Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2024/00043

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00506 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “25,454,374 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, багасгасан шаардлагадаа:

...миний бие 2007 оны 12 сард хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсад ажиллахаар явсан. Солонгос улсад 3 жил эхнэр *******гийн хамтаар ажиллаж эхний ээлжинд өөртөө орон байр авах мөнгө хийж түүнийгээ Монголд байгаа өөрийн төрсөн ээж *******тээ ХААН болон ХХБанкуудаар шилжүүлж байсан. Намайг Солонгос улсад ажиллаж байхад дүү ******* бас араас очиж ажилласан. Ингээд ээж дүү бид 3 хоорондоо ярилцаад тус тусдаа 2 байр авна гэж зорилго тавьж ажилласан. Эхний ээлжинд дүү бид 2 авсан цалингаа нийлүүлж байгаад надад байр авах, дараагийн ээлжинд дүү байр авах гэж тохиролцож ярилцсан. Мөн энэ үед миний бас нэг төрсөн дүү Солонгос хүнтэй гэрлээд Солонгост амьдарч байсан юм. ...Ингээд ээж маань өөрөө тэтгэврийн хүн учраас надад зээл гарахгүй байна гээд ээжийн төрсөн дүү ын нэр дээр байр лизингдэхээр болсноо надад хэлсэн ба урьдчилгаа явуул гэхээр нь би монгол мөнгөөр 3,500,000 төгрөгийг ээжид шилжүүлж өгсөн. Тэгээд ээж маань надад " өрөө байр авчихлаа одоо сар болгон мөнгөө явуул, хурдхан төлөөд дараагийн дүүд авах байраа авъя" гэсэн тул эхнэр бид 2 авсан цалин болгоноо идэх өмсөхөө хасан байж шилжүүлж байсан. Шилжүүлсэн мөнгөө тодруулбал 15 удаагийн нийт 18873 долларыг ээж *******ийн ХААН банкны тоот данс болон мөн ээжийн ХХБанкны тоот валютын данс руу нь шилжүүлж байсан.

 Энэ миний явуулсан доллар нь тухайн үеийн ханшаар 25,454,374 төгрөг болж байсан юм. Ингээд монголдоо 2010 оны 12 сард ирэхэд надад авсан байрыг ээж бусдад түрээслүүлээд өөрөө мөнгийг нь авч байсан. Үүнийг бол би асуудал болгож бодоогүй ээ. Тэгээд байрандаа орох гэтэл ээж маань " дүүгий чинь ирэхээр оруулна. Мөн дүүгийн чинь мөнгө бас орсон учраас дүүг чинь ирэхээр та хоёрыг цуг байлгаж байгаад ын нэрээс шилжүүлж өгнө гэх болсон. Ингээд би байрандаа орж чадалгүй 5 жил болсны дараа түрээсийн айлыг гарахаар нь байрандаа орж амьдраад одоо 8 жил энэ байрандаа амьдарч байна.

...надаас явуулсан мөнгөнөөс 19,500,000 төгрөгөөр нь миний байрны зээлийг хааж бусдыг нь ээж хэрэглэсэн байсан.

...одоо орон сууцны үнэ өдрөөс өдөрт өсөж маш их хохирлоо. Ийм болохоор би тухайн үед ээжид байр авах зорилгоор шилжүүлж өгсөн доллараа өнөөдрийн ханшаар бодон нэхэмжилж байна. Би байр авахад урьдчилгаа болгож 3,500,000 төгрөгийг монгол мөнгөөр өгсөн, мөн нийт шилжүүлж өгсөн доллар маань 18873 доллар буюу тухайн үеийн ханшаар 25,454,374 төгрөг болж байгаа. Одоо долларын ханш өссөн тул би 18873 долларыг өнөөгийн ханш болох 3500 төгрөгөөр бодоход 66,550,000 төгрөг болно. Дээр нь урьдчилгаа гэж өгсөн 3,500,000 төгрөгийг нэмж 69,555,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна. Би одоо маргааны зүйл болох махын тоот байрандаа амьдарч байгаа бөгөөд миний дээрх мөнгө энэ байранд орсон учраас уг байрыг үнэлүүлж энэ байрнаас мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. /хх 1-3 дахь тал/

...******* миний бие нь ээж *******т холбогдуулан 69,550,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсныг багасгаж 25,454,374 төгрөг болгож нэхэмжилж байна гэжээ. /хх 51 дэх тал/

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн татгалзал, тайлбарын агуулга:

...2 хүүхдийн шилжүүлсэн мөнгөөр 2009 онд Дархан-Уул аймаг өрөө  орон сууцыг 21,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед 2 хүүхэд шууд бэлэн мөнгөөр авах боломжгүй байсан учир хариуцагчийн төрсөн дүү аар 19,000,000 төгрөгийн цалингийн зээл авахуулж бэлэн төлөлтөөр Х.ын нэр дээрх орон сууцыг худалдан авсан бөгөөд уг цалингийн зээлийн төлбөрийг 2 хүүхдийн шилжүүлэн  өгч байсан мөнгөөр бүрэн төлж барагдуулсан.

2014 онд нэхэмжлэгч ******* болон ******* нар нь Монголд ирсэн байх хугацаандаа уг орон сууцыг хэн авах талаар харилцан тохиролцож *******д өгөхөөр болж орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн төлбөрийн 50 хувийг бэлнээр ******* нь *******од өгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр шилжүүлэн гаргасан.

2019 онд ******* нь өвчний улмаас гэнэт нас барсан бөгөөд одоо энэхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу зээ охин өмчилж байгаа, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд одоо төлбөр мөнгөний тооцоо байхгүй, өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон одоо дахин үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  /хх 31-р тал/

            3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох 25,454,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75.1, 75.2, 75.2.1 дэх заалтыг баримтлан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдол гаргаж байна. Учир нь нь тухайн үед төрсөн ээждээ итгэж сар болгон эхнэрийнхээ цалинг өөрийн авсан цалинтайгаа нийлүүлж шилжүүлж байсан. Ингээд байр авсан байсан учир түүндээ ирж суугаад 14 жил болсон. Өнгөрсөн бүх л хугацаанд байнга гэрчилгээгээ нэхэж байсан ч ээж ******* нь гаргаж өгөхгүй байсан учраас 2023 онд шүүхэд хандсан. Энэ үед л байрны гэрчилгээг өөр хүний нэр дээр гаргуулан өвлүүлсэн болохыг мэдсэн. Өөрийнхөө эрх ашигт ингэж хор хохирол учирсныг мэдээд мөнгөө нэхэхэд хүрсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч хүү *******од байр авсан гэсэн итгэл төрүүлж тэр ч байрандаа амьдарсаар одоог хүрсэн. Хариуцагч ******* нь ******* ******* нараас адилхан хэмжээгээр мөнгө ирүүлж байсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ огт нотолж чадаагүй. *******ын нэхэмжилж байгаа мөнгө бол *******ийн дансанд зөвхөн *******оос шилжүүлсэн мөнгө юм. Иймд энэхүү маргааныг гэрээний үүрэг бус Иргэний хуулийн2,3-р зүйлд заагдсан маргаан гэж үзэх үндэслэлтэй гэж ойлгож байна.

2. Нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд нэхэмжлэхдээ, тухайн үед явуулж байсан валютаа өнөөгийн зах зээлийн ханшаар бодож 69 сая төгрөг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжид 505,725 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 25,454,374 төгрөг болгосон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар зөв тогтоож өгсөнгүй, өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээ багасгасан байхад анхны төлсөн хэмжээгээр 505,725 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх 127-128 дахь тал/

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт:

Хариуцагчийн зүгээс Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00506 дугаар шийдвэрээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн, шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Учир нь энэхүү хэргийн үйл явдал 2009-2010 оны хооронд болсон бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш даруй 14 жил өнгөрсөн байна. Мөн хэрэг маргаан мэтгэлцэх явцад нэхэмжлэгч өөрийн амаар дүүгээсээ 12 сая төгрөг буюу байрны тал мөнгөө хүлээн авсан гэдгээ хэлсэн байдаг билээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд энэхүү маргааныг гэрээний үүрэг бус Иргэний хуулийн2,493 дугаар зүйлд заагдсан маргаан гэж үзэх үндэслэлтэй гэсэн байх бөгөөд энэ зүйлд зааснаар ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм.

Мөн гомдолд улсын тэмдэгтийн хураамжийн талаар шүүхээс зөв тогтоогоогүй талаар дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй талаар заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол нь хуулийн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс хэргийн эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй,  талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 69,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 25,424,374 төгрөг болгож багасгасан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4.Анхан шатны шүүх  Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлдээ “ ...хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, өнгөрсөн бүх хугацаанд байрны гэрчилгээг гаргаж өгөхийг ээж *******ээс шаардаж байсан, 2023 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний бус үүрэг  буюу Иргэний хуулийн2,3 дугаар зүйлд заасан маргаан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байхад эхний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

Хэргээс судлан үзэхэд:

6.Хариуцагч *******ийн эзэмшлийн ХААН банкны дугаарын, Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансанд 2009 оны 9 дүгээр сараас 2010 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 24,958,621.79 төгрөгийн орлого орсон байх ба үүний 13,300,226,6 төгрөгийг аас, 11,658,395.19 төгрөгийг *******оос шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, *******ийн дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 7-9, 31, 76-78, 95-97, 102//

 Харин нэхэмжлэгч ******* нь “24,958,621.79 төгрөг нь бүгд миний мөнгө, дүү аар дамжуулан шилжүүлдэг байсан” гэж,

хариуцагч ******* нь  “*******, ******* нар нь байр авах зорилгоор тэнцүү хэмжээгээр мөнгө шилжүүлж байсан” гэж тус тус мэтгэлцсэн байна.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхэлж байсан, цалингаа ээж *******ийн данс руу шилжүүлдэг байсан, шилжүүлсэн мөнгөөр Дархан-Уул аймгийн ,,, тоот, 28мкв талбайтай орон сууцны зориулалттай байрыг худалдан авсан, уг байр нь дүү *******ийн охин аагийн өмчлөлд бүртгэлтэй, уг байранд нэхэмжлэгч ******* 2014 оноос эхлэн амьдарч байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 86, 7-9, 76-78, 95-97, 102/

 Харин хариуцагч *******ийн данс руу дүү ******* нь мөнгө шилжүүлж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Тодруулбал хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

8.Мөн хариуцагч ******* нь “2014 онд нэхэмжлэгч ******* болон ******* нар нь уг орон сууцыг хэн авах талаар харилцан тохиролцож *******д өгөхөөр болж орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн төлбөрийн 50 хувийг бэлнээр ******* нь *******од өгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээрээ шилжүүлсэн” гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны явцад “*******ээс 12,000,000 төгрөг авсан” гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

9.Дээрх байдлаас дүгнэж үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын шилжүүлсэн мөнгөөр орон сууц худалдан авсан, уг орон сууцыг  ******* өмчилж, улмаар түүний охин аад өвлүүлсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн ,,, тоот, 28мкв талбайтай орон сууцанд 2014 оноос эхлэн амьдарч байсан байх ба тэрээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 76 дугаар зүйлийн 76.1-д  “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар энэ үеэс  шаардах эрх үүссэн, улмаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн  гэж үзэх үндэслэлтэй тул /хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул/  нэхэмжлэгч *******ыг зөрчигдөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч ******* өмнө нь байрны зөрүү төлбөр 12,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч *******ийн “*******ын шилжүүлсэн мөнгө тухайн үеийн долларын ханшаар үржүүлэхэд 11,400,000 төгрөг болж байгаа” гэх тайлбар гаргасан байх ба тэрээр уг мөнгийг нэхэмжлэгч *******од өгсөн нь баримтаар нотлогдоогүй, энэ талаарх баримтыг гаргаж мэтгэлцээгүй байх тул  *******ын шилжүүлсэн мөнгө болох 11,400,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, 14,024,374 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

12.Нэхэмжлэгч ******* нь 69,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 505,725 төгрөг урьдчилан төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. /хх-ийн 51/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.5-д “нэхэмжлэгч шаардлагаа багасгасан ...” бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байхад эхний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00506 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

            Иргэний хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 11,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс 14,024,374 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 197,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285,223 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ                                                            

                                            ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА             

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН