| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/5802/и |
| Дугаар | 521 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 521
| 2016 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2016/00521 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 52-р байр, 40 тоот хаягт оршин суух Цогнууд овогт Сэрээнэнгийн Лхагва-Очир /рд:РЭ60052207/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Лхагва-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Сэржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 27626 дугаар захирамжаар С.Лхагва-Очир надаас 22,600,000 төгрөг гаргуулж “Дэлгэрэн үржих” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Сэржав ажиллагаа хийж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлээс явуулж байгаа ажиллагаа нь хууль зөрчсөн хэт нэг талыг барьсан зөвхөн төлбөр авагчийн хүсэлтийн дагуу ажиллагаа хийж миний эрхийг зөрчиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилсны дагуу 2016 оны 3 сарын 24-ны өдөр “Мөнх оргил трейд” ХХК-иас миний Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 52 байрны 40 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур 97,050,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай байр одоогийн зах зээлийн ханшаар 180,000,000 төгрөгний үнэтэй байгаа бөгөөд үнэлгээний компаниас манай байрыг ирж үзэлгүйгээр үнэлсэн мөн надаас шийдвэр гүйцэтгэгч Б.Сэржав үнийн санал авсан байхад уг үнэлгээний компани нь уг саналыг үзсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд ямар ч баримжаагүй үнэлгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд байрыг үнэлэхдээ байрыг ирж үзээгүй шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй мөн аль үнэлгээний компанийг томилсон гэдгийг ч танилцуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний байрыг дахин зах зээлийн үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 27626 захирамжаар Сэрээнэнгийн Лхагва-Очироос 22,600,000 төгрөгийг гаргуулж “Дэлгэрэн үржих ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020266 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 52-р байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд хөндлөнгийн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 97,050,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг танилцуулж 2016 оны 3 сарын 05-ны өдрийн 50 тогтоолоор 70 хувь болох 67,935,000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээний 50 хувь болох 48,525,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 5 сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч С.Лхагва-Очир нь тус албаны 2016 оны 3 сарын 24-ний өдрийн 3/10875 дугаар үнэлгээний мэдэгдэл, “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайлантай мөн өдөр танилцаж мэдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Лхагва-Очир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 50 тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шинжээч томилох тогтоолыг танилцуулаагүй, орон сууцыг очиж үзээгүй үнэлгээ гаргасан, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарладаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 102/ШЗ2015/27626 дугаар захирамжаар С.Лхагва-Очироос 22,600,000 төгрөгийг гаргуулан “Дэлгэрэн үржих капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШЗ2015/33816 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан байна.
Шийдвэр гүйцэтгэх алба нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 52-р байр, 40 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 сарын 06 өдрийн 175/160106 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 175/160113 тоот тогтоолоор хураажээ.
Улмаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2016 оны 3 сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй бол эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг томилох агуулгатай хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
Шийдвэр гүйцэтгэгч Б.Сэржав нь төлбөр төлөгч С.Лхагва-Очирын 95230513 дугаар руу залгаж, “Мөнх оргил трейд” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангийн талаар танилцуулахад С.Лхагва-Очир нь “Би өөрөө очиж танилцая, хүүхдээ явуулж ч магад, ер нь шуудангаар явуулчих” гэсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 24-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэ үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй болно.
Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, түүнд хавсаргагдсан фото зураг зэргээс үзэхэд шинжээч орон сууцыг очиж үзэлгүй үнэлгээ гаргасан гэх нэхэмжлэгч С.Лхагва-Очирын тайлбар няцаагдаж байна.
Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1-р хавсралтад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 52-р байрны гадна тал, орцны хаалга, 40 тоот 3 өрөө орон сууцны коридор, том өрөө, гал тогооны өрөө, жижиг өрөө, ариун цэврийн өрөөний фото зураг авагдсан байх ба шинжээч орон сууцанд очилгүйгээр эдгээр фото зургийг авах боломжгүй юм.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд орлогын хандлага, зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоожээ.
Нэхэмжлэгч С.Лхагва-Очир нь энэхүү үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур байна гэж маргаж байх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй болно. /Зах зээлийн үнэ ханш нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл, сонины зар г.м/
Аливаа иргэн, хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгч, өмчлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараатай явагдсан байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн, нэхэмжлэгч С.Лхагва-Очир нь үнэлгээний талаархи гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд гүйцэтгэх баримт бичгээс нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураасан тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, “Дэлгэрэн үржих капитал ББСБ” ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 3/12104 тоот мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 сарын 29-ний өдрийн тэмдэглэл зэргийг эх хувиар нь шинжлэн судалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР