Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 28

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: “ЖӨН ЮАН” ХХК
    Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга
    Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, Ж.Жаргалсайхан, хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга Ц.Сэнгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ЖӨН ЮАН ХХК” нь Архангай аймгийн Ихтамир сумын “Мөнгөт” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх 13402Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оноос эзэмшиж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил эрхлэх зорилгоор багагүй хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд хийж ирсэн. Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тухайн газрыг тусгай хамгаалалтын газар болон түүхийн дурсгалт газар болгосон шийдвэрийг бидэнд мэдэгдээгүйн улмаас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хайгуулын ажил эхлүүлэх зорилгоор өрмийн бригадын ажилчдаа явуулсан өдөр тухайн шийдвэрийн талаар сонссон ба улмаар манай компани дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хамгаалалтад авах эрхтэй болохыг дурдаж, нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүрэгтэй болохыг Захиргааны хэргийн Давж заалдах болон Хяналтын шатны шүүх онцолсон.
Хэдийгээр тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайг сумын зүгээс тусгай хамгаалалт болон түүхийн дурсгалт газраар авч болох боловч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр цуцлаагүй, цуцлах үндэслэл үүсээгүй түүнчлэн дээрх тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон цуцалснаас үл хамааран манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу манай компани 2016 оны 3 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших 13402Х тоот талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулахаар шуудангаар илгээсэн болно.
Засаг даргаас компанид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №173 дугаар албан бичгээр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Мөнгөт” хэмээх газрыг орон нутгийн хамгаалалтад авах тухай 06 дугаар тогтоол гарсныг “ЖӨН ЮАН” ХХК хугацаагүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн утга бүхий хариу ирүүлсэн.
Хэдийгээр ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хамгаалалт, дурсгалт газраар авсныг шүүх зөвтгөсөн байж болно, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасны дагуу манай компани хуулийг хэрэгжүүлэх болон компанийн нийгмийн хариуцлагаа бодсон ч гэсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хэвээр хадгалагдана. Байгаль орчныг нөхөн сэргээнэ гэдэг нь компанийн дур зоргын ажил бус эрх бүхий этгээдээр батлуулсан төлөвлөгөө, хяналтын дагуу хэрэгждэг нарийн ажил тиймээс бид Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших 13402Х тоот талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн ба сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг эс биелүүлэн өнөөг хүрлээ.
Манай компани 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Ихтамир сумын Засаг даргад хүргүүлсэн бөгөөд засаг даргаас 2017 оны 3 сарын 17-ны өдрийн 01/154 дүгээр албан бичгээр хууль зүйн үндэслэлгүй татгалзсан хариу ирүүлсэн.
Иймд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших, “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, Ж.Жаргалсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖӨН ЮАН” ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын Мөнгөт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх 13402Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оноос эзэмшиж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж ирсэн.
Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тухайн газрыг тусгай хамгаалалтын газар болон түүхийн дурсгалт газар болгосон шийдвэрийг манай компани үндэслэлгүй хэмээн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582  дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хамгаалалтад авах эрхтэй болохыг дурдаж, нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүрэгтэй болохыг Захиргааны хэргийн Давж заалдах болон Хяналтын шатны шүүх онцолсон. 
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр цуцлаагүй, цуцлах үндэслэл үүсээгүй түүнчлэн дээрх тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон цуцалснаас үл хамааран манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу манай компани 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших 13402Х тоот талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулахаар шуудангаар илгээсэн болно. Сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг эс биелүүлэн өнөөг хүрсэн. Манай компани нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн бөгөөд Засаг даргаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/154 дугаар албан бичгээр хууль зүйн үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн. Иймд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан “Мөнгөт” хэмээх газар нь Ихтамир сумын баруун хойд зүгт сумын төвтэй ойрхон байрладаг...2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр энэ компани хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн талбайд одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй. Байгаль орчинд үйл ажиллагаа явуулах юм бол хуулийн дагуу нөхөн сэргээлтээ хийх ёстой. 
2016 оны менежментийн төлөвлөгөөнд Харганы зам гэснийг Мөнгөт болгож зассан байдаг. Энэ төлөвлөгөөг шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Мөн 2017 оны менежментийн төлөвлөгөө явуулахдаа 2016 оны менежментийн төлөвлөгөөгөө үг, үсэггүй хуулбарлаад явуулсан байдаг. Албан ёсны ажил явуулах гэж байгаа бол нөгөө талын байгууллага дээр ирж уулзаж ярилцах ёстой. 
Тус компани нь 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчинд нөлөөлөх нөхцөл байдлын үнэлгээ байхгүй, байгаль орчинд нөлөөлөх нөхцөл байдал нь тодорхойгүй төлөвлөгөө явуулсан. Мөн менежментийн төлөвлөгөөг бидэнтэй ярилцаж, санаж солилцож хийх ёстой байсан. Гэтэл бидэнтэй санал солилцоогүй шууд төлөвлөгөөгөө явуулсан. 
Мөн дээрх Мөнгөт хэмээх газарт малчдын өвөлжөө, хаваржаа, малын бэлчээрийн газар байгаа. Мал нь Монгол улсын нэг үйлдвэрлэл учраас энэ асуудал дээр малчид, иргэдээс нилээдгүй эсэргүүцэл илэрхийлж байгаа. Түүх дурсгалын зүйлс, өвөг дээдсийн булш, бунхан нилээд хэмжээгээр байдаг учраас ард иргэд эсэргүүцэж байна.
Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Эрдэнэтолгой багийн “Мөнгөт” хэмээх газар нутгийг орон нутгийн хамгаалтанд авсныг тус “ЖӨН ЮАН” ХХК захиргааны журмаар нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан болно.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа учир “ЖӨН ЮАН” ХХК-иас ирүүлсэн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Эрдэнэтолгой багийн “Мөнгөт” хэмээх газрыг орон нутгийн хамгаалалтад авсан. Энэ талбай нь бүхэлдээ лицензийн талбайтай давхцаж байгаа. Дээрх Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол нь өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд хүчинтэй болох нь тогтоогдсон. Тийм учраас сумын Засаг дарга тухайн хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 
Менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 10 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн нь батлаад явуулна гэсэн ойлголт биш. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж батлах ёстой байсан. “ЖӨН ЮАН” ХХК зөвшилцөх үүргээ биелүүлээгүй. 
Мөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны алба болон сумын Засаг даргад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн.  Байгаль орчныг хамгаалах зардлын 50 хувийг орон нутгийн тусгай дансанд байршуулна гэсэн заалт ч мөн хэрэгжихгүй байна. 
Байгаль орчныг нөхөн сэргээнэ гэдэг нь эрх бүхий этгээдээр батлуулсан төлөвлөгөө хяналтын дагуу хэрэгждэг, нарийн ажил гэж “ЖӨН ЮАН” ХХК нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Гэхдээ нөхөн сэргээлтийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй, хайгуул хийсэн талбайгаа хүлээлгэж өгөөгүй. Тухайн талбайг сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдож газрыг хүлээж аваад гүйцэтгэл 70 хувьтай, хангалтгүй байна гэж үзсэн. Тусгай зөвшөөрөл эзэмших асуудал нь байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж хуулинд заасан байдаг. Гэтэл энэ талаар бидэнтэй уулзсан асуудал байхгүй, зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар жил болгон ирүүлдэг. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал шүүхэд гаргасан тайлбартаа: “ЖӨН ЮАН” ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Мөнгөт хэмээх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг... 2016, 2017 онуудын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Ихтамир сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Яагаад 2016, 2017 онуудын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаад байгаа юм бэ гэхээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй, тухайн байгаль дээр амьдарч байгаа, хүн, ан амьтан, мал, ургамал, усанд сөрөг нөлөөтэй учраас энэ бүхнээ хамгаална гэсэн зорилготой. Цаашид тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зорилготой байгаа. Тийм ч учраас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулахгүй, харин нөхөн төлбөрийн асуудлыг төлж болох юм гээд өмнө нь 3 шатны шүүхээс нөхөн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн. 
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар харилцан тохиролц, хэрвээ чадахгүй бол хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүл, тэгээд тохиролцохгүй бол шүүхээр хэргээ шийдвэрлүүл гэсэн заалт байгаа. Өнөөдөр энэ хэрэгжээгүй. Тийм учраас байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаад “ЖӨН ЮАН” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлээд хайгуул хийх боломж байхгүй. 
Мөн нэхэмжлэгч байгууллагын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссан. 2016 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байдаг. 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг яагаад батлахгүй байгаа юм бэ гэхээр өмнө нь тайлбарласан үндэслэл байгаа, мөн 2017 оны менежментийн төлөвлөгөө нь өмнөх оныхоо менежментийн төлөвлөгөөг хуулаад ирчихсэн. Сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 10 хоногийн дотор менежментийн төлөвлөгөөг аваад л батална гэсэн зүйл байхгүй. Хянах ёстой, хянах үүрэг нь байгаа... нөхөн төлбөрийн асуудлыг тохиролцъё гэхэд тохиролцдоггүй. Хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлдэггүй, өөрсдөө огт ирж уулздаггүй. 
Мөн “ЖӨН ЮАН” ХХК-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Мөнгөт” хэмээх газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл нь дууссан. Сунгуулаагүй байгаа, цаашдаа хайгуул хийх эрхгүй болсон. Үүнийг нотолсон баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    “ЖӨН ЮАН” ХХК-иас Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамр сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
    Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлжээ . 
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК нь манай компани Архангай аймгийн Ихтамир сумын нутаг “Мөнгөт” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 13402Х дугаартай талбайг эзэмшдэг бөгөөд манай компаний эзэмшдэг дээрх талбайг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой гэжээ. 
Хариуцагч нь “ЖӨН ЮАН” ХХК-ийн эзэмшдэг Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Мөнгөт нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 13402Х дугаартай талбайг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрч “ЖӨН ЮАН” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг эцсийн байдлаар 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр шийдэгдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа бөгөөд  үүнээс хойш нэг жилийн дотроо буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ЖӨН ЮАН” ХХК-нд нөхөн олговрын талаар тохиролцох саналаа хүргүүлсэн. “ЖӨН ЮАН” ХХК нь нөхөх олговрын талаар тохиролцох боломжгүй гэж байгаа тул хуульд зааснаар тус компаний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээгдэх боломжгүй юм гэж маргажээ.
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт “Мөнгөн” нэртэй газар 2089 гектар талбай бүхий 13402Х хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эйч Би Си” ХХК-д 2008 онд 3 жилийн хугацаатай анх эзэмшүүлж, 2009 онд “Пенинсула майнинг” ХХК-д, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “ЖӨН ЮАН” ХХК нь шилжүүлэн авчээ .
Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3., Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3., Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. дэх заалтыг тус тус үндэслэн Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, доройтсон орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор Эрдэнэтолгой багийн “Мөнгөт” хэмээх 2089 га газар нутгийг “Ойн амьтан, ургамал, усны нөөц” газрын ангилалд оруулан орон нутгийн хамгаалалтанд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 30 жилийн хугацаатай авчээ .
 “ЖӨН ЮАН” ХХК-иас Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгч  “ЖӨН ЮАН” ХХК-иас Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна .
Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэгүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 дугаар албан бичгээр “ЖӨН ЮАН” ХХК-нд нөхөн олговрын талаар тохиролцох саналаа хүргүүлжээ . “ЖӨН ЮАН” ХХК-иас тухайн албан бичгийн хариу болгон 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17/48 дугаар албан бичгийг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна .
Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал “ЖӨН ЮАН” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17/48 дугаар албан бичгийг хүлээн авч танилцаад 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаар албан бичгээр “нийт нөхөн олговрын хэмжээ хэд болох мөн нөхөн олговортой холбоотой санхүүгийн баримтыг гаргаж ирүүлэх зэрэг асуудлыг тодруулахаар” саналаа хүргүүлсэн боловч “ЖӨН ЮАН” ХХК-иас хариу ирүүлээгүй байна .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Геологи, хайгуулын компаниуд нь хайгуулын талбай дээрээ үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байдаг. Тийм учраас нөхөх олговор авах сонирхолгүй байгаа. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хүсэлт гаргаж Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан солбицлын дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн байдаг. Иймд уг тогтоол нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа тул нөхөх олговрыг олгох нэг жилийн хугацаа өнгөрсөн тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-иас тухайн компаний эзэмшдэг хайгуулын ашигт малтмалын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг эцсийн байдлаар 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр шийдэгдсэн. Хурлын тогтоол 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа. Үүнээс хойш нэг жилийн дотроо буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ЖӨН ЮАН” ХХК-нд нөхөн олговрын талаар тохиролцох саналаа хүргүүлсэн. “ЖӨН ЮАН” ХХК-ийн хувьд нөхөх олговрын талаар тохиролцох сонирхолгүй, саналаа ирүүлэхгүй байгаа. Иймд тухайн компанийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзэж байгаа гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5. “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6. “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх, Нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцох, Нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зохицуулалттай байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-ийн  эзэмшдэг Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Мөнгөт нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 13402Х дугаартай талбайг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх “ЖӨН ЮАН” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн шийдвэрлэгджээ. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолтой холбоотой маргааныг шүүх 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байх тул мөн өдрөөс эхлэн тогтоол хүчин төгөлдөр болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийнхээ дотор буюу 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийг эзэмшигч “ЖӨН ЮАН” ХХК-нд нөхөх олговрын талаар тохиролцохоор саналаа хүргүүлсэн нь нөхөр олговрыг нэг жилийн дотор олгоно гэсэн хуулийн хугацааг хэтрүүлсэн байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
 Харин нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-ийн тухайд нөхөх олговортой холбоотой асуудлаар тохиролцох саналгүй, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах зорилготой байгаа болох нь нөхөх олговрын талаар Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн албан бичиг мөн дараагийн албан бичигт хариу хүргүүлээгүй үйлдэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
  Нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж зааснаар нээгдэх бөгөөд маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхөх олговрыг тохиролцож олгох талаар үйлдлүүд хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нөхөх олговрыг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 
Иймд нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-иас шүүхэд гаргасан “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “Жөн Юан” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4., 14.5., 14.6.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖӨН ЮАН” ХХК-иас Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖӨН ЮАН” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ