Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2024/00041

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Дархан-Уул аймгийн ******* тоот, 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч *******гийн Дархан-Уул аймаг сум 2 дугаар баг, 2 дугаар гудамж, 7 тоотын хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...*******, ******* бид Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч *******гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр авахаар банкинд *******, ******* бид хандсан боловч Хас банкинд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан тул бидэнд зээл гарах боломжгүй болж, худалдагч ******* нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч үндсэн төлбөр 42,000,000 төгрөгийг бид төлж, харин хүүг ******* өөрөө төлөхөөр тохиролцсон. ******* нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэмэлт барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч ******* миний өмчийн *******,******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг “ ББСБ” ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээл авч, бидэнтэй 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлж өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр “ ББСБ” ХХК-ны зээлийн барьцаанаас ******* нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно.

******* нь *******, ******* бидэнд холбогдуулж 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг гэрээний зөрчил гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлээс татгалзах нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэрээр биднийг гэрээний зөрчил гаргаагүй байна, үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.4.1-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд бид хариуцагч *******д 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлийн дагуу үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул бидэнд ******* тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Мөн *******,******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг худалдсан 2019 оны 12 сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнүүд нь хэлцэл хийх хүсэл сонирхолгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд байх тул Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах мөн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу ******* тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / 1 хх 1-2-р тал/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Хариуцагч ******* миний бие ******* тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт 42,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Уг зарын дагуу *******, ******* нар ирж уулзан худалдан авахаар тохиролцож төлбөрт нь Дархан-Уул аймаг, *******,, тоот 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу надад зарсан. Бидний хооронд тохиролцооны дагуу хуульд заасан наймаа болж, тус 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хуулийн дагуу худалдан авсан.

 Мөн ******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******, ******* нарыг Дархан-Уул аймаг, шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 3 дугаар байр, 1 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө байр, /Ү-/ дугаартай, Улсын бүртгэлийн гэрчилгээний № дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/Ш32022/0042 дугаар захирамж, магадлал зэрэг гарч эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Иймд *******, ******* нараас тус үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор худалдан авсан, маргааны зүйлийн талаар гаргасан шийдэгдвэл зохих өөр иргэний хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа учир *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 67-р тал/

3.Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь хариуцагч *******оос 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг сум, 2 дугаар баг, Хайрхан тосгон 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдахаар тохиролцсон. Гэсэн ч хариуцагч нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шууд худалдан авах мөнгө байгаагүй тул надад хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч нарт өгсөн. Энэхүү зээлийг миний бие хариуцагч нарын өмнөөс авч өгсөн тус зээлийг хүүгийн хамт хариуцагч нар төлөхөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч хариуцагч нар тохиролцсоны дагуу сар бүр Хас банкинд төлөлтийг тогтмол төлж чадахгүй байгаагаас үүдэн хариуцагч нарын өмнөөс зээл гаргуулсан ******* надаас Хас банк байнга зээлийн төлөлтөө хийхийг шаарддаг байсан. Хариуцагч нар нь ч “бидэнд банкны төлөлтийг төлөх мөнгө үнэхээр алга байна, та энэ удаад бидний өмнөөс төлөөд өгөөч” гээд ******* өөрийнхөө аав болох Б.Уртнасангийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэргийг надад барьцаалах хүсэлт тавьсныг би зөвшөөрч хариуцагч нарын өмнөөс Хас банкинд 2021 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн төлөлт 1,760,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1,920,000 төгрөгийн төлөлтийг тус тус төлсөн.

Гэтэл түүний аав Б.Уртнасангийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэрэг миний барьцаанд байх үед ******* болон түүний аав Б.Уртнасан нар нь тэтгэврийн зээл авчихсан байсан. Дараагийн удаа мөн л “зээлийн төлөлт хийх мөнгө дутчихлаа, та манай ээжийн алтан ээмгийг авч үлдээд надад 750,000 төгрөг зээлээч” гэсний дагуу миний бие түүнд зээлдүүлсэн. Гэтэл 750,000 төгрөгийн зээл төлөлтөө ээмэг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн хэр нь тус мөнгө Дархан-Уул аймаг сум 2 дугаар баг Хайрхан тосгон 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдан авах үнэд оруулан тооцогдсон тул дээрх 750,000 төгрөгийг миний бие бодитоор аваагүй байх юм. Мөн хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлсэн. Энэ тухайгаа 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичгээр баталгаажуулан гарын үсгээ зурсан боловч одоо болтол надад эргүүлэн өгөөгүй. Үүнээс гадна 2021 оны 11 сард хариуцагч нарын цайны газарт 490,000 төгрөгийн үнэ бүхий 49 кг үхрийн махыг нийлүүлж, тогооч н.д нь хүлээлгэн өгч энэ тухай баримтыг бичгээр үйлдсэн боловч тухайн махны үнийг одоо болтол төлөөгүй.

Иймд ******* миний бие У.Ган- оос 2019 оны 12 сарын 09-ний өдөр дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг сум 2 дугаар баг 2 дугаар гудамж 7 тоотын хашаа, байшинг хуулийн дагуу худалдан авсан боловч ******* болон түүний гэр бүл тус үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөхөөс хууль бусаар татгалзсаар байх тул тус хашаа байшинг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч нараас 6,170,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 191-192 дахь тал/

4.Нэхэмжлэгч *******, ******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

4.1.Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд *******, ******* бид Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч *******гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж авахаар банкинд зээл авахаар *******, ******* бид хандсан боловч Хас банкинд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан нь бидэнд зээл гарах боломжгүй болсон тул худалдагч ******* нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн үндсэн төлбөрийг бид төлнө, харин хүүг ******* өөрөө төлөхөөр тохиролцоод Хас банкнаас зээлээ авч байсан. ******* нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэмэлт барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч ******* миний өмчийн ************** тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12 сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээлийг авч бидэнтэй 2019 оны 12 сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлэн өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно. Иймд бидний хооронд байгуулсан гэх 2019 оны 12 сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул биднээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

4.2.6,920,000 төгрөг гаргуулах тухайд өмнөх 42,000,000 төгрөгийн төлөлтүүдийн зарим төлбөрийг бүрэн төлж дуусгасан зүйлүүд байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг нэхэмжлэгч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Дархан-Уул аймаг ******* тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 117,150 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон мөн 2-т *******, ******* нараас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгуулахаар шийдвэрлэдэг.

*******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь тухайн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батмандахын шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлэг, газар, байшинг нийтдээ 5,000,000 төгрөгөөр худалдсан нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 23,845,476 төгрөг байсан нь шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байхад талууд тухайн газар байшинг 11,000,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ гэж ямар ч нотлох баримтгүй дүгнэлт хийсэн мөн дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 183.1, 183.2-т зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв тооцно гэж ямар ч хамааралгүй үндэслэлгүй заалт оруулж ирж дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хангасан тухайд: Нэхэмжлэгч *******гаас гаргаж өгсөн *******ы өөрийн гараар бичсэн  “2,000,000 төгрөг зээлсэн, үүнээс 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн, 1,000,000 төгрөг үлдсэн” гэх баримт байдаг бөгөөд үлдсэн 1,000,000 төгрөгөө нөхөр *******ын данснаас ******* руу шилжүүлсэн хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад илт хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолтой, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг *******д ашигтай байдлаар үнэлж дүгнэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байх тул *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. /1 хх 241-242 дахь тал/

             7.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй,  талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

-2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг,

хариуцагч ******* эс зөвшөөрч, “2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан авч миний өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэлийн уг шаарлагыг зөвшөөрөхгүй, 

-Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар байхгүй гэжээ. 

4.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг сум 2 дугаар баг, 2 дугаар гудамж 7 тоотын хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  /хх-ийн 1-3, 181-183, 191-192/

Хэргээс судлан үзэхэд:

5.Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагын тухайд:

5.1 Нэхэмжлэгч ******* ******* нар нь *******гаас Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хогшлийн хамт худалдан авахаар харилцан тохиролцож, *******, ******* нарын нэр дээр зээл гарахгүй гэх шалтгааны улмаас *******гийн нэр дээр Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, зээлийн барьцаанд *******ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулан *******гийн өмчлөлд шилжүүлж барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Энэ үйл баримт нь зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, үл хөдөлх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна. /хх-ийн 9-15, 17-18, 38-42, 120/

5.2 Гэвч *******, ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч тал дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь дараах байдлаар  тогтоогдож байна.

Тухайлбал: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэн аль нь  худалдах худалдан авах хүсэл зориггүй, зөвхөн зээлийн барьцаанд тавьж зээл авах, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах зорилготой байсан нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үнэ, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан “хариуцагч нар маргаан бүхий байрыг зээлээр худалдан авахдаа барьцаа болгон хариуцагч нарын Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаанд тавихаар тохиролцсон” гэх тайлбар, гэрч У.Гантөмөрийн “...банкны барьцаанд тавьж зээл авах гэж байгаа гэж дүү ******* хэлэхээр нь зөвшөөрсөн. ... манайх 2005 онд уг хашаа байшинг авсан. Үүнээс хойш одоог хүртэл амьдарч байгаа” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 17-18, 97,161/

Өөрөөр хэлбэл, талуудад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, банкны зээлийн барьцаанд тавих зорилгоор зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэхээр байна.

5.3. Иймд *******, ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан , дугаартай “Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус  худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна. 

6.2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Дархан-Уул аймгийн ******* тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагын тухайд:

6.1 Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаартай шийдвэрээр “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хянагдаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ талаар талууд  маргаагүй байна. / хх-ийн 32-37, 75-87 дуг/

6.2.Түүнчлэн хариуцагч ******* нь Дархан-Уул аймаг сумын Хайрхан багийн 3-р байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлага гаргасныг үгүйсгээгүй, тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

6.3. Талуудын хооронд 2019 оны 12 сарын 18-ны өдөр 18 мкв талбай бүхий цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7.Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1 *******, ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан , дугаартай “Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус  худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн сумын Дархан баг Тосгон 2-7 тоот 96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрыг нэхэмжлэгч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

8.Хариуцагчийн 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч нарын өмнөөс Хас банканд 2021.04.15-ны өдрийн зээлийн эргэн төлөлт 1,760,000 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,920,000 төгрөгийн төлөлтийг төлсөн, ....манай ээжийн алтан ээмгийг авч үлдээд 750,000 төгрөг зээлээч гэсний дагуу 750,000 төгрөг зээлсэн. 2019.12.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлсэн, энэ тухайгаа 2021.12.04-ний өдөр бичгээр баталгаажуулан гарын үсгээ зурсан боловч одоо болтол надад эргүүлэн өгөөгүй, үүнээс гадна 2021 оны 11 сард үхрийн мах нийлүүлж тогооч д нь хүлээлгэн өгч энэ тухай баримт үйлдсэн. Иймд нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаартай шийдвэрээр зээлийн үлдэгдэл төлбөр 2,009,800 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь 2023 оны 5 сарын 09-ний өдөр төлж барагдуулсан талаар нотлох баримтыг ирүүлсэн байх тул хариуцагчийн 2021.04.15-ны өдрийн зээлийн эргэн төлөлт 1,760,000 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,920,000 төгрөгийн төлөлт нийт 3,680,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, 

шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохицуулсан тул уг маргааны талаар дахин шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

8.2.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ээмэгний үнэ 750,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын депозит дансны хуулгад “ нь д ээмэгний мөнгө утгатайгаар 400,000 төгрөгөөр, мөн 350,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

8.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бэлнээр авсан 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар *******ын Хаан банкны депозит дансны хуулга,  *******ы 2021 оны 12 сарын 4-ний өдрийн “2,000,000 төгрөг зээлсэн, 1,000,000 төгрөгийг төлсөн, 1,000,000 төгрөг үлдсэн” гэх гар бичвэрийг тус тус ирүүлсэн боловч дансны хуулганы огноо тодорхойгүй, дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Хас банкны зээлийн төлбөрөөс гадна зээлсэн мөнгөө төлж барагдуулсан болохыг нотолсон баримт гэж үзэхээргүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч *******, ******* нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8.4. Хариуцагч ******* нь 2021 оны 11 сард үхрийн мах нийлүүлж тогооч д нь хүлээлгэн өгсөн 49 кг махны үнэ 490,000 төгрөгийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан “намайг ажиллаж байхад 11 сард 49 кг мах оруулж ирж өгсөн нь үнэн. ” гэсэн бичилт бүхий баримтыг ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бусад нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдохгүй байна гэж дүгнэн махны үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт, оруулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн *******, ******* нарын хооронд байгуулсан  худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаварыг арилгуулах тухай давж заалдах гомдлыг хангаж, сөрөг шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан , дугаартай “Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус  худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж,

  1. дахь заалтыг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн *******,******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг нэхэмжлэгч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж ,

3 дахь заалтын

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар” гэснийг  “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д зааснаар ... ” гэж,

  1. дэх заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 165150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт, нэхэмжлэгч *******оос 46,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

    

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Я.ТУУЛ                                                

                                          ШҮҮГЧИД                                          Х.БАЙГАЛМАА                           

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН