Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2024/00049

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 26-ны өдрийн 135/ШШ2024/00422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн төлбөр 477,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие хариуцагчтай 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, ажлын байрны зориулалттай ******* тоот үйлчилгээний талбайг 2 жилийн хугацаатай гар утас худалдааны зориулалтаар сарын 100,000 төгрөгөөр тохиролцож, эхний 1 жил 100,000 төгрөг, 2 дахь жилээс 120,000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулж түрээслүүлсэн.

Түрээслэгчээс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг зарим саруудад огт төлөөгүй, зарим сард дутуу төлсөн, ковидын хөл хөдөлгөөн хязгаарлалтын үед ажлаагүй хаасан зэргээс хамаарч нийт түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг тооцогдсон бөгөөд үүнээс 900,000 төгрөгийг төлж барагдуулан, ковидын үед ажлаагүй хаасан хоногийн түрээсийн төлбөрт 123,000 төгрөг хөнгөлсөн, одоо 477,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл төлбөр төлөөгүй байна.

Түрээслэгч *******аас түрээсийн үлдэгдэл төлбөр болох 477,000 төгрөгийг төлж барагдуулах тухай удаа дараа утсаар шаардаж, мэдэгдсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон, түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан.

...түрээсийн гэрээний үүрэгт алдангийн төлбөрийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Иймд түрээслэгч *******аас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт, түрээсийн төлбөрт 477,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-р тал/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 2018 оноос эхлэн түрээсэлж байгаад 2020 оны 08 сараас эхлэн өөрөө ажиллуулахаа больж, хүү, охин хоёртоо өгсөн. Манай хүүхдүүд 09 сараас эхлэн тус лангуун дээр үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 12 сараас больсноо албан ёсоор мэдэгдэж, талбайг хүлээлгэж өгсөн. Миний бие уг лангуун дээр зогсож байхдаа түрээсийн төлбөр 800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад Сайн ломбардын эрхлэгчтэй тохиролцож хувааж өгч, түрээсийг төлж дуусгахаар болсон. Ингээд өөрийн боломжоороо төлбөрийг төлж байгаад хамгийн сүүлд өөрийн лангууг 400,000 төгрөгөөр зарж, үлдэгдэл төлбөрөө хааж дуусгасан тул нэхэмжлэгчийн нэхсэн мөнгийг өгөх боломжгүй.

Уг гэрээг би хийгээгүй. Энэ гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, манай хүүхдүүдийн ч гарын үсэг биш. 2020 оны 12 сараас хойш лангууг хүлээлгэн өгсөн байхад түрээсийн мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

...2020 оны 8 дугаар сараас өмнөх төлбөр 400,000 төгрөг үлдсэн. Тэр үед лангууг Дариймаа гэдэг хүнд худалдаагүй. Харин манай лангууны хажууханд байдаг залуу 400,000 төгрөгөөр худалдаж авах санал тавихад нь худалдсан. Худалдсан мөнгийг, лангууг түрээслүүлэгчид өгөөрэй гэж тохироод үлдсэн төлбөрийг төлж барагдуулсан. Иймд үлдэгдэл төлбөр байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 21-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 477,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...хариуцагчаас 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөрийг өгөхгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл юм, түрээслэгч нь үйл ажиллагаа явуулахаа больж байгаа тухайгаа тэр даруй түрээслэгч талд мэдэгдэж дараагийн түрээслэгч олох боломжоор хангаж өгөх, түрээсийн төлбөр тооцоо нийлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах ёстой байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй, түрээслэгч талын буруутай үйлдэл байхад энэ байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж гомдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчаас 477,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 94-95-р тал/

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

  1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

2.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар зэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн  маргааны үйл баримт, эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй,  хэргийн зүйлчлэлийг оновчтой хэрэглээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

Хэргийн материалаас судлан үзвэл:

3.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа : *******тай 2019 онд “Түрээсийн гэрээ” байгуулж, өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг *******,*******,*******,ны өргөтгөл 312.0 м2 талбайтай ажлын байрны зориулалттай ******* тоот үйлчилгээний талбайг 2 жилийн хугацаатай гар утас худалдааны зориулалтаар, эхний нэг жил түрээсийн төлбөр 100,000 төгрөг, хоёр дахь жилээс 120,000 төгрөг байхаар тохиролцон  гэрээ байгуулж, түрээслүүлсэн.

Түрээслэгчээс 2019.06.15-ны өдрөөс 2021.06.15-ны өдрийг хүртэлх 24 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг зарим саруудад огт төлөөгүй, зарим сар дутуу төлсөн. Нийт түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг тооцоологдсон бөгөөд үүнээс 900,000 төгрөгийг төлсөн,  Ковидын үед ажиллаагүй хоногийн төлбөрт 123,000 төгрөг хөнгөлсөн. Түрээсийн гэрээний хугацаа 2021.06.15-ны өдөр дууссан. Гэрээний 5.1-д ... төлбөрийг цаг тухайд нь саадгүй төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон боловч түрээслэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түрээсийн гэрээний үүрэгт алданги нэхэмжлэхээс татгалзсан. Иймд  түрээсийн гэрээний  үүргийн үлдэгдэл төлбөр 477,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      4.Хариуцагч ******* 2024.01.30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:   Миний бие ...үйлчилгээний зориулалттай талбайд гар утасны лангууг 2018 оноос эхлэн түрээсэлж байгаад 2020 оны 08 сараас эхлэн өөрөө ажиллуулахаа больж, хүү, охин хоёртоо өгсөн. Тэд нар 9 сараас тус лангуун дээр үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 12 дугаар сараас больсноо албан ёсоор мэдэгдэж, талбайг хүлээлгэн өгсөн.  Миний бие тус лангуун дээр ажиллаж байхдаа түрээсийн төлбөрт 800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад, өөрийн боломжоороо төлбөрийг төлж, хамгийн сүүлд өөрийн лангууг 400,000 төгрөгөөр зарж үлдэгдэл төлбөрөө хааж дуусгасан тул нэхэмжилж буй мөнгийг өгөх боломжгүй.  Түрээсийн гэрээг  би хийгээгүй. Уг гэрээн дээрх гарын үсэг минийх биш, манай хүүхдүүдийнх ч биш, 2020  оны 12 сараас хойш талбайг хүлээлгэн өгсөн байхад түрээсийн мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Миний өөрийн гарын үсэг биш гэдгийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж тогтоолгох хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргаж маргажээ. /хх-21/

5.Анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн,  гэрээ хүчин төгөлдөр байна, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдож тогтоогдоогүй, нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан “түрээсийн гэрээ”-ний үүрэгт 477,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шийдвэрийг эс зөвшөөрч ... шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж, мөн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж  тус тус дүгнэсэн атлаа гэрээний хугацаанд бодогдсон 477,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.  Учир нь хариуцагчаас гэрээг  цуцлах тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, гэрээний хугацаанд ажилласан нь түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Түрээсийн гэрээний хугацаанд бодогдсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл  477.000 төгрөгийг нэхэмжилсэн, түрээслэгч нь үйл ажиллагаа явуулахаа больсон  тухайгаа тэр даруй түрээслүүлэгч талд мэдэгдэж дараагийн түрээслэгч олох боломжоор хангаж өгөх, түрээсийн төлбөр тооцоо нийлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах ёстой байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй  буруутай үйлдэл байхад, мөн гэрээний хугацаан дахь төлбөрийг тооцоход нийт хэдэн төгрөгийн төлбөр авах нь тодорхой, түрээслэгч талд хөнгөлөлттэй байдлыг удаа дараа үзүүлсэн  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан  үзэлгүй шийдвэр гаргасан. Энэ хүний буруутай үйлдлээс маш их хохирсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргасан байна. /хх-94/

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэргийн 5-8  дугаар талд авагдсан бичгийн баримтууд, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал  зэргээс дүгнэхэд :

 7.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг *******,*******,*******,ны өргөтгөл 312.0 м2 талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх  бөгөөд тэрээр уг үйлчилгээний талбайгаа 24 сарын хугацаатай ашиглуулахаар хариуцагч *******ы эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн,  ******* нь гар утас худалдааны зориулалтаар ашиглахаар  өөрийн лангуу-г байрлуулж талбайг ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, энэ үүднээс “Түрээсийн гэрээ” гэсэн нэртэй  “гэрээ”-г 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан байна.

8.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн агуулга, шаардлагад нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь  хөлслөгчид ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан  эд хөрөнгө шилжүүлэх, хөлслөгч нь хөлслөн авсан  эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүргийг тус тус хүлээдэг.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл буюу үйлчилгээний талбайг хариуцагч нь ашиг олохоор, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор ашигтай байдлыг нь гаргаж ашигласан буюу эд хөрөнгийг хөлсөлжээ гэж үзэхээр байна.

             Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн үйлчилгээний талбайгаас хэсэгчилж ашиглуулсан байх бөгөөд зохигчдын тайлбараар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хариуцагч өөрөө бүрдүүлж,  гар утас тавьж худалдан,борлуулах  лангуу/тавиур/-г  байрлуулсан байна. 

Харин түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээдэг бөгөөд үр шим гол нөхцөл нь байдаг.

Энэ талаар  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан. Дээрх байдлаас дүгнэвэл түрээсийн гэрээний зорилго нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зорилгоос өөр гэж ойлгогдож байна.

9.Эд хөрөнгө хөлслөх гэрээний талуудын хэн аль нь  хууль болон гэрээнд зааснаар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Тухайлбал, эд хөрөнгө хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг хүлээх ба 289.2.4-д  зааснаар гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөх авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах, 289.2.7-д зааснаар  хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх  зэрэг эрхийг тус тус  эдэлнэ.

Мөн гэрээний 5.1-д ... түрээсийн төлбөрийг цаг тухайд нь саадгүй төлөх,  5.5-д түрээсийн хугацаа дуусахад “объект”-г анх байснаар нь түрээслүүлэгч талд бүтнээр хүлээлгэж өгнө, 5.8-д түрээслэгч тал ..., ... бусдад давхар түрээслэх тохиолдолд түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч буюу хөлслөгч ******* нь  үйлчилгээний талбайг хөлсөлж байх хугацаандаа бусдад шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ хөлслүүлэгчид мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй, мөн үйл ажиллагаа явуулахаа больсон даруйдаа үйлчилгээний талбайг хөлслүүлэгчид буцаан хүлээлгэн өгөөгүй зэргээр дээрх хууль болон гэрээнд  заасан  эрх, үүргээ  хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д “ хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө” гэж, 292.2-т “хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө” гэж заасан.

Мөн гэрээний 3.1.-д “түрээслэгч тал нь түрээсийн объектын түрээсийн төлбөрт эхний 1 жил сард 100,000 төгрөг төлөх, 2 дахь жилээс 120,000 төгрөг болно. Түрээсийн төлбөрийг ...1 сараар тооцон тухайн сарын 1-5 дотор бэлнээр төлнө” гэж  заажээ.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлөх, 292.4-д зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй  байх журамтай.

Иймд хариуцагч нь өөрийн буруугүйгээр “ үйлчилгээний талбай”-г ашиглаж чадаагүй  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эд хөрөнгийг ашигласны  хөлс төлөх  үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

11.Хэргийн 6 дугаар талд  *******ы түрээсийн тооцоо гэх бичгийн баримт авагдсан, уг баримтад эд хөрөнгийн хөлс төлөх болон төлсөн, хөнгөлөлт үзүүлсэн  хугацааны тооцоололыг тусгасан  байх ба үүгээр нийт төлбөр 1,500,000 төгрөг, төлсөн нь 900,000 төгрөг, хөнгөлөлт 123,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 477,000 төгрөг гэжээ.

Хариуцагч нь  дээрх баримтыг үгүйсгэж маргаагүй, энэ талаарх няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй  байна.

Түүнчлэн хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар/хх-21/-т ... миний өөрийн гарын үсэг биш гэдгийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж тогтоолгох хүсэлтэй байна гэж тусгасан байх боловч энэ талаар дахин хүсэлт бичгээр гаргаж  маргаж, мэтгэлцээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

12.Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч *******ы Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48-57,58-83/-нуудыг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргасан байх ба  хх-48-н ар хэсэгт авагдсан “хуулга”-нд  2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тоот  дансанд 25-р лангуу гэсэн гүйлгээний утгаар 100,000 төгрөгийн “зарлаг”-ын гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь хэргийн 6 дугаар талд авагдсан “*******ы тооцоо” гэх баримтад тусгагдсан төлсөн дүн /900,000 төгрөгийн/-д орж тооцогдоогүй байх тул уг  төлбөрийн дүнд оруулан төлсөн дүн-г 1,000,000 төгрөг гэж, гэрээний үүргийн үлдэгдлийг 377,000 төгрөг гэж  тооцох үндэслэлтэй гэж  дүгнэв.

13.Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн тул хууль хэрэглээний, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хасаж, гэрээний үүрэгт 377,000 төгрөгийг гаргуулах зэрэг өөрчлөлтүүдийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 135/ШШ2024/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.2-т  зааснаар хариуцагч  *******аас гэрээний үүрэгт 377,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж, 

           тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 11,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.     

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

                       

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                            

                                            ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                     Х.БАЙГАЛМАА