Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 15 өдөр

 Дугаар 181/ШШ2016/00494

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 32а байр, 20 тоот хаягт оршин суух Мигэддоржийн Нарантуяа /рд:ФЖ70061607/-гийн нэхэмжлэлтэй,

 

“Нью линк интернэшнл” ХХК /рд:2587017/, захирал Д.Ариунболд нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн охин Д.Сайхантуяаг Япон Улсад суралцуулах зорилгоор “Нью линк интернэшнл” ХХК-иар зуучлуулан “Япон Улсад суралцуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу 2012 оны 9 сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 5.000 ам.долларыг хариуцагч компанийн кассанд бэлнээр төлсөн. Барьцааны гэрээнд зааснаар барьцаанд өгсөн 5.000 ам.долларыг 2013 оны 10 сарын 24-ний өдөр буцаан авах эрх үүсэх юм. Энэ талаар компанийн удирдлагатай ярьсан боловч захирал Д.Ариунболд төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд тус маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нью линк интернэшнл” ХХК, захирал Д.Ариунболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нарантуяа нь “Нью линк интернэшнл” ХХК, захирал Д.Ариунболд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

“Нью линк интернэшнл” ХХК болон захирал Д.Ариунболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин байгаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь М.Нарантуяагийн “Нью линк интернэшнл” ХХК-тай 2012 оны 5 сарын 28-ны өдөр байгуулсан “Япон Улсад суралцуулах гэрээ”, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийгэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар М.Нарантуяагийн нэхэмжлэлээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нью линк интернэшнл” ХХК /рд:2587017/, захирал Д.Ариунболд нарыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Нью линк интернэшнл” ХХК, захирал Д.Ариунболд нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

  1. Япон Улсад суралцуулах гэрээ байгуулах үед “Нью линк интернэшнл” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ард кино театр, 01 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байсан, мөн захирал Д.Ариунболд нь 99117001 гар утасны дугаарыг эзэмшиж байсан болохыг дурдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                                                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР