учрыг нь сайн олоогүй ба би Лифт засвар үйлчилгээний конторыг М ХХК болох хүртэл нийт 10 жил ажилласан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн боловч надаар нэхэмжлэлийг минь өөрчлүүлж бичүүлсэн.

3.2. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Б, А.Э нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо ярьсан зүйлийг шүүх хуралдааны тэмдэглэлд буруу бичиж тэмдэглэсэн болохыг хэрэгтэйгээ танилцахдаа мэдсэн. А.Э тодорхойлолтдоо бичсэнээс өөрөөр ярьсан бол ямар учраас зөрж байгаа талаар асууж тодруулаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд өөр цаг хугацаа хэлсэн мэтээр бичсэн байсан.

3.3. Тухайн үеийн хариуцлагагүй нөхдийн улмаас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэтэл намайг хохироож нэхэмжлэлийг хүчээр өөрчилж бичүүлэн, гэрч нарын хэлсэн зүйлээс өөрөөр буюу намайг Лифт засварын конторт нэг жил ажилласан мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.4.  Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт миний ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтийг буруу ташаа бичсэн нь ойлгомжгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Р.Б нь 1985 оны 07 сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд М компанид механикаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 1985 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.

...Шүүх хуралдааны дараа надаар нэхэмжлэлээ өөрчилж бич гэж хэлээд бичүүлсэн... гэх тайлбар баримтаар нотлогдоогүй тул холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.   2024 оны 05 сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл даргалагч шүүгч ...ажиллаж байснаа нотлох баримт байна уу... гэхэд нэхэмжлэгч ...байгаа, гэхдээ гэртээ мартчихсан... гэж хэлсэн байна.

Энэ тохиолдолд шүүх ямар нотлох баримт мартсан болохыг нь тодруулж, хэрэв ажилласан байдал тогтооход ач холбогдолтой нотлох баримт бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах нь зүйтэй байжээ.

Онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх үүргээс гадна шүүхийн чиглүүлэх үүрэг ач холбогдолтой.

4.   Шүүхэд тодорхойлолт бичиж өгсөн Б.Б, А.Э нарыг шүүх гэрчээр асуусан байна.

Б.Б, А.Э нарын гэрчийн мэдүүлэг бичгээр гаргасан тодорхойлолтод тусгагдсанаас өөр агуулгатай байхад шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

5. Иймд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/02342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР