Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2024/00051

 

 

“*******” ХК-ийн Дархан бизнес төвийн
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 20,015,233.27 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******тай ЗГ******* цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******тай тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар хэд, хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөхгүй. Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн 12,432,842 төгрөг, үндсэн хүү 7,113,533.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477,847.96 төгрөг хугацаа хэтэрсэн 800 хоног нийт 20,015,223.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу 20,015,223.27 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх1-2-р тал/

2.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2011 оноос хойш одоог хүртэл группэд байдаг онош  “не сахар диабейт, тархины хатингаршил”, Биеийн байдал - ой санамж муу, маш мартамхай ганцаардмал, ууртай архины хамааралтай. Хамтран амьдрагч байсан Ш.Баяржаргалтай гэр бүлийн баталгаагүй. 2010 онд төрсөн өргөмөл охинтой сум багаас нь *******ийг хүүхэд асран хамгаалах чадваргүй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэж үзсэн.

*******наас 2018 оны 09 дүгээр сард цалингийн зээл авсан үндсэн зээлдэгч *******ын хамтран зээлдэгч гэж үзсэн. Үндсэн зээлдэгч Ш.Баяржаргалыг нас барснаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэл ирүүлсэн. Уг зээлийг ******* төлөх үндэслэлгүй.

******* нь 280,000 төгрөгийн тэтгэмжээс өөр орлогогүй.  ******* нь цалингийн зээл авахад цалингийн зээлийн гэрээнд ******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг ******* төлөх үндэслэлгүй. Мөн банк хамтран зээлдэгч *******ийн хөрөнгө, орлогыг тодорхойлоогүй. Банк эрсдэлээ бодолгүй хамтран зээлдэгчээр *******ийг гарын үсэг зуруулсан байсан.

Мөн *******ын цалингийн зээлийг барьцаалсан. *******т ямар ч хөрөнгө байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үндсэн зээлдэгч нас барснаар уг зээл дуусгавар болохоор хуульчилсан. *******ын бүтэн жил амьд байх хугацаанд нь цалингийн зээлийг нь төлүүлэхгүй байж байгаад шүүхэд хандсан нь сонин байна гэжээ. /хх 36-37-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
            Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд эрх, үүрэг хүлээж хамтран зээлдэгчээр орж өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зурсан нь ямар нэгэн байдлаар зээлийн гэрээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэж байгаа бол талуудын хооронд ямар хуулийн зохицуулалтаар гэрээ байгуулагдаагүй шаардах эрхгүй гэж үзсэн нь тодорхойгүй.

Энэхүү цалингийн зээл нь үндсэн зээлдэгч ******* дээр судлагдан зээл олгогдож хамтран зээлдэгч ******* мөн эрх, үүрэг хүлээн оролцсон нь давхар *******ийн зээлийн шаардлага хангасан эсэх талаар судлах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх 133-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,015,223.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч маргажээ.

Хэргээс судлан үзвэл:

4."*******" ХК нь зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ******* тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалин барьцаалан зээл олгож, зээлийг *******ын ******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан болох нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ******* тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-11/

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар зээлдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 5,951,265.70 төгрөг төлсөн байх ба  2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 17-21, 43/

5.Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй,  харин нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч ******* нас барсан, хамтран зээлдэгч ******* нь гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч *******оос шаардаж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь банкны шаардлага хангаагүй, хөдөлмөрийн чадвар алдалттай, группийн мөнгөнөөс өөр орлогогүй хүнийг хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй, ******* нь өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байдаг, зээлийг төлөх үндэслэлгүй гэж  тус тус маргасан байна. 

6.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

7.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид зээл олгосон, хариуцагч гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх "*******" ХК нь хамтран зээлдэгч *******ийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээнд хариуцагч ******* энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар тусгаагүй, нэхэмжлэгч тал *******ийг өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байдаг гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

8.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж  заасан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч ******* нь хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр дээрх хуульд заасны дагуу үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

9.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан.

Хамтран зээлдэгч ******* нь өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байгаа нь түүнийг эрх зүйн бүрэн чадамжгүй болсон гэж үзэж зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

 Мөн тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00394 дугаартай шийдвэрээр хариуцагч *******ийг эрх зүйн чадамжгүйд тооцсон байх боловч энэ нь  өмнө хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авч хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт нийт  20,015,223.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХК-д олгох нь зүйтэй байх тул  энэ үндэслэлээр  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

            “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан хариуцагч *******оос 20,015,223.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХК-д олгосугай” гэж 

            2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 258,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258030 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ                                                           

                                                 ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН