Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 135/2024/00347/и |
Дугаар | 209/МА2024/00045 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2024/00045
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн*******/ШШ2024/00508 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Үнэлгээг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
...Миний бие иргэн *******, ******* нартай хамтарч ярилцаад зээл авахаар тохирсон. Миний өмчлөлийн хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ *******,******* тоотод байрлах, Ү-******* дугаарын бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалахаар ярилцаж, Капитрон банкнаас зээл авсан. Авсан зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй байсаар нийт*******,000,593 төгрөгийн өрөнд орсон. Өмнөх жилээс авхуулаад 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогоор банканд 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас төлбөр барагдуулах ажиллагааг эхлүүлж, миний өмчлөлийн хөрөнгийг ******* ХХК-иар хийлгэж, 130,192,624 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн миний бие өөрөө зардлаа төлөөд ХХК-иар өөрийн хөрөнгөдөө үнэлгээ хийлгэхэд 138,308,935 төгрөгөөр тогтсон. Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангиас хийсэн ажиллагааны үнийн дүн, миний өөрийн хувиараа үнэлүүлсэн дүн хоорондоо 8,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Иймд *******ас төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд явуулж буй 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/326 дугаартай мэдэгдлийн үнийн дүнд гомдол гаргасан гэжээ. /хх 1-2 дахь тал/
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
...Талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/07 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимейт Үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон.
“Хөрөнгө Эстимейт Үнэлгээ” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 130192624 төгрөгөөр тогтоосон талаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч *******, ******* болон Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт биечлэн танилцуулан үнэлгээний тайланг гардуулж, тэмдэглэл хөтөлсөн. Эд хөрөнгийн өмчлөгч *******од 2024 оны 02-р сарын 20-ны өдрийн 01/326 дугаартай албан бичгээр үнэлгээний талаар мэдэгдсэн.
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимейт Үнэлгээ” ХХК нь эд хөрөнгийн үнэлгээнд шаардлагатай зах зээлийн холбогдох судалгаа, шинжилгээ хийж хөрөнгийн байршил чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 42-43-р тал/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Өр төлбөрийн асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүх нараас*******000593 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцнаас төлбөрийг гаргуулахаар болсон байсан. Энэ шүүх хуралд намайг оролцуулаагүй.
Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжээд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмч болох дээрх орон сууцыг 130,192,624 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өөрөө зах зээлийн үнэлгээг гаргуулахад 138,000,000 төгрөг болж байна. Мөн Би өөрт оногдох мөнгөнөөсөө /50,000,000 төгрөг/ дийлэнхийн төлчихсөн харин , нарын төлбөрт байраа үнэлүүлж заруулах /130,000,000 төгрөгөөр / нь хэтэрхий хохиролтой байна. Үнэлгээн дээр 8,000,000 төгрөгийн зөрүү байгаа ч гэсэн өр төлбөрөө өөрийн хөдөлмөрөөр төлж байгаа надад арай хохиролтой байгаа юм. Иймд би байраа дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүхийн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож миний байрны үнэлгээг дахин тогтоолгож өгнө үү гэжээ. /хх 126-р тал/
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээг тогтоохдоо зах зээлийн холбогдох судалгаа, шинжилгээг хийж чанар байдал, хөрөнгийн байршил, элэгдэл зэргийг тооцож зах зээлийн жишиг үнээр тогтоосон гэх үндэслэл заан маргасан байна.
3.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаартай шийдвэрээр зохигчийн хооронд байгуулсан тоот зээлийн гэрээ, тоот зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр*******,000,593 төгрөгийг гаргуулан Капитрон банканд олгож, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ ,******* тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******д даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 49-53/
3.1 Төлбөр төлөгч нар нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Капитрон банкны хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4969 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 587 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 46-49/
3.2 *******йн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ ,******* тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагааг явуулжээ./хх-ийн 54-59/
4.Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* болон төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал авах ажиллагаа явуулсан байна. /хх-ийн 60, 63х/
Барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ ,******* тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 280 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Капитрон банк ХХК-аас “...төлбөр төлөгчийн энэхүү үнийн санал нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн байх тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус ирүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, мөн төлбөр авагч хүсэлт гаргасан зэрэг нөхцөлийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 01/07 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.
5.Шинжээч нь маргааны зүйл болох эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан журмыг мөрдөж, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан, үүнээс зах зээлийн хандлагын аргын тооцооллыг ач холбогдолтой гэж үзээд Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ ,******* тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 130 192 624 төгрөгөөр үнэлж, тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-ийн 30-49/
5.1 Нэхэмжлэгч ******* барьцаа хөрөнгө болох орон сууцыг бодит байдлаас бага үнээр үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж барьцаа хөрөнгийг 138 308 935 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайланг ирүүлсэн хэдий ч уг баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг буюу шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй.
Тодруулбал “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан нь Шүүх шинжилгээний хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх болсон үндэслэл тодорхой байх, шинжилгээний явцад хэргийн оролцогч оролцох шаардлага хангаагүй, хэргийн нэг талын санаачилгаар хийгдсэн нотлох баримт учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ, 115.2-д Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 115.2.3-д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасан.
6.1 Анхан шатны шүүх шийдвэрийг шүүгчийн захирамжийн бланк дээр хэвлэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл, 115.2.3-д заасан шийдвэр гаргах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох заалтыг баримталсан, ийнхүү шийдвэр гаргасан нь шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 549 дүгээр тэмдэглэлээр нотлогдож байна.
Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжийн бланк дээр хэвлэж техникийн шинжтэй алдаа гаргасан, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн*******/ШШ2024/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Р.ҮҮРИЙНТУЯА