Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 136

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-2073)

Хохирогч Ц.Л, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-0620) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашцэдэнгийн Даваанямд холбогдох 1918000000113 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-н Д, /РД:ТЗ80121573/, 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын урд талын төв засмал зам дээр Тоёота приус-20 маркийн 5565ДАХ улсын дугаартай тээврийн

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Davaanyam 27.10.docx

хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ц.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагийн үед би Шинэ Дарханаас Хуучин Дарханд байх зах орохоор явж байхдаа “MБM” зочид буудлын урд зам дээрх явган хүний гарц дээр хохирогчийг мөргөж хохирол учруулсан.” гэв.

 

-Хохирогч Ц.Л мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20:00 цагийн үед ажилдаа явж байх үедээ би зам хөндлөн гарахаар явган хүний гарцан дээр ирэхэд 1 дүгээр эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөөд, гараараа намайг яв яв гэж зангасан юм. Би замын 2 дугаар эгнээнээс гарч дуусаад боржуур дээр гишгэхэд хажуунаас нэг юм хүрэх шиг болсон тэрнээс хойших 3 хоногийг би санахгүй байгаа. Хэн намайг мөргөснийг ч би мэдээгүй. Миний биед гавал тархины битүү гэмтэл, хамрын мөгөөрс чихэгдэж, савхан ясны хугаралтай. Хамраараа амьсгалж болохгүй байгаа. Миний хамарт улсын эмнэлэг эмчилгээ хийхгүй гэсэн учир би хувийн эмнэлэг дээр хамарны эмчилгээ хийлгэхээр үнэлгээ гаргуулсан. Намайг сэхээнд байх хугацаанд шүүгдэгч талаас 10 хоногийн хугацаанд хоол унд зөөсөн нь үнэн. Миний биеийн байдал муудаад хотод очиж эмчилгээ хийлгэхээр явахад надтай нэг ч удаа холбоо бариагүй, мал дайрсан мэт хаяад явсан. Эмнэлэгт хэвтэж байхад надтай уулзах болов уу гэж бодсон боловч ирээгүй. Эхнэр бид хоёр эмнэлэг дээр явж байхад шүүгдэгч биднийг хараад зугтаж явсан. Хүн боломжгүй байж болно, үнэн учраа хэлээд уучлал гуйсан бол бид нар чинь хүн юм хойно ойлгоно шүү дээ. Миний хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

...Шүүгдэгчийг намайг хохиролгүй болгож өгнө гэж бодож байна, хамраа эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар эмчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал 7.985.133 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Би “Өгөөж гурил” ХХК-ний технологийн ээлжийн мастер ажилтай, сарын 800.000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлдөг. Осол гарахад хамартаа гэмтэл авсан, 4.800.000 төгрөгийн эмчилгээ, хагалгааг хамартаа хийлгэнэ.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1918000000113 дугаартай хэргээс:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1]

-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл[2]

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[3]

 

-Хохирогч Ц.Л гийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн “... Гомдолтой байна. Зам тээврийн осолд орсны улмаас ажлаа хийж чадахгүй, мөн миний нүүрэнд тогтсон сорви арилахгүй байна. Энэ нь миний гоо сайханд нөлөөлж байна. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тийм болохоор гарах зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[4]

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “... Манай нөхөр Ц.Л 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсны улмаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, гэмтлийн тасаг, мөн Улаанбаатарт очиж шинжилгээ өгсөн. Одоогоор “Энх-Уламжлал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд асаргаа, сувилгаа шаардлагатай тул би өөрийн ажилладаг “МБМ” зочид буудлын ахлах тогоочийн ажлаас 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авч сувилж сахих болсон. Тийм учраас би буруутай этгээдээс өөрийн нэг сарын үндсэн цалин болох 765.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[5]

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 011 дугаартай “...Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6]

 

-Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Г-н 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай ослын талаарх “...Жолооч Д.Днь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт[7]

 

-Д.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...зам тээврийн ослоо хүлээн зөвшөөрч байна. Би гарц руу дөхөж ирээд гарцаар гарах гэж байхад урдуур хүн гүйгээд гараад ирэхээр нь би тэр хүнийг хараад машиныхаа тормозыг гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөсөн.” гэх мэдүүлэг[8]

 

-Хохирогч Ц.Л-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 дугаартай “...Ц.Л-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, нүүр ба зүүн ташаа гуян дахь зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Л-н биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх дүгнэлт[9]

 

-Хохирогч Ц.Л-ийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн болон шүүгдэгч Д.Д-с хохирол төлсөн баримтууд[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Д-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “МВМ” зочид буудлын урд талын төв засмал зам дээр Тоёота приус-20 маркийн 5565ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ц.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11]

-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл[12]

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[13]

 

-Хохирогч Ц.Л-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн “... Гомдолтой байна. Зам тээврийн осолд орсны улмаас ажлаа хийж чадахгүй, мөн миний нүүрэнд тогтсон сорви арилахгүй байна. Энэ нь миний гоо сайханд нөлөөлж байна. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тийм болохоор гарах зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[14]

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Манай нөхөр Лхамхүү 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсны улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, гэмтлийн тасаг, мөн Улаанбаатарт очиж шинжилгээ өгсөн. Одоогоор “Энх-Уламжлал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд асаргаа, сувилгаа шаардлагатай тул би өөрийн ажилладаг “МБМ” зочид буудлын ахлах тогоочийн ажлаас 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авч сувилж сахих болсон. Тийм учраас би буруутай этгээдээс өөрийн нэг сарын үндсэн цалин болох 765.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[15]

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 011 дугаартай “...Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16]

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Г-н 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай ослын талаарх “...Жолооч Д.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт.[17]

 

Д.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...зам тээврийн ослоо хүлээн зөвшөөрч байна. Би гарц руу дөхөж ирээд гарцаар гарах гэж байхад урдуур хүн гүйгээд гараад ирэхээр нь би тэр хүнийг хараад машиныхаа тормозыг гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөсөн.” гэх мэдүүлэг[18]

 

-Хохирогч Ц.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ц.Лгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, нүүр ба зүүн ташаа гуян дахь зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Лгийн биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх 202 дугаартай дүгнэлт[19]

 

-Хохирогч Ц.Лгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн болон шүүгдэгч Д.Д-с хохирол төлсөн баримтууд[20] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт: Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнээс шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч Д.Днь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн улмаас хохирогч Ц.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Д-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Хохирогч Ц.Л нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Д-с эмчилгээний зардалд баримтаар 1.364.083 төгрөгийг[21], баримтгүйгээр 769.850 төгрөгийг[22], шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өөрийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 150.000 төгрөг[23], ирээдүйд хамрын амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх төлбөр 4.800.000 төгрөг[24], баримтаар эмчилгээний зардалд 441.380[25] төгрөг, орон сууцны  зээлийн төлбөр болон бусад төлбөрөө төлөх зорилгоор компаниасаа авсан зээл 865.000 төгрөг[26], нийт 9.993.313 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.Днь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Лгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд 140.000 төгрөг төлсөн, эм, тариа 528.330 төгрөгөөр тус тус авч өгсөн, бэлнээр 332.000 төгрөгийг төлсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эм, тариа 92.550 төгрөгөөр авч өгсөн, бэлнээр 665.000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр нь нийт 1.617.880 төгрөг[27]  болж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэж, мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.364.083 төгрөг[28]-ийн баримтуудаас эмчилгээний зардалтай холбогдолгүй хоол, хүнстэй холбоотой 488.274 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 302.189 /шүүгдэгч Д.Д-н бэлнээр төлсөн 997.000 төгрөгийг хассан/ төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 150.000 төгрөг, нийт 2.052.189 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж хохирогч Ц.Лд олгох,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал 769.850 төгрөг, ирээдүйд хамрын амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх төлбөр 4.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр болон бусад төлбөрөө төлөх зорилгоор компаниасаа авсан зээл 865.000 төгрөг, нийт 6.434.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э-н 2019 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 3 дугаар 25-ний өдөр хүртэл нөхөр Ц.Л-г асарч, сувилсан ажилгүй байсан хугацааны цалин 765.000 төгрөг[29]-ийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Л нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “...шүүгдэгч нь хохирол бүрэн төлж барагдуулаагүй тул эдийн засгийн хувьд торгуулийг биелүүлэх боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнээс “...шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүгдэгч Д.Д-н хувьд эрүүл мэнд муу, элэгний хатуурал өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь[30]-аар тогтоосон. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийх ял эдлэх боломжгүй юм.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч Д.Днь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Д-н Д-г  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Днь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-с эмчилгээний зардалд 302.189 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 150.000 төгрөг, нийт 2.052.189 төгрөгийг гаргуулж хохирогч ...тоотод оршин суух Ц-н Л-д /РД:.../,  ажилгүй байсан хугацааны цалин 765.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... тоотод оршин суух Б-н Э-д /РД:.../ тус тус олгож, эмчилгээний зардалтай холбогдолгүй 488.274 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хэрэгт баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал 769.850 төгрөг, ирээдүйд хамрын амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх төлбөр 4.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр болон бусад төлбөрөө төлөх зорилгоор компаниасаа авсан зээл 865.000 төгрөг, нийт 6.434.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Л нь хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Д.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 3-7 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 9-10  тал

[4] Хавтаст хэргийн 20-22 тал

[5] Хавтаст хэргийн 29-30 тал

[6]Хавтаст хэргийн 63-67 тал

[7] Хавтаст хэргийн 41 тал

[8] Хавтаст хэргийн 81-82 тал

[9] Хавтаст хэргийн 71 тал

[10] Хавтаст хэргийн 98-120

[11] Хавтаст хэргийн 3-7 тал

[12] Хавтаст хэргийн 8 тал

[13] Хавтаст хэргийн 9-10  тал

[14] Хавтаст хэргийн 20-22 тал

[15] Хавтаст хэргийн 29-30 тал

[16]Хавтаст хэргийн 63-67 тал

[17] Хавтаст хэргийн 41 тал

[18] Хавтаст хэргийн 81-82 тал

[19] Хавтаст хэргийн 71 тал

[20] Хавтаст хэргийн 98-120

[21] Хавтаст хэргийн 104-113 тал

[22] Хавтаст хэргийн 115-116 тал

[23] Хавтаст хэргийн 163 тал

[24] Хавтаст хэргийн 153 тал

[25] Хавтаст хэргийн 157-170 тал

[26] Хавтаст хэргийн 141-143 тал

[27] Хавтаст хэргийн 98-102, 177 тал

[28] Хавтаст хэргийн 104-113 тал

[29] Хавтаст хэргийн 117-120 тал

[30] Хавтаст хэргийн 176 тал