Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 568

 

 

 

 

 

       2016 оны 08 сарын 29 өдөр

          Дугаар 181/ШШ2016/00568

         Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 21 гудамж, 73а  тоот хаягт оршин суух, Номч овогт Энхтуяагийн Цэрэннасан /РД:ЧП80092711/-гийн нэхэмжлэлтэй,

 

Боржигон овогт Ванчигсэржийн Туяазулыг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэрэннасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Цэрэннасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Туяазул нь намайг Солонгос улс руу гаргаж өгнө хэмээн 2016 оны 01 сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөгийг зээлийн гэрээ хийн авсан. Энэ хугацаанд Солонгос гарах байтугай утсаа авахгүй холбоо тасарсан. Би гэрийн хаягаар нь очиход тийм хүн байдаггүй гэдэг. Иймд В.Туяазулыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Цэрэннасан нь В.Туяазулыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

В.Туяазул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа болох нь Э.Цэрэнннасан, В.Туяазул нарын хооронд 2016 оны 01 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 181/ШЗ2016/01995 дугаар захирамж зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Э.Цэрэннасангийн нэхэмжлэлээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ванчигсэржийн Туяазул /рд:ХЕ71102661/-ыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ванчигсэржийн Туяазулыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

  1. Гэрээ байгуулах үед В.Туяазул нь Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Шинэ хороолол, 12-р байр, 12 тоот хаягт оршин сууж байсан, мөн В.Туяазулын эзэмшиж байсан гар утасны дугаар 99104998, 99032637 болохыг тус тус дурдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                                                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР