Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2024/00050

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,******* нарт холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   Миний бие Дархан-Уул аймгийн *******,******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Улсын бүртгэлийн № тоот гэрчилгээний дагуу өмчилдөг.

******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

Байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сард шүүхэд гаргасан боловч ******* нь тус байранд амьдардаггүй Улаанбаатар хот, ,,,,, тоотод оршин суудаг гэсэн тайлбарыг өгснөөр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие харьяаллынх нь дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч энэхүү нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу ИХШХШ тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хамаарах онцгой харьяаллын маргаан хэмээн хүлээн авахаас татгалзсан тул дахин Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан. Иймд миний хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхон-ны 10 байрны 52 тоот орон сууцаас албадан гаргуулж өгнө үү гэжээ. /хх 2-р тал/

2.Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие нь 2022 оны 04 сараас тоот байрыг эзэн болох Нарантуяагаас сарын 300,000 төгрөгөөр түрээслэн ирсэн. Тийм учраас энэ байрны шүүх хуралд ахин дахин нааш цааш яваад оролцоод байх шаардлагагүй гэж бодож байна.******* миний бие болон гэдэг хүнийг танихгүй. Энэ байрны асуудал маргааныг өөр өөрсдийг нь оролцуулан шийдэж өгнө үү. гэжээ. /хх 129/

 3.Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

...2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний хөрөнгө оруулалттай "" ХХК нь "Ласти интенэшнл" ХХК-ийн барьж байсан "Ласти таун" орон сууцны хотхоны барилгад гадна болон дотор хаалгуудыг нийлүүлж угсарч өгөхөөр "худалдах, худалдан авах гэрээ" болон "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдаж бүх хаалганууд хийгдсэн. Ингээд "Ласти-Интернэшнл" ХХК нь нийлүүлсэн хаалгануудын зарим өр төлбөртөө миний нэр дээр "ласти таун" хотхоны 106 байрны 52 тоот орон сууцыг 43,430,000 төгрөгөөр бодож хүлээлгэж өгсөн боловч орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, гүйцэтгэх удирдлага нь олдохгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж "Ласти-Интернэшнл" ХХК-ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл олдоогүй.

Гэтэл ******* ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаж авсан байна.

"Ласти-Интернэшнл" ХХК хаалга нийлүүлсэн төлбөрийнхөө зарим хэсэг нь орон сууц өгсөн хэдий ч үлдэгдэл төлбөрөө одоо ч төлж барагдуулаагүй, гүйцэтгэх удирдлага нь ч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байдалтай байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах тул нотлох баримтууд бүрдсэний дараа хэргийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. /хх 150-151-р тал/

            4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******, хамтран хариуцагч******* нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байр, 52 тоот орон сууцыг албадан чөлөөлж, д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            а...Шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсаныг хүлээж авах үндэслэлгүй гэж өөрөө шийдвэрлэн хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ИХШХШТХ-ийн 92 дугаар зүйлийн 92.6-д: “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг ... татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэсэн байхад шүүгч хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,

            б... Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэдэг боловч үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөгүй.

... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн хуулбарын нотлох баримт гаргуулахаар хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хэрэв шүүх дээрх нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулж авсан бол хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм.

            В...."Ласти-Интернэшнл" ХХК нь нэхэмжлэгч *******тай гэрээний харилцаатай байсан гэдэг ба маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авахдаа тус компанийн ямар төлөөлөх эрх бүхий  албан тушаалтнаас шилжүүлж авсныг тогтоох шаардлагатай байсан. Гэтэл "Ласти-Интернэшнл" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

            Г....шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэртээ ямар нотлох баримт нь аль баримтыг няцаан үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй, дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. /хх 235-236-р тал/

            6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Хэргээс судлан үзэхэд:

3.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******,******* нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1х/

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. /хх129, 150, 151х/

4.*******, "Ласти-Интернэшнл" ХХК-ийн хооронд 2014 оны 4 сарын 21-ний өдөр №0/14, 2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнүүд, 2015 оны 03 сарын 31-ний өдрийн №02, 2015 оны 10 сарын 14-ний өдрийн №03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнүүд, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай Барьцааны гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг гэрээгээр ******* Дархан-Уул аймгийн *******ийн 13 дугаар хороололд байрлах, "Ласти-Интернэшнл" ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөхөөр, уг 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон гэрээний хавсралтад заасан нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалагчид барьцаалахаар харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 8-23 дахь тал/

4.1.Гүйцэтгэгч тал дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ******* нь "Ласти-Интернэшнл" ХХК-д холбогдуулан 3,000,000,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч ******* нь алданги болох 500,000,000 төгрөгөөс татгалзаж, уригдсан тал "Ласти-Интернэшнл" ХХК нь үлдэх 2,500,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

4.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад "Ласти-Интернэшнл" ХХК нь өөрийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн *******гийн төлбөрт нийт 44 айлын орон сууцыг өгөх байрны жагсаалт гарч Б блокоос маргаан бүхий 52 тоот, 41,3 мкв, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 972,850 төгрөгөөр нийт 40,178,705 төгрөгт тооцож шилжүүлэхээр хөрөнгийн үнэлгээ тогтоож, улмаар төлбөр авагч *******гийн өмчлөлд шилжүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 184 дүгээр тал/

4.3 Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх хүсэлтийн дагуу Б блокоос маргаан бүхий 52 тоот болон 20 орон сууцыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 7 дахь тал/

5.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс ирүүлсэн нотлох баримтаар худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар Чино доорс монголиа ХХК нь "Ласти-Интернэшнл" ХХК-тай Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13-р хороололд баригдаж буй 144 айлын Ласти таун хотхоны 2 блок барилгад 527 ширхэг буюу 190,520,000 төгрөгийн хаалга нийлүүлэхээр 2015 оны 4 сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээ мөн өдрөө 202 ширхэг гадна хаалга, 325 ширхэг дотор хаалга суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг ажлын төлбөрт 10Б дугаар байрнаас 5 тоот, 52 тоот, 68 тоот, нийт 3 ширхэг 1 өрөө байрыг, 1 м.кв-ыг нь 1,100,000 төгрөгт тооцож нийт 136,290,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг Т.Чинбатын нэр дээр гаргуулахаар хүсэлт гаргаж байсан. Уг гэрээний дагуу төлбөрт авсан маргаан бүхий 52 тоот байрыг ******* 2017 оны 5 сарын 15-ны өдөр "Ласти-Интернэшнл" ХХК-тай 142 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны Б блокны 2 орцны 4 давхрын 52 тоот, 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 45,430,000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хавсралтад төлбөрийг 100 хувь төлөхөөр график байгуулсан ба байрны түлхүүрийг 2018 оны эхээр ******* авсан /хх-ийн 154-162 дахь тал/ зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

6.Өөрөөр хэлбэл “Ласти” ХХК Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны Б блокны 2 орцны 4 давхрын 52 тоот, 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг *******д Хөрөнгө оруулалтын гэрээ, барьцааны гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 11-нд шилжүүлж, ******* 2019 оны 02 дугаар сарын 21-нд уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, харин ******* буюу "" ХХК нь 2017 оны 05 сарын 15-ны өдөр "Ласти-Интернэшнл" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт маргаан бүхий 52 тоот орон сууцыг 43 430 000 төгрөгт тооцож, эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

7.Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч *******, хамтран хариуцагч******* нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байр, 52 тоот орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7.1.Хариуцагч ******* буюу түүний "" ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр "Ласти-Интенэрнэшнл" ХХК-тай "Ласти таун" орон сууцны хотхоны барилгад гадна болон дотор хаалгуудыг нийлүүлж угсарч өгөхөөр "худалдах, худалдан авах гэрээ" болон "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд "Ласти таун" хотхоны 10б байрны 52 тоот орон сууцыг 43 430 000 төгрөгт тооцон, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, эзэмшилдээ шилжүүлэн авсан байх боловч нэхэмжлэгч ******* анх "Ласти-Интернэшнл" ХХК-тай 2014 оны 4 сарын 21-ний өдөр №0/14, 2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнүүд, 2015 оны 03 сарын 31-ний өдрийн №02, 2015 оны 10 сарын 14-ний өдрийн №03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнүүд, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай Барьцааны гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч болсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэн авч буй хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх үүргээ  биелүүлээгүйгээс дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь нэхэмжлэгч *******д үүссэн байна.

7.2.Тодруулбал ******* 2014-2016 онд буюу *******гаас өмнө "Ласти-Интенэрнэшнл" ХХК-тай өмчийн хэлцлийг хийж, улмаар 2019 онд өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна.

Харин *******гийн хувьд худалдах, худалдан авах амлалтыг агуулсан үүргийн хэлцлийг "Ласти-Интенэрнэшнл" ХХК-тай байгуулсан, энэхүү үүргийн хэлцэлд үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг "Ласти-Интенэрнэшнл" ХХК-иас шаардах эрх *******д үүснэ. Ийнхүү өмч шилжүүлэх үйлдлийг өмчийн хэлцэл гэх ба үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчийн хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр бодит эзэмшил шилжсэнээр байгуулагдсанд тооцох учиртай.

"Ласти-Интенэрнэшнл" ХХК Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхон-ны 10 б байрны 52 тоот орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч *******д шилжүүлээгүй буюу өмчийн хэлцэл хараахан байгуулагдаагүй байна.

******* болон "Ласти-Интенэрнэшнл" ХХК-ийн хооронд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх өмчийн хэлцэл байгуулагдаагүй тул өмчлөх эрх худалдан авагч *******д үүсээгүй гэж үзнэ.

7.3.Хариуцагч******* “....маргаан бүхий байрыг хөлсөлж амьдардаг, байрны асуудал надад хамааралгүй, өөрсдийг нь оролцуулж асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан ба хэрэгт эд хөрөнгө хөлслөх гэрээ авагдаагүй, тэрээр ямар хугацаагаар байрыг хөлсөлсөн, эд хөрөнгө ашигласны хөлс хэдэн төгрөг төлсөн нь буюу хууль ёсоор байрыг эзэмшиж байсан эсэх нь тодорхойгүй байх ба байрыг суллаж өгөхгүй гэж маргаагүй. Иймд*******ийн эзэмшлээс 52 тоот байрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэгийн хүсэлтээр 2023 оны 3 сарын 15-ны өдрийн 135/ШЗ2023/01639 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар г татан оролцуулсан боловч түүний овог, нэр, регистрийн дугаарыг тодруулсны эцэст******* болохыг тодруулж дахин хамтран хариуцагчаар татан оролцуулсан үндэслэлээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хамтран хариуцагч гаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гомдолдоо ...Шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсаныг хүлээж авах үндэслэлгүй гэж өөрөө шийдвэрлэн хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.Учир нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д: “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг ... татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэсэн байхад шүүгч хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарах тул шүүгч татгалзлыг өөрөө шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

8.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэдэг боловч үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөгүй.... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн хуулбарын нотлох баримт гаргуулахаар хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хэрэв шүүх дээрх нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулж авсан бол хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм” гэсэн гомдлын хувьд *******гийн 52 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа бүрдүүлж өгсөн баримтууд, мөн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтад хамаарахгүй тул анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1705 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д нийцэж байна.

8.2 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..."Ласти-Интернэшнл" ХХК нь нэхэмжлэгч *******тай гэрээний харилцаатай байсан гэдэг ба маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авахдаа тус компанийн ямар төлөөлөх эрх бүхий  албан тушаалтнаас шилжүүлж авсныг тогтоох шаардлагатай байсан. Энэ асуудлыг тодруулахын тулд "Ласти-Интернэшнл" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан ба шүүх энэ талаарх хүсэлтийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нэг үндэслэл болсон гэж үзэж байна” гэсэн гомдол гаргасан.

Хариуцагчийн зүгээс ..."Ласти-Интернэшнл" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэснээс ямар нэг этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөх боломж бүрдэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд тухайн этгээдийг шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

Энэ хэрэг шийдвэрлэснээс ..."Ласти-Интернэшнл" ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ..."Ласти-Интернэшнл" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

8.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудтай харьцуулан судалж бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.Учир нь хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас өмнө ..."Ласти-Интернэшнл" ХХК-тай гэрээний харилцаанд орж тус орон сууцыг өмчлөлдөө хүлээн авч өнөөдрийг хүртэл түүний өмчлөлд байна гэж үндэслэх хэсэгтээ бичсэн хэрнэ дүгнэлт хийгээгүй. Гэтэл энэ байдал нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэртээ ямар нотлох баримт нь аль баримтыг няцаан үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй, дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй” гэсэн гомдлын хувьд анхан шатны дээрх үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй ч давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хуулийг тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийсэн тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

    

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

                                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА