Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00506

          Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

 

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж, өөрийн байранд оршин байгаа “МТ Баянзүрх” ХХК /рд:2689022/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, хд39-р байр, 157 тоот хаягт оршин байгаа “Ариун дэлгэрэх хүнс” ХХК /рд:5985714/-д холбогдох,

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 36,460,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн төлөөлөгч М.Дамдинхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Ариун дэлгэрэх хүнс” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 01/16 тоот гэрээг 2016 оны 01 сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан болно. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу сар бүрийн 05-ны өдөр тооцоо нийлэн тухайн сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд 01/16 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 25,145,475 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 90 хоногийн алданги 11,315,463 төгрөг, нийт 36,460,938 төгрөгийг “Ариун дэлгэрэх хүнс” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Тус компани нь газар эзэмших эрх барьцаалсан боловч гэрээний дагуу мөнгөө авах хүсэлтэй байгаа гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ариун дэлгэрэх хүнс” ХХК нь Магнай трейд компаниас шатахуун зээлээр авахдаа өөрийн эзэмшлийн Налайх дүүрэгт байдаг газрыг барьцаалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэхүү төлбөрийг төлөх боломжгүй болоод байгаа. 1,5 тэрбум төгрөг зээлэн авч хөрс хуулах ажил хийсэн боловч шатчихлаа. Надад төлье гэсэн ч төлөх боломжгүй болчихоод байна. Барьцаалсан газраа өгөх хүсэлтэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ариун дэлгэрэх хүнс” ХХК нь “МТ Баянзүрх” ХХК-ийн нэхэмжилсэн 36,460,938 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “МТ Баянзүрх” ХХК-ийн нэхэмжилсэн, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 36,460,938 төгрөгийг хариуцагч “Ариун дэлгэрэх хүнс” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,255 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ариун дэлгэрэх хүнс” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 340,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Баянзүрх” ХХК-д буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР