Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1571

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

26 225 052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХХХХ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус компанийн барьж буй “ХХХХ” хорооллын ХХХ байрны ХХ тоот, 34.69 м.кв бүхий 2 өрөө байрыг 41 281 100 төгрөгөөр захиалсан. 

Тус орон сууцыг 2014 оны 3, 4 дүгээр улиралд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан боловч одоог хүртэл байр ашиглалтанд ороогүй ба гэрээний дагуу эхний төлөлт болох 12 384 330 төгрөгийг “ХХХХ” ХХК-д төлсөн. Хариуцагч “ХХХХ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс одоог хүртэл миний бие өөрийн захиалсан байрыг өөрийн өмчлөлд аваагүй байгаа бөгөөд байрыг ашиглалтанд оруулах хугацаанаас даруй 330 хоног өнгөрсөн тул алданги болон эхний төлөлт 12 384 330 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Иймд хариуцагч гэрээний үүргээ 336 хоног хэтрүүлсний алданги 13 870 752 төгрөг, гэрээний эхний төлөлт 12 384 330 төгрөг, нийт 26 225 052 төгрөгийг хариуцагч “ХХХХ” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 7 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас буюу бохир зайлуулах шугам бусдын буруугаас бөглөрч саатаснаас гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгч чадаагүй. Харин гэрээний 6 дугаар зүйлд заасан 10 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид ногдуулах үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 26 225 052 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ХХХ нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 296 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс үзэхэд гэрээний захиалагч тал зөвхөн 12 384 330 төгрөг буюу урьдчилгаа төлөх үүрэг биелүүлснээр гүйцэтгэгч нь 2014 оны 3-аас 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, 0377 тоот гэрээний 2.4-т зааснаар захиалагч үлдэгдэл төлбөрийг орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрч дуусаагүй, барилгын гэрчилгээ гарсан өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүй байхад энэ нөхцөлийг дүгнэж үзээгүй байна.

Түүнчлэн талууд хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байдаг бөгөөд талууд гэрээнээс татгалзах бол 0377 тоот гэрээний 10.1-т зааснаар нөгөө талдаа хуанлийн 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байдаг боловч гэрээнээс хэзээ татгалзсан, ямар хохирол учирсан тодорхойгүй байхад уг заалтыг үндэслэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэв гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзээд алданги тооцож байгаа бол Иргэний хуулийи 232 дугаар зүйлийн  232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс,  0377 тоот гэрээний 6.4-т зааснаар “... гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө” гэж хууль болон гэрээд тодорхой заасан байхад нийт үнийн дүнгээс алдангийг бодож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн 12 384 330 төгрөг, алданги 13 870 752 төгрөг, нийт 26 225 052 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 377 дугаар гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба  хариуцагчид гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгчид ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсчээ. 

Нэхэмжлэгч буюу захиалагч ХХХ нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 12 384 330 төгрөгийг гэрээ байгуулах үед үүрэг гүйцэтгэгчид төлж, гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлсэн байхад хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нь 2014 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх талаарх гэрээний 1.5-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэлийг шаардах, хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 12 384 330 төгрөгөө буцаан шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343, 225, 205 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

Захиалагч нь нэгэнт гэрээнээс бүхэлд нь татгалзсан тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар алданги шаардах үндэслэлгүй бөгөөд шүүх гэрээний 6.4 дэх заалтаар алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэн нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг энэ үндэслэлээр  хангах нь зүйтэй.

 Нэхэмжлэгч ХХХ нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, мөн гүйцэтгэгч буюу хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, 80 хувийн гүйцэтгэлтэй болохыг захиалагчид мэдэгдэж, төлбөр төлөхийг шаардаж байснаа баримтаар нотлоогүй, давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд ийнхүү гэрээнд заасны дагуу гэрчилгээ гаргаж захиалагчид мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд  хариуцагчийн орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрч дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардсан байхад уг харилцаанд хамааралгүй, хохирол шаардахтай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй, мөн талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зохицуулсан болон гэрээнээс татгалзахтай холбоотой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан болон алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 13 870 752 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт “ХХХХ” ХХК-иас  213 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 12 384 330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХад олгон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 13 870 752 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ХХХХ” ХХК-иас  296 300 төгрөг гаргуулж” гэснийг “ХХХХ” ХХК-иас  213 100 төгрөг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ