Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 15 өдөр

 Дугаар 181/ШШ2016/00493

      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг, А Блок, 1601 тоот хаягт оршин байгаа “Ихгифт финанс ББСБ” ХХК /рд:5831164/-ийн нэхэмжлэлтэй,

 

Бэхбатын Билгүүнболд /рд:СФ87070718/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Б.Билгүүнболдтой 2014 оны 9 сарын 25-ны өдөр 19 тоот барьцаат зээлийн гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулан 1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаягандаа байхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ихгифт финанс ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Билгүүнболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Иргэн Б.Билгүүнболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгч “Ихгифт финанс ББСБ” ХХК-тай түүний байгуулсан 2014 оны 9 сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 181/ШЗ2016/02023 дугаар захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийгэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Ихгифт финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Бэхбатын Билгүүнболд /рд:СФ87070718/-ыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Боржигон овогт Бэхбатын Билгүүнболдыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

  1. Барьцаат зээлийн гэрээ байгуулах үед Б.Билгүүнболд нь Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Гүнжийн 43 гудамж, 35 тоот хаягт оршин сууж байсан, мөн 88070077, 91916548 /аав Бэхбат/ гар утасны дугаарыг эзэмшиж байсан болохыг дурдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                                                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР