Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00039

 

   “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “26,399,050 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Манай компани нь Монгол Улсын Зам Тээврийн хөгжлийн яам болон “*******” ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 31-ний өдрийн “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу “*******” ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр менежментийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Энэхүү “*******” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь ******* төслийн үр шимийг хүрэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төлөх төлбөр, хандиваас санхүүжилт бүрдэхээр тогтоосон. Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан “*******” ХХК-тай Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан ба төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар амаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн.

“*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 20,390,10 тонн нүүрс тээвэрлэж, нийт 315,118,100 төгрөгийн төлбөр төлөхөөс 262,320,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж, албан бичгээр шаардаж байсан. Гэтэл “*******” ХХК нь хураамжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс бид бусад хуулийн этгээд, аж ахуй нэгжид төлбөл зохих өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, хохирч байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд “*******” ХХК-аас “Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүрэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт 26,399,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 03 сарын 31-ний өдөр “*******” ТББ нь Зам Тээвэр Хөгжлийн яамтай хамтран Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээг байгуулан, Таван толгой Чойр чиглэлд явдаг нүүрс тээврийн компаниудаас өндөр хэмжээний хураамж авдаг байсан. Үүнд 1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хоорондын замд 4 пост байгуулан, пост тус бүрд 1 машинаас 5000 төгрөгийн хураамж, 1 машин 1 рейсэнд 20,000 төгрөг, Тээврийн хэрэгсэл бүрээс 1 тонн нүүрс тутамд 11,000 төгрөг тус тус авч байв. Тухайн үед ******* ХХК, ******* ХХК, ХХК, ХХК нь Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг үндсэн 4 компани байсан. Баян зам тээвэрчдийн холбоо ТББ нь бидэнд ******* төслийг танилцуулан, хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр бид бүхэн тээвэрлэлт хийдэг замд арчлалт, засвар хийж, малчдын бэлчээр сүйтгэхгүй, нутгийн ард иргэд болон жолооч тээвэрлэгчдийн хооронд маргаан үүсгэхгүй зэрэг асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзэн үндсэн нэг замаар тээвэрлэлт хийхийг дэмжиж Чойр зөвлөлд хамтран ажиллахыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр ******* ХХК нь Баян зам тээвэрчдийн холбоо ТББ-ын менежментийн компани болох “*******” ХХК-тай 2021 оны 05 сарын 01-ний өдөр №21/01 тоот менежментийн гэрээг байгуулан 2021 оны 10 сарын 06-ны өдөр нь Баян зам тээвэрчдийн холбоо ТББ-тай № тоот *******т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ-г байгуулсан юм.

Манай компанийн зүгээс “*******” төслийг дэмжин Баян зам тээвэрчдийн холбоо ТББ, ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог төлж барагдуулдаг байсан. Гэвч ******* төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтын 18 дугаарт бичигдсэн Чойр санг бий болгож замын эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг засварлах заалтыг хэрэгжүүлээгүй, мөн “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ нь илт давуу байдал гарган бүхий л асуудлыг дангаар шийддэг байсан. Холбооноос зарласан хурал зөвлөгөөнд, зөвлөлийн гишүүд, тээвэрчид тогтмол оролцож зам засвартай холбоотой шаардлага, санал хүсэлтүүдийг удаа дараа аман хэлбэрээр тавьдаг байсан ч үр дүнд хүрээгүй. Үүний улмаас жолооч нарын аюулгүй байдал алдагдаж, тогтоосон замаар тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болсон. Иймд бид дээр дурдсан 2021 оны 03 сарын 31-ний өдөр Баян зам тээвэрчдийн холбоо ТББ болон Зам тээврийн хөгжлийн яам нарын хамтран байгуулсан Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээг судлан үзэхэд тус гэрээ нь гэрээний дугааргүй мөн гэрээнд Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны тоот тушаалыг үндэслэл болгосон байв. Бид зам тээврийн хөгжлийн яамны вэб сайтаас дээрх тоот тушаалыг хайхад олдоогүй бөгөөд харин 2017 оны 06 сарын 27-ны өдрийн тоот тушаал байв. Мөн 2019 онд зам тээврийн хөгжлийн сайдын тушаалуудад төсөл болон гэрээтэй холбоотой нэг ч тушаал байхгүй байсан юм. Ийм учраас үндэслэлгүй гэрээ байгуулсан гэж үзэн төлбөр төлөхөөс татгалзсан юм. Түүнчлэн дээр дурдсанаар Баян зам тээвэрчдийн холбоо нь ажил үүргээ муу хийж гүйцэтгэснийг Зам тээврийн яамны ажлын хэсэг байгуулан 2021 оны 10 сарын 20-ны өдөр шалгаад гэрээний хэрэгжилтийг 34% гэж дүгнэж гэрээг хүчингүй болгох дүгнэлт гаргаснаар нотлогдож байна гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "*******" ХХК-ийн хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан гаргасан 26,399,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Дархан-уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00436 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Дээрх гэрээний зохицуулалтаар тээвэрлэлт хийж бүй хуулийн этгээд, иргэний төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө гэрээ байгуулахаар заасан байгаа бөгөөд харин менежментийн компани болох нэхэмжлэгч “*******” ХХК-б энэхүү гэрээ байгуулах эрх олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгогдоогүй байхад гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. ” гэжээ.

“*******” ХХК “*******” ТББ-ын менежментийн компани болох “Элит когсалтинг” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21/01 тоот менежментийн гэрээг байгуулан, 2021 оны 10 сарын 06-ны өдөр “Баянзам тээвэрчдтийн холбоо” ТББ-тай тоот “*******т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Манай компани 2021 оны 05 сарын 01-ний өдрийн “Менежментийн гэрээний дагуу ******* төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах, мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг тээврийн компаниуд нь хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөх, санхүүжилт бүрдэхээр тогтоосон. Үүний дагуу “*******” ХХК нь 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тээвэрлэлт хийсэн боловч хураамжийн төлбөрийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг шаардах эрхтэй. Одоо тээвэрлэсэн хугацааныхаа төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 8. Хэрэгт” *******” ХХК болон “*******” ТББ нарын 2021 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан дугаартай “Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ” авагдсан бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэгч “*******” ХХК нь оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг зөвхөн гэрээ байгуулсан талуудад хамааралтай бөгөөд хариуцагч байгууллагын дансаар дээрх хураамж төлбөр төлөгдөж байсан явдал нь гэрээний үүрэг болох төлбөр шаардах эрхийг үүсгэхгүй юм. ” 9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч "*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан 26,399,050 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан 2021 оны 05 сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай “Менежментийн гэрээ”-нд талууд хариуцаж, хэрэгжүүлэх ажил, эрх үүргийг тодорхойлсон бөгөөд гэрээний 2.4.3-т: ...QR код аваагүй болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж байгууллага түүний тээврийн хэрэгслийг тус замаар тээвэр хийлгүүлэхгүй байх”, 2.4.5-д “...Чойр сан буюу менежментийн компанийн Хаан банк дахь тоот төгрөгийн дансыг төслийн оролцогч нартай байгуулах бүх гэрээнд тусгаж, Чойр сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавина”, 2.1.5-д: “Төслийн оролцогч нартай гэрээ байгуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Хэрэгт авагдсан материалууд болох “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ, ******* төсөл, ******* ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Менежментийн гэрээ, Хамтран ажиллах гэрээ, ******* ХХК-ийн 2021.05.07-06.11-ний хооронд тээврийн тооцоо, бүртгэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, Менежментийн гэрээний хүрээнд орон нутгуудад өгсөн хандивуудын жагсаалт, Менежментийн гэрээний дагуу хийгдсэн хиймэл дагуулын сүлжээ ашиглалтын зардалд төлсөн төлбөрийн баримтуудын жагсаалт, Менежментийн гэрээний хүрээнд Баянжаргалан, Цогтцэций сумдад усжуулалт хийсэн машинуудад төлсөн төлбөр, Менежментийн гэрээний хүрээнд хийгдсэн зам засвар арчлалтын компаниудад төлсөн төлбөр тооцооны баримтуудын жагсаалт, Менежментийн гэрээний хүрээнд орон нутгуудын ажилласан харуул хамгаалалт, программ ашиглалтын зардал болон бусад ажлуудын төлбөр тооцоо төлбөр тооцооны жагсаалт, Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ, Зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх ач холбогдолгүй мэт дутуу судалж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн дүгнэлт хийж байгаа тохиолдолд хариуцагч талыг гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч талд хэр хэмжээний хохирол учирсан болох талаарх дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж дүгнэх атал энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу судалж хэт нэг талыг барьж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтуудыг буруу үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй байна. 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

8. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Монгол Улсын Зам Тээврийн хөгжлийн яам болон “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 31-ний өдрийн “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр менежментийн гэрээг байгуулан ажиллаж байсан.

...“*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 20,390,10 тонн нүүрс тээвэрлэж, нийт 315,118,100 төгрөгийн төлбөр төлөхөөс 262,320,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн тул “*******” ХХК-аас “Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүрэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт 26,399,050 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг

-Хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч, компанийн зүгээс “*******” төслийг дэмжин Баян зам тээвэрчдийн холбоо ТББ, ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог төлж барагдуулдаг байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан, түүнчлэн үндэслэлгүй гэрээ байгуулсан гэж үзэж байгаа учир төлбөр төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

9.Зам тээврийн хөгжлийн яам, “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-тай “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 2021 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу  “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ нь “*******” төслийг хэрэгжүүлж, гэрээнд заасан ажлыг зохион байгуулж ажиллах үүрэг хүлээсэн байна. /1 х.х-7-13/

Мөн 2021 оны 05 сарын 01-ний өдөр 21/01 дугаартай “Менежментийн гэрээ”-г нэг талаас “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ, “” ХХК, “*******” ХХК, “” ХХК, “” ХХК,  нөгөө талаас “*******” ХХК нар байгуулж, “Менежментийн гэрээ”-нд зааснаар “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ, “” ХХК, “*******” ХХК, “” ХХК,  “” ХХК-иудыг хамтад нь төсөл хэрэгжүүлэгч, “*******” ХХК-ийг менежментийн компани гэж тодорхойлжээ.

“Менежментийн компани” гэж ямар этгээдийг ойлгох талаар “Менежментийн гэрээ”-ний 1.2-т “Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ, түүний хавсралтаар батлагдсан Эко жишиг тээврийн төслийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн зарим чиг үүргийг энэхүү гэрээгээр хэрэгжүүлэн ажиллах компанийг хэлнэ” гэж тусгасан байна. / 1 х.х-14-15/

10. Талуудын хооронд байгуулагдсан эдгээр гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” төслийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн этгээд, хариуцагч “*******” ХХК нь төсөл хэрэгжүүлэгч үндсэн компаниудын нэг байна.

 11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтаар тээвэрлэлт хийж буй хуулийн этгээд, иргэнтэй төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө гэрээ байгуулахаар заасан байгаа бөгөөд харин менежментийн компани болох нэхэмжлэгч “*******” ХХК-д энэхүү гэрээ байгуулах эрх олгогдоогүй, нөгөө талаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Чойр зөвлөл” холбоо болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний оролцогч нь “*******” ХХК биш байна. / 1 х.х-16-18/

Мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “*******” ХХК болон “Баян зам тээвэрчдийн” холбоо ТББ нарын хооронд байгуулсан дугаартай “Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ”-нд нэхэмжлэгч “*******” ХХК оролцоогүй байна. / 1 х.х-221-226/

Иймд гэрээ байгуулах эрх олгогдоогүй байхад гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                  ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА       

                                                                                                 Я.ТУУЛ