Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2024/00042

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 26-ны өдрийн 135/ШШ2024/00417 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах" тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "Орон сууцнаас албадан гаргуулах тухай”,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ь, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

...2018 оны 08 сарын 29-ний өдөр "*******" ХХК-тай "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх ******* дугаартай гэрээ" байгуулж, Дархан-Уул аймаг, ,,,, тоот, 2 өрөө орон сууцыг 57,680,000 төгрөгөөр захиалж урьдчилгаанд нь 16,686,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,994,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд жилийн 8 хувийн хүүтэйгээр /сард 497,817 төгрөг төлж/ харилцан тохиролцсон.

Гэрээ ёсоор би орон сууцны үнийг хэсэгчлэн төлж орон сууцандаа одоо амьдарч байгаа боловч гэрээний хугацаа дуусаагүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад надад мэдэгдэлгүйгээр ерөнхий захирал нь захиалсан орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч гэрээний үүргээ зөрчсөн.

Би хүүхдээ сургуульд оруулахаар оршин суугаа газрын тодорхойлолт авах, харьяаллаа нотолсон баримт бичгийг гаргуулан авах гэтэл орон сууц чинь өөр хүний өмчлөлд байна гэж хэлснээр өмчлөх эрхийн гэрчилгээ Б.ын нэр дээр гарсныг олж мэдсэн. ...би сарын эргэн төлөлтийг хоцроож байсан удаатай ч 2022 оны 04 сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг өгсөн. Гэтэл 2022 оны 08 сараас компанийн зүгээс намайг удаа дараа дуудаж ирэхгүй бол гэрээг цуцалж байрнаас хөөж гаргана хэмээн дарамтлаад байсан учир би очиж уулзсан. Ингээд очиход ******* ХХК-ийн ажилтан ******* гэж хүн төлбөр тооцоотой холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа, тиймээс төлбөр төлөх хуваарийг шинэчлэн хийнэ гээд тамга тэмдэггүй шинээр тогтоосон төлбөрийн хуваарь гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Одоо энэ шинээр хийсэн хэлцэл хуваарь гэгчээрээ орон сууцны үнэнд өөрчлөлт оруулж төлөх төлбөр тооцоог өмнөх гэрээнд байгаагүй хүүтэйгээр нэмж тооцон нэхэмжилж дарамталж байгаад гомдолтой байна.

Иймд "*******" ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх ******* дугаартай гэрээ"-нд 2022 оны 09-р сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2-р тал/

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

            ...2018 оны 08-сарын 29-ний өдөр "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан, орон сууцыг 57,680,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 07-ны өдөр 4,686,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 40,994,000 төгрөгийг компанийн 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч ******* нь төлбөрийн хуваарийг зөрчин төлбөрийг хугацаа хэтрүүлснээс үүдэн түүний хүсэлтээр дахин шинээр хуваарь тогтоосон боловч ******* нь мөн л удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 29х/

            3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

            ... 2018 оны 08-сарын 29-ний өдөр "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан, орон сууцыг 57,680,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 07-ны өдөр 4,686,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 40,994,000 төгрөгийг компанийн 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон гэвч хариуцагч ******* нь төлбөрийн хуваарийг зөрчин төлбөрийг хугацаа хэтрүүлснээс үүдэн дахин шинээр хуваарь тогтоосон боловч мөн зөрчин гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй учир ******* ХХК-ийн өмчлөлийн Дархан Уул аймаг, 12-р баг,,, тоот 41.20 мкв орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 36-р тал/

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

            ... Гэрээ ёсоор орон сууцны төлбөрөө гэрээний хугацааны дагуу цаг тухайд нь төлж байгаад "Ковид" өвчин улс орон даяар тархсан хөл хориотой байх хугацаанд сарын төлбөрөө аль болох боломжоороо хийж байсан. Банкнууд зээлээ түр хойшлуулж зогсоож байхад "*******" ХХК нь хүүгээ ч зогсоогоогүй. Энэ хугацаанд 2020 оны 11 сар, 2021 оны 1,4,8,10,2,3 дараах сарын төлбөрийг өгөөгүй мөн хугацаанаасаа хэтэрч өгсөн мөнгөн дээр алдангаа тооцон байнга авдаг байсан.

Гэрээний хугацааны төлөлтөөр 2022 оны 04 сарын 24-ний байдлаар 29,565,280 төгрөг байна. Хүүхдүүд маань 2022.04.25-нд 9,000,000 төгрөг төлж 26,772,291.52-ний үлдэгдэлтэй байна. Төлөлтийн хуваарийг харахад манайх илүү төлөлттэй харагдаж байна. 2022.04.25-нд 9,000,000 төг буюу 18 сарын төлбөр хийсэн байхад алданги тооцох ёсгүй эсвэл урьдчилан хийсэн байхад бидэнд хүү хасах ёстой.

            2023 оны 12 сарын 24-ний байдлаар гэрээний хуваарийн дагуу 23,211,466 төгрөгийн үлдэгдэл байна. Би 2022 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 24-нд тус бүр 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг, 2023.04.30-нд 1,500,000 төгрөг, 2023 оны 05.11-нд 2,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн дансанд хийсэн. Тиймээс 2022.04.25-ны үлдэгдэл 26,772,291.52 төгрөгөөс 14,500,000 хасаад 12,272,291.52 төгрөгийн үлдэгдэл үлдээд байна. Бид 2023.12.25-ны байдлаар 10,939,175 төгрөг илүү төлөлттэй байна. Ийм байхад яагаад сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

...гүйцэтгэгч тал нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн. Ерөнхий захирал Б.ын нэр дээр байрны гэрчилгээ байгаа учраас /цахилгаан, ус, дулаан/ бүх хэрэглээний гэрээг хийхэд маш хүндрэлтэй байна. Цахилгаан, ус, дулаанаас ирж гэрээ хийхгүй бол алданги тооцно гээд Б. захирлыг удаа дараа очиж гэрээ хийж өгөөч гэж хэлээд очиж гэрээ хийгээгүй. 1, 2-р зүйл дээр Бэлэг: Дотор модон хаалга, Порчикны решотик өгнө гээд хийж өгөөгүй. Энэ мэтээр гэрээний үүргээ өөрсдөө удаа дараа зөрчсөн атлаа гэрээгээ цуцалж байрнаас албадан гаргана гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 62-64х/

            5.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн "Мираклленд" ХХК-д холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч "Мираклленд" ХХК-ийн *******д холбогдуулан гаргасан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзан орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ь давж заалдах гомдолдоо:

            ... 2023 оны 12 сарын 24-ний байдлаар гэрээний хуваарийн дагуу 23,211,466 төгрөгийн үлдэгдэл байна. Би 2022 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 24-нд тус бүр  5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг, 2023.04.30-нд 1,500,000 төгрөг, 2023 оны 05.11-нд 2,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн дансанд хийсэн. Тиймээс 2022.04.25-ны үлдэгдэл 26,772,291.52 төгрөгөөс 14,500,000 хасаад 12,272,291.52 төгрөгийн үлдэгдэл үлдээд байна. Бид 2023.12.25-ны байдлаар 10,939,175 илүү төлөлттэй байна.

Сүүлд хийсэн шинэ гэрээ ямар ч хуулийн дагуу бус тамга тэмдэггүй зүгээр эргэн төлөлтийн хуваарь гэсэн зүйл дээр охины минь удаа дараа дарамталж ирэхгүй бол орон гэрээс чинь албадан гаргана гэж айлган сүрдүүлж Б.Дуламсүрэн, Мөнхтуяа гэх 2 хүн хүчээр гарын үсэг зуруулсан.

2023.08 сард үлдэгдэл 17,725,640 төгрөгийн баримт өгсөн. ...2022.10.5, 6 гэсэн Шинээр тогтоосон төлбөрийн хуваарь гэсэн хүснэгт нь он сарын алдаатай тамга тэмдэггүй, анх гэрээ хийхдээ ерөнхий захирал Б., Ахлах нягтлан бодогч *******, Борлуулалтын ахлах менежер Б.Бямба-Очир гэсэн хүмүүсийн гарын үсэгтэй гэрээ хийсэн байгаа гэтэл ******* гэх хүн гарын үсэг зурсан энэ хуваарийг хүчингүй болгож үлдэгдэл 12,272,291 төгрөгийг хуучин хуваарийн дагуу сар бүр 500,000 төгрөгөөр төлөлт хийх ёстой.

Гэрээний хугацаа дуусаагүй төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад мэдэгдэлгүйгээр ерөнхий захирал Б. нь захиалсан орон сууцыг минь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөх эрхийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, дугаарын гэрчилгээг гаргуулан авч гэрээний үүргээ зөрчсөн байна. Энэ нь гүйцэтгэгч тал нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөний илрэл юм. Ерөнхий захирал Б.ын нэр дээр байрны гэрчилгээ байгаа учраас /цахилгаан, ус, дулаан/ бүх хэрэглээний гэрээг хийхэд маш хүндрэлтэй. Цахилгаан, ус, дулаанаас ирж гэрээ хийхгүй бол алданги тооцно гээд Б. захирлыг удаа дараа очиж гэрээ хийж өгөөч гэж хэлээд очиж гэрээ хийгээгүй. 1, 2-р зүйл дээр Бэлэг: Дотор модон хаалга, Порчикны решотик өгнө гээд хийж өгөөгүй. Энэ мэтээр гэрээний үүргээ өөрсдөө удаа дараа зөрчсөн атлаа гэрээгээ цуцалж байрнаас албадан гаргана гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, байрны гэрчилгээг хариуцагчаас гаргуулна уу гэжээ. /хх 131-134 дахь тал/

7.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигч нь эвлэрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д  холбогдуулан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” ******* дугаартай гэрээнд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан гэрээний үүргээ зөрчин удаа дараа биелүүлээгүй тул "*******" ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, , 12-р баг,, 3 дугаар байр, тоот 41,20 мкв орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. /хх-ийн 1-2, 36-37/

3.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. /хх-ийн 131-134/

4.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл төлбөрт 17,500,000 төгрөг төлөх ба 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 7,500,000 төгрөгийг тус тус төлж, гэрээний төлбөрт төлөх мөнгийг ХААН банкны тоот дансаар шилжүүлэх бөгөөд үлдэгдэл 17,500,000 төгрөг НӨАТ тооцохгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлж барагдуулсан  өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуцагч тал нь Дархан-Уул аймаг, , 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 3 дугаар байр тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан зөвшилцөж, энэхүү эвлэрлийн гэрээний зүйл, заалтыг үл маргах журмаар сайн дураар биелүүлэх үүрэг хүлээж “эвлэрлийн гэрээ”-г  бичгээр  байгуулж  тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын  хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

5.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн,  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.

6.Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг,  мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 26-ны өдрийн 135/ШШ2024/00417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

-нэхэмжлэгч *******  нь 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг,

-2024 оны 6 дугаар сарын 28-ны өрийн дотор 7,500,000 төгрөгийг тус тус төлж,

-гэрээний төлбөрт төлөх мөнгийг ХААН банкны тоот дансаар шилжүүлэх, 

-17,500,000 төгрөгт НӨАТатвар тооцохгүй,

-хариуцагч тал нь гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Дархан-Уул аймаг, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 3 дугаар байр тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70,200 төгрөг /140,400 төгрөг/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

     

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ                                                    

                                            ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА   

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН